Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар тогтоолоор дараах шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.
№ | Шүүхийн нэр, албан тушаал | Орон тоо |
1 | Монгол Улсын дээд шүүхийн шүүгч (Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан) | 1 |
Нийт | 1 |
Шалгалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.
Нэг.Шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага:
- эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;
- шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадлагаатай байх;
- хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
- шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх;
- шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан;
Хоёр.Шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:
Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн нь анхан шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:
- эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;
- хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (хуульчийн гэрчилгээ);
- төрийн албан хаагчийн анкет (А болон Б хавсралтын хамт)
- Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт; /маягтыг ЭНД дарж татаж авна уу/
- гэрлэлт (гэрлэсний бүртгэлтэй, эсхүл бүртгэлгүй болон гэрлэлт дуусгавар болсон, сэргээсний)-ийн лавлагаа;
- шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан материал хүлээн авах хугацаанд гаргуулж авсан шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа; /Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журмын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Журамтай ЭНД дарж танилцана уу./
- Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
- Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг хангасан тухай нотлох баримт.
Өргөдөлд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна. Өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.
Өргөдөл, хавсралт баримт бичиг нь материал хүлээн авах бүртгэлийн хугацааны доторх буюу 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн (Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан) огноотой байна. E-mongolia.mn цахим системээс авч болох баримтыг эх хувиар шаардахгүй.
Шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хавсралт баримт бичгийг хууль тогтоомж, журамд зааснаар бүрэн бүрдүүлж, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл (Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан) хугацаанд цаасан болон цахим 2 хэлбэрээр ирүүлнэ. Цахим хэлбэрээр http://selection.judges.mn/ системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээлгэн өгнө.
Гурав.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа
Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш (Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан) 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгаж нэр дэвшигчээр бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргана. Нэр дэвшигчээр бүртгэх тухай тогтоолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас болон шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим системээр, бүртгэхээс татгалзсан тогтоолыг шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим системээр тус тус мэдээлнэ.
Дөрөв.Сонгон шалгаруулалтын хуваарь, шалгалтын хэлбэр:
Шалгалт өгөх хэлбэр, хуваарийг 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор (Энэ хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан) Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулна.
Тав.Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч:
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч нөөцөд бүртгэгдсэн оноогоор эрэмбэлэгдэх хүсэлтэй бол сонгон шалгаруулалтад орохгүй байж болох ба шаардлага хангасан баримт бичигтэйгээр шинээр бүртгүүлнэ.
Нөөцөд бүртгэлтэй нэр дэвшигч сонгон шалгаруулалтад оролцох бол нөөцөд бүртгэгдсэн оноо нь хүчингүй болж сонгон шалгаруулалтын үнэлгээгээр шинээр эрэмбэлэгдэнэ.
Зургаа.Бусад:
Нэр дэвшигч ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг шүүхэд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлэх, шүүгч шилжин ажиллах зорилгоор ижил төрлийн адил шатны шүүхэд нэрээ дэвшүүлэх тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим системийн заавартай сайтар танилцана уу.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон цахим системээс “Баталгаажилтын хуудас”-ыг хэвлэж ирэхийг анхаарна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ