Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

  1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тогтоолоор журмын 5.1.1.4-д /салбар эрх зүйн мэдлэгийн сорилын асуултад хариулах аргаар 90 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр сорилын асуултад хариулна. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр сорилын асуултад хариулахыг сугалаагаар тодорхойлно./, 5.2.1.4-д /салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгийг сорилын асуултад хариулах аргаар 90 минутын хугацаанд шалгах, 10 хүртэл оноогоор үнэлэх./, 5.3.1.5-д /эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хяналтын журмаар болон бусад асуудлыг хянан шийдвэрлэх мэдлэгийг сорилын асуултад хариулах аргаар 90 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх./ гэж заасан сорилын шалгалтыг хасаж, бусад шалгалтын төрөлд өөрчлөлт оруулав. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн эхний 2, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн эхний 3 шалгалтын нийлбэр оноо 30 хүрээгүй бол сүүлийн шалгалтад орох эрхгүй байхаар түүнчлэн нэр дэвшигчийн гүйцэтгэлийг үнэлэх ажиллагаанд шинжээч оролцуулах зохицуулалтыг нэмж тусгав. Тус тогтоолыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д /Шүүгч энэ хуулийн 43.3-т заасан сэлгэн ажиллах хугацаа дууссанаар урьд ажиллаж байсан шүүхэд эргэн ажиллах баталгаагаар бүрэн хангагдана./,  “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ын 5.5-д /Сэлгэн ажиллах хугацаа дуусмагц шүүгчийг урьд ажиллаж байсан шүүхэд үргэлжлүүлэн ажиллуулна./ гэж заасны дагуу 1 шүүгчийн сэлгэн ажиллах хугацааг дуусгавар болголоо.

 

  1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д /шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан/, 47 дугаар зүйлийн 47.6-д /Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно./ гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 1 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 4 дүгээр улирлын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд цахимаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулав. Цахим хяналт-шинжилгээ, үнэлгээгээр илэрсэн алдаа, зөрчлийн тоо 2024 онд 23982 байсан бол 2025 оны IV улиралд 17908 болж, 25.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ