Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежтой хамтарсан 12 дахь удаагийн сургалт энэ сарын 12-25-ны өдөр БНХАУ-д үргэлжилж байгаа юм. Сургалтын хүрээнд өнөөдөр (2024.05.15) ӨМӨЗО-ны Дээд шатны Ардын шүүхэд зочилж, тус шүүхийн шүүгчидтэй хоёр орны шүүхийн тогтолцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцлоо. 
       Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгээр ахлуулсан Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын төлөөлөл, ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн дарга Ян Вэньжун болон тус шүүхийн ахлах шүүгчид оролцсон юм. 

 

       ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн дарга Ян Вэньжун “Хятадын өнөөгийн нөхцөл байдал, шүүхийн зохион байгуулалтын талаар та бүхнийг тодорхой мэдээлэл авсан гэж найдаж байна. Хятадын шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, эвийн журмаар маргааныг шийдвэрлэхийг тэргүүн эгнээнд тавьж байгаа. Ард түмний дунд үүссэн зөрчлийг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээж буй. Бүх шүүхүүд нь нийгмийн тогвортой, аюулгүй байх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлж байна. ӨМӨЗО-ны шүүх нь хойд хилийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна” гэв.
       ӨМӨЗО-ны шүүх нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цахимжуулалтыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд цахим хавтаст хэрэгт бүрэн шилжсэн байна. Шүүхийн цахимжуулалтын зэрэгцээ эвлэрүүлэн зуучлалыг дэмжих болон шүүгчдийн сургалт, давтан сургалтад тус шүүх онцгой анхаарал хандуулж байгаа аж. 

 


       Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг “Монгол Улсын шүүхийн тогтолцоо” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, Эрүүгийн хэргийн шүүхийн талаар зарим онцлох мэдээллийг хуваалцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг “Хятад улсад ирсэн бидний гол зорилго бол танай шүүхийн цахимжилтын талаар туршлага солилцоход чиглэсэн. Аливаа улсын шүүхэд нийтлэг тулгамдсан асуудал байдаг юм байна. Энэ юу вэ гэхээр шүүгчийн ажлын ачаалал. Шүүгчийн ажлын ачааллыг шийдвэрлэх нэг гарц нь шүүхийн цахимжуулалт гэж бид харж байгаа. Өмнөх жилд Монгол Улсын анхан шатны шүүхийн нэг шүүгч 276 хэрэг шийдвэрлэсэн байдаг. Монголд нэг онцлог нь шүүгчийн зохист ачаалал гэж байдаг. Хятад улсад жил тутамд шүүхээр шийдвэрлэж байгаа хэрэг, маргааны тоо өсөж байгаа юм байна. Манай Монгол Улсад жилд дунджаар хэргийн тоо 15-20 хувиар өсч байна. Цаашид ч энэ өсөлт хадгалагдана гэдэг тооцоог бид хийж байгаа. Тийм учраас дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, цахимжуулахыг зорьж байна. Өвөрмонголын Захиргааны болоод иргэний хэргийн шүүхүүд цахимжилтыг бүрэн нэвтрүүлсэн байна гэж ойлгосон. Тэгэхээр бид шүүх дээр очиж, цахимжилттай танилцах нь ач холбогдолтой. Тиймээс манай улстай хил залгаа байгаа Өвөр Монголын шүүхийнхэн захиргаа, иргэн, эрүүгийн хэргүүдийг цахимжуулаад эхэлсэн байгаа нь бидний сонирхлыг их татаж байна” гэв. 
       ӨМӨЗО-ны Дээд шатны Ардын шүүхийн ахлах шүүгч Ван Вэнжүн “Өвөр Монголын шүүх цахимжуулалтыг алгуур эхлүүлсэн. Анх нэхэмжлэлийг цахимаар авахаас эхэлсэн. Шүүгч, ажилтнуудад цахимжуулалтад дасах цаг хугацаа бас шаардлагатай байдаг. Ер нь бүх шүүхүүдэд мэдээллийн технологийн тусгай хэлтэс байдаг. Цахимжуулалттай холбоотой асуудал гарлаа гэхэд шүүгч тэднээс тусламж авдаг. Цахимжуулалтад шүүгчдийн санал, бодлыг тусгаж, улам сайжруулахад анхаарч байгаа. Мэргэжлийн технологийн хэлтсүүд бол программыг сайжруулахад анхаардаг. Харин шүүгчдийн хувьд зөвхөн программ дээрээ ажиллахад анхаардаг” гэлээ. 

 

       Хэлэлцүүлгийн үеэр шүүхийн цахимжуулалт, нээлттэй ил тод байдлын талаар болон дагнасан шүүх, шүүгчийн аюулгүй байдлын талаар харилцан ярилцаж, туршлага солилцлоо. 
       Дараа нь ӨМӨЗО-ны шүүхийн мэдээллийн нэгдсэн төв буюу шүүхийн нэгдсэн ухаалаг цахим системтэй танилцсан юм. Энэхүү системд шүүхэд нэхэмжлэл хүлээж авахаас шийдвэрлэх хүртэлх хэргийн хөдөлгөөний бүхий л мэдээлэл байхаас гадна, шүүгч тус бүрээр хэргийн шийдвэрлэлтийн мэдээллийг харж болох бололцоотой аж. Түүнчлэн бусад төрийн байгууллагуудын нэгдсэн ухаалаг системтэй холбогдох боломжтойгоос гадна, мэдээллийн аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангажээ. Цахим системд хиймэл оюун ухаан ашиглаж, хэрэг маргааны төрөл, зүйл анги, тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүний шийдвэрлэсэн хэрэг зэргийг нарийвчлан ангилж харуулах боломжийг нэмэгдүүлсэн байна. Энэхүү ухаалаг цахим системийг 2020 онд 10 сая юань буюу 470 сая орчим төгрөгөөр анх хийлгэсэн бөгөөд шинэчлэлтийг тогтмол хийж, сайжруулж байгаа аж. 

 

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс