Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.10.29) хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, О.Жанчивнямбуу, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Олон улсын зөвлөх Жиоржи Чхиедзе, төслийн менежер Н.Одонтуяа, зохицуулагч Б.Баясгалан нар оролцов.

 

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд шүүх эрх мэдлийн ил, тод нээлттэй байдлыг бэхжүүлэх зорилтыг Шүүхийн ерөнхий зөвлөл тэргүүлэх чиглэлээ болгож, бодлогын баримт бичигт тусгасныг онцлохын зэрэгцээ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг үргэлж дэмжин ажилладагт талархаж буйгаа илэрхийлэв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүдээс шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичиг, стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах арга хэмжээг шинэ түвшинд хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдаад, төслийн хүрээнд хэрэгжсэн шүүхийн хөтөч ажиллуулах, мэргэшсэн шүүхийн сэтгүүлч бэлтгэх сургалт үр дүнтэй болсон талаар онцлон тэмдэглэв.

 

Мөн шүүх эрх мэдлийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирч байгаа хэдий ч үл ойлголцох асуудлууд байсаар байгаа тул цаашид стратегийн баримт бичгийн хүрээнд  шүүхийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг төлөвшүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтын механизмыг дэмжих, олон нийтэд хүргэх мэдээллийн чанар, найдвартай байдлыг сайжруулах, шүүхийн олон нийттэй харилцах ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар санал солилцлоо.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР