Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн жишиг ногоон танхимд өчигдөр (2024.05.29) Нийслэлийн 295 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд зочилж, шүүхтэй танилцлаа. Тэд шүүгч болон тоглож, өөрсдийн өдөр тутамд болдог маргааны зөв бурууг дэнслэв. Дэлгэцэнд үзүүлсэн дүрслэлийг үзээд буруу зөв гэсэн тэмдгээс сонгож өргөхдөө алдаа гаргахгүйг хичээн анхааралтай хандана.
Шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүгчийн сандал, нөмрөг, хууль, алх гээд бүхий л зүйл тэдэнд сонихон байгаа нь илт. Шүүхийн танхимд цаг гаруй саатахдаа уйдсан шинж огтхон ч алга. Ийш тийш сониучирхан харж, шүүгч зөв бурууг шийдэхдээ ингэдэг хэмээн алхаа тогшиж үзүүлэхэд “тасс” хэмээн хөгжилдөн инээлдэнэ. Шүүх хуралдааны дэг сахиулагч “цагдаа ах” ч тэдэнд бас сонирхолтой байв. Шүүх хурлын үеэр чимээ гаргаж, сахилгагүйтвэл цагдаа ах “гавладаг”гэж байна хэмээн багш нь хэлэхэд хэсэг томоотой болсноо төд удалгүй шуугилдана.
Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн хамтарсан сургалтын үеэр ӨМӨЗО-ны Учуань мужийн Ардын шүүхийн намын хорооны дарга, ерөнхий шүүгч Ао Дэ цэцэрлэгийн буюу 5-6 наснаас нь хүүхдийг шүүхтэй танилцуулж, тоглоомын аргаар буруу зөвийг танин мэдүүлэх, эрх зүйн боловсрол олгож эхэлдэг тухай өөрсдийн шүүхийн туршлагаасаа хуваалцсан. Цэцэрлэгийн багачуудыг шүүхтэй танилцуулах аялалд зориулж, аялалын бяцхан “галт тэрэг” хүртэл зэхсэн байх бөгөөд үүндээ өндөр ач холбогдол өгдөг нь илт. Шүүхтэй танилцах аялал нь бяцхан зочдын сонирхлыг татсан маш нарийн хөтөлбөртэй. Шүүхийн тухай хүүхэлдэйн кино, шүүгчийг дүрсэлсэн баатар, дүр гээд хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон, сонирхолтой учраас хүүхдийн танин мэдэхүйд маш үр дүнтэй сургалт болдог байна.
Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. “Хүн тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдах нь үнэн” болохоор хүүхдийг нялх, бага гэж гололгүй, буруу зөвийг ухааруулж, эрх зүйн боловсролыг сургуулийн өмнөх наснаас нь тоглоомын аргаар олгох сайн туршлагаас Монголын шүүхэд хэрэгжүүлэхээр зорьж, шүүхийн үүд хаалгыг багачуудад нээх анхны алхмыг ийнхүү хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг санаачлан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал ажил хэрэг болгон бяцхан хүүхдүүдэд шүүхийн танхимд тоглонгоо суралцах боломжийг энэ өдөр бүрдүүлсэн юм.
Тус шүүхийнхэн хүүхдүүдийг хүлээн авахад маш их сэтгэл гаргасан нь илт байлаа. Бяцхан зочдод зориулж, шүүгчийн шар өмсгөл, буруу зөвийг дэнслэх тэмдэг, мэргэжлийн сургагч багш, хүүхдэд зориулсан хөтөлбөрийг богино хугацаанд сэтгэл гарган бэлтгэжээ. Шүүхтэй танилцаад гарахад нь хүүхдийн гар цайлгах сүү зэхэхээ ч мартсангүй.
Шүүхтэй танилцаад, сүүгээр дайлуулаад гарсан хүүхдүүд баяр хөөртэй. “Том болоод би шүүгч болно” гэж нэг нь хэлэхэд “Тэгвэл би цагдаа болно” гэсээр урам зориг дүүрэн шүүхтэй танилцсан аялалаа өндөрлөлөө.
СУРГАГЧ БАГШ Л.БАДАМЦЭЦЭГ: ХҮҮХДЭД БАГААС НЬ БУРУУ ЗӨВИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Цэцэрлэгийн хүүхдүүдийг шүүхтэй танилцуулах хичээлийг боловсруулахдаа Та юун дээр илүү анхаарсан бэ. Өмнө нь энэ төрлийн сургалт хийж байсан уу?
Нийгмийн хэм хэмжээнд зохицон амьдрах чадвар бүхий иргэн төлөвшүүлэхэд сургуулийн өмнөх боловсрол бол хамгийн чухал суурь болж өгдөг. Гэхдээ яг шүүхтэй, шүүгчтэй танилцуулах энэ салбарын мэргэжлийн онцлог гэдэг талаас нь би анх удаагаа энэ сургалт явагдаж байна гэж бодож байна. Ирээдүйд өөрийгөө аваад явах, энэ нийгэмд амьдрах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд янз бүрийн салбарын мэргэжлийн онцлогийг танилцуулах хичээлүүд ордог. Энэхүү сургалтыг явуулахад сургагч багшаар ажиллаач гэдэг саналыг аваад яг үнэндээ шүүхийн байгууллагаас ийм санал тавьсанд би маш их баярласан. Шүүх иргэдэд нээлттэй, ил тод болохын зэрэгцээ хүүхдүүдэд багаас нь эрх зүйн боловсрол олгоход анхаарч байгаа нь сайхан санагдсан.
Бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг нэгдүгээрт харлаа, хоёрдугаарт хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хүүхдүүд бие биенийхээ эрхийг зөрчихгүй байх, жаахан том болоод үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөхгүй байх, өөрсдийн эрхийг хамгаалах талаас нь сургуулийн өмнөх наснаас эрх зүйн боловсролыг олгож эхлэх нь маш чухал. Сургуулийн өмнөх насны хүүхдэд нийгмийн хэм хэмжээг ойлгуулахдаа болно, болохгүй, сайн муу үйл гэдэг ойлголтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж хичээлийн арга зүйг бэлтгэсэн.
Шүүхтэй танилцах хичээл ямар хугацаанд үргэлжлэх вэ, хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа гэж байдаг байх?
Хичээлийн нийт хугацаа 20 минут. Бага насны хүүхэд нэг үйл ажиллагаан дээр анхаарал төвлөрөх хугацаа 5-8 минут байдаг. Тэгэхээр 5-8 минутын дараа дахиад өөр үйл ажиллагаа хийхгүй бол хүүхдийн анхаарал сарнидаг. Сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлэх гол хэрэгсэл бол тоглоомын арга. Тийм учраас энэ хөтөлбөрт тоглоомын аргыг нэлээд оруулсан. Хүүхдүүд шүүх танхимд шүүгч болох, шүүгчтэй харилцан ярилцаж, тэдний ажилдаа хэрэглэдэг эд зүйлийг өөрийнхөө мэдэрхүйгээр харж, сонсож, барьж имэрч үзнэ. Өөрөө шүүгчийн ширээн дээр сууж үзэх гэх мэтээр сонирхолтой байлгах талаас нэлээд анхаарсан. Үүнээс гадна хүүхдийн анхаарлыг татах нэг арга бол урлаг байдаг. Тиймээс “Сайн уу муу юу аль нь вэ хө” гээд хүүхдийн дууг сонгож авсан.
Хичээлийн үр дүнгийн талаар тодруулья. Энэ төрлийн сургалтыг сургуулийн өмнөх боловсролын системд тусгавал ямар үр дүн гарна гэж бодож байна вэ?
Ер нь шүүгч, шүүхийн тухай ойлголт цэцэрлэгийн хүүхдэд битгий хэл насанд хүрэгчдийн хувьд хол сэдэв шүү дээ. Яг шүүхэд хандах хэрэгцээ гарлаа гэж бодоход айдастай байдаг. Шүүхийн байгууллагаар явна гэдэг бол айдастай. Гэтэл энэ бол яг үнэндээ айх зүйл биш. Үнэн худлыг дэнслүүлж, өөрийгөө ямар эрх нь зөрчигдсөн гэдгээ хуулийн хүрээнд шийдүүлж байна. Өнөөдөр нэгнийхээ тоглоомыг булааж, үсдэж байгаа хүүхэд бусдад бууж өгдөггүй бол том болоод хүчирхийлэгч болж магадгүй шүү дээ. Тэгэхээр багаас нь буруу зөвийн тухай ойлголтыг олгох хэрэгтэй. Сургуулийн өмнөх боловсролд зайлшгүй энэ чиглэлийн хөтөлбөр байх ёстой. Үнэхээр болж, бүтэхгүй зүйл тохиолдвол эрхээ хамгаалуулах газар нь шүүх, хуулийн систем. Хуулийн үндэслэлтэйгээр зөв бурууг дэнсэлж өгдөг газар бол шүүх. Шүүх нийгмийн нэг эд эс, байх л ёстой газар. Тэгэхээр багаас нь эхлээд буруу зөв, хэм хэмжээг ойлгуулах нь чухал. Тэгж байж энэ нийгэмд гэмт хэрэг буурна. Ирээдүй маань тайван сайхан нийгэмд амьдрах боломж бүрдэнэ шүү дээ..
Ярилцсанд баярлалаа.
Г.Буянхишиг