Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 42 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны сургалтын 2024 оны нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу “Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтны мэргэшүүлэх болон давтан сургалт”-ыг өнөөдөр /2024.05.03/ нийт шүүхийн Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч, архивч нарт танхим болон цахимаар зохион байгуулав.

            Сургалтыг нээж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар үг хэлсэн юм.

 

 

        Тэрээр 2023 онд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу Шүүхийн тусгай архив, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын архивын баримтад 6 жилд нэг удаа хийгддэг улсын нэгдсэн тооллогыг салбарын хэмжээнд амжилттай хийж дуусгасан. 2024 онд бүх шүүхийн Тамгын газар устгах хэргийн акт жагсаалтаа үйлдэж  байна. Баримт устгалын ажлыг зохион байгуулах нь барилга байгууламжийн хүрэлцээ дутмаг шүүхийн тамгын газрын хувьд чухал ач холбогдолтой юм.

         Мөн Монгол Улсын цахим хөгжил, түүний дотор шүүх эрх мэдлийн цахим шилжилтэд архивчид та бүхний хичээл зүтгэл үлэмж хувь нэмэртэй, энэхүү амжилтыг цаашид бататган ахиулахад өнөөдрийн сургалт чиглэгдэж байгаа. Нийт шүүхийн Тамгын газруудад архивчдын ажлын байр тогтворгүй, шинэ тутам солигдсоор байгаа нь анхаарал хандуулах асуудлын нэг болж байгаа тул цаашид архивчдын ажлын байрыг ур чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнээр хангах, эрх зүйн байдал, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, мэргэшүүлэх зэргээр бодлогын түвшний олон талт ажиллагаа биднийг хүлээж байна. 

        Шүүхийн захиргааны байгууллага, Шүүхийн тусгай архивын Баримт нягтлан шалгах арга зүйн комисс архив бичиг хэргийн ажилтнууд  та бүхний ажлын байрны онцлог, ачаалал, зогсолтгүй эмх цэгц, шуурхай байдал шаарддаг нөр их хөдөлмөрт хүндэтгэлтэй хандах ёстой гэв.

     Сургалтыг Архивын ажлын зохион байгуулалт, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулалт, баримтын хадгалалт, хамгаалалт сэдвээр Архивын Ерөнхий газрын архивын ахлах мэргэжилтэн С.Пүрэвсүрэн, Архивын баримтын тоо бүртгэл, баримт ашиглалтын тоон мэдээ гаргахад анхаарах асуудал сэдвээр Архивын Ерөнхий газрын архивын баримтын тоо бүртгэл статистик хариуцсан мэргэжилтэн Л.Өнөртуяа, мөн Архивт эрүү, зөрчлийн хэргийн баримт хүлээн авах, шилжүүлэх ажлын арга зүй, анхаарах асуудлууд, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх арга зүй сэдвээр Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын дарга Ж.Ичинхорлоо нар орлоо.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс