Монгол Улсын Засгийн газрын урилгаар НҮБ-ын шинжээчдийн баг бүрэлдэхүүн 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Монгол Улсад айлчилж, төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид, иргэний нийгэм, төрийн бус байгууллага зэрэг өргөн хүрээний төлөөлөлтэй уулзалтууд зохион байгуулжээ.
Энэ үеэр хамгийн их яригдаж байсан асуудал нь шүүхийн санхүүжилтийн туйлын хангалтгүй байдал гэв.
Үүнээс гадна Улаанбаатар хотод Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх; Сэлэнгэ аймгийн прокурорын газар, Сүхбаатар сумын Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх; Мандал суман дахь Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүрэг дэх Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд биечлэн очиж танилцжээ.
Мөн Дархан хотын Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, ажилтнуудтай цахим уулзалтаар ярилцсан байна.
Монгол Улсад шүүхийн хараат бус байдал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхтэй холбогдох асуудлаар хийсэн тэдний урьдчилсан ажиглалт дүгнэлт, эхний зөвлөмжүүдийг НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт хүргэлээ.
Энэ удаагийн айлчлалыг оруулаад 2004 оноос хойш тусгай механизмын хүрээнд нийт 12 мандат Монгол Улсад айлчилжээ. Энэ нь Монгол Улс нь хүний эрхийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хариуцлагатайгаар биелүүлж буйг илтгэж байна гэв.
Хоёрдугаарт, Монгол Улс нь улс төр, нийгмийн ардчилсан тогтолцоонд шилжиж, 1992 онд Үндсэн Хуулиа баталснаас хойш шүүх тогтолцоог шинэчлэн сайжруулахад ихээхэн хүчин чармайлт, ололт амжилт гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн үед хийгдсэн шинэчлэлд олон талт оролцоог хангаж, гол оролцогч талуудын үзэл бодлыг тусгасанд гүн сэтгэгдэл төрж, аливаа шинэлэг санаачилга нь нотолгоонд суурилсан аргачлалд үндэслэж байгааг сайшаав. 2019 онд Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулсан нь шүүхийн тогтолцоог шинэчлэх чухал алхмуудын үндэс болжээ.
Гуравдугаарт, удаах шинэчлэл өөрчлөлтүүд нь аль хэдийн хэрэгжих гэж байгааг онцоллоо. УИХ-ын өнөөгийн чуулганаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, 24 цагийн үйл ажиллагаатай Шүүх байгуулах тухай хэлэлцэж байгаагийн зэрэгцээ Гэр бүлийн асуудал эрхлэх дагнасан шүүх байгуулах саналыг хэлэлцэж байгааг онцлоод энэхүү хоёр дахь санаачилга /жижүүрийн Шүүх/ нь шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагааг гүйцэтгэсний улмаас үүсэх дур зоргоор баривчлах эрсдэлийг бууруулахад ихээхэн тус нэмэр болно гэв. Мөн Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжийг хянан хэлэлцэхээр төлөвлөж байгааг сонслоо. Энэхүү хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтүүд нь шударгаар шүүлгэх баталгаа болох сэжигтнийг цаг тухайд нь ямар нэгэн саадгүй өмгөөллийн үйлчилгээ авах боломжоор хангахын сацуу баривчилгаа нь дур зоргоор явагдахгүй байх баталгааг өгч байна. Үүнд, өмгөөлөгчид ажиллах зохих нөхцөл, цаг алдалгүй үйлчлүүлэгчтэйгээ харилцах, нотлох баримтуудтай танилцах боломжоор хангаснаар тэдэнд ажил үүргээ чөлөөтэй гүйцэтгэх боломжоор олгох асуудал ч орох юм.
Эдгээр шинэчлэлийн алхам бүр нь зөв чиглэлд хийж байгаа нэн чухал ахиц дэвшил юм. Эхний ээлжид хийж буй дүн шинжилгээ, зөвлөмжүүд нь Монгол Улсын шүүхийн бие даасан хараат бус байдал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг чөлөөтэй хэрэгжүүлэх, хүн бүрийн хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлэн хадгалах, дэмжих зорилготой юм.
ШҮҮХ ТОГТОЛЦООНЫ ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ:
Шүүхийн санхүүжилт туйлын хангалтгүй байна
Шүүгчийг тодорхой, бодитой, мэргэжлийн ур чадварт суурилсан шалгуураар томилох нь зүйтэй. Үүний хүрээнд, Монгол Улсад шүүгчийг сонгон шалгаруулах нарийн нягт журмыг бүрдүүлсэн бөгөөд энэхүү үйл явцыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг байна. Шүүгчийн тусгай сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн мэдлэг, мэргэжлийн чадавхийн аль алиныг үнэлдэг ажээ.
Жишээ нь, шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйл, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан шүүгчийг томилох тухай саналыг буцаах бүрэн эрх нь хэтэрхий өргөн цар хүрээтэй байгааг онцгойлон тэмдэглэж байна. Ерөнхийлөгчийн энэхүү бүрэн эрх нь эрх мэдлийн хуваарилалтын хараат бус байдалд нөлөөлөх эсхүл Монгол Улсын ихээхэн анхаарал хандуулж ирсэн шүүх тогтолцоонд нэр дэвшигчийг томилуулан ажиллуулах замд саад учруулахгүй байх эрсдэлийг арилгахад дараа даараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Айлчлалын үеэр, 2013, 2017, 2019 онуудад шүүгчдийг огцруулсан хэд хэдэн тохиолдол гарсан талаар сонссон гэв. Эдгээр шүүгчдийн зарим нь өнөөг хүртэл дахин томилогдоогүй байна. Эдгээр мэдээлэл нь хатагтай Маргарет Саттертвэйтийн сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж байгаа бөгөөд үйл явдлыг сайтар ойлгохын тулд эдгээр хэргийг цаашид нягтлан судлах болно гэв. Шүүгч нарыг албан тушаалаас нь огцруулж, дахин томилоогүй явдал нь эл уеэс хойш тэдний цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжид хэрхэн нөлөөлсөн, энэхүү шийдвэрийн учир шалтгааныг тогтоохыг зорих болно гэлээ.
Шүүгчийг албан тушаалаас нь огцруулахад ч (хууль ёсны арга замаар энэхүү шийдвэр гарсан ч гэсэн) тэдний шударга шүүхээр шүүлгүүлэх, шүүхээр хэргээ хянан хэлэлцүүлэх эрхийг хангах ёстой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Шүүгчид нь олон улсын хүний эрхийн стандартын дагуу хэргээ шударгаар хянан шийдвэрлүүлэх эрхээ эдлэх ёстой.
Хараат бус байдал, эрх мэдлийн хуваарилалтын хамгийн чухал баталгааны нэг нь шүүхийн төсвийн хангалттай бөгөөд хараат бус байдлыг хангах явдал юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн төсвийн саналыг Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан УИХ-д өргөн барьдаг гэж ойлгосон ч энэхүү заалт нь өнөөг хүртэл бүрэн хэрэгжээгүй байна. Энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах арга хэмжээ авахыг Монгол Улсаас хичээнгүйлэн хүсэж байна.
Мөн айлчлалын үеэр хамгийн их яригдаж байсан асуудал нь шүүхийн санхүүжилтийн туйлын хангалтгүй байдал юм. Энэ асуудлыг шүүхийн тогтолцооны бүх түвшний оролцогчид болон тус тогтолцооны гадна ажилладаг мэргэжилтнүүд ч илэрхийлж буй нь анхаарлыг нь татсан гэв. Тэрбээр олон төрлийн шүүх хуралдааны танхимд зочилж байсан бөгөөд туйлын хангалтгүй дутмаг санхүүжилтийн үр дагаврыг өөрийн нүдээр харсан гэв. Дотоодын холбогдох стандартад нийцэхгүй байгаа шүүх хуралдааны танхимын тоо хангалтгүй байгааг шүүмжлэв. Шүүх хурлын танхимууд нь халаалт, агааржуулалтгүй, олон нийтэд хуралдааны үйл явцыг ажиглахыг зөвшөөрөх нь битгий хэл хэргийн оролцогчид болон тэдний төлөөлөгчдийг байрлуулах зай талбай хангалтгүй байна.
Дүүргийн хэд хэдэн шүүхийг нэг түрээсийн байранд байрлуулж, шүүх хуралдааныг явуулахын тулд шүүгчид ээлжийн зарчмаар шүүх хуралдааны танхимыг ээлжлэн ашиглах шаардлагатай байдаг тухай сонссоън гэв. Арав гаран жилийн хугацаанд улсын хэмжээнд шүүхийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийгдээгүй, мөн хугацаанд шүүгчдийн цалингийн хэмжээг нэмэгдүүлээгүй байна.
Санхүүжилтийн энэхүү дутмаг байдал нь шүүгчдийн ажиллах нөхцөл, шүүхээр дамжуулан шударга ёсыг эрэлхийлж буй хүмүүст үлэмж их сөргөөр нөлөөлжээ. Шүүхүүдийн цалин бага, ажлын нөхцөл тааруухан тул хүмүүс ажилд орох хүсэлтээ илэрхийлэхгүй байгаагийн улмаас олон шүүхэд шүүгч, шүүгчийн туслахын сул орон тоо нөхөгдөх боломжгүй байна. Үүнтэй холбогдуулан, олон шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй байна. Зарим шүүхэд, ялангуяа Улаанбаатар хотод ийм нөхцөл байдал үүссэний улмаас шүүгчдийн ажлын ачаалал нь дааж давшгүй их нөхцөл байдалд хүрчээ. Мөн шүүхийн зохион байгуулалт тааруухан, боловсон хүчний хомсдол нь шүүгч, шүүхийн ажилтнууд, шүүхээр үйлчлүүлэх иргэдэд аюулгүй байдлын эрсдэлийг үүсгэж байгааг сонсон байна.
Зарим шүүхийн шүүгч, ажилтнууд шүүхийн байранд орж/гарахдаа хэргийн оролцогчидтой ижил орц/гарцыг ашиглахаас өөр аргагүй байгаа нь тэднийг халдлага эсхүл хүчирхийлэлд өртөх эрсдэлд хүргэж байна. Олон шүүх хуралдааны танхимын хэмжээ маш жижиг байгаа нь шүүгч, хэргийн оролцогчдыг бие биетэйгээ ойрхон суухад хүргэж байна. Энэ нь зарим тохиолдолд онц ноцтой гэмт хэргийн гэрч, амьд үлдсэн хохирогч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хажууд суух болдог нь тэдний аюулгүй байдалд заналхийлж, дахин хохирогч болох эрсдэлийг үүсгэж байна.
Үүний шийдэл нь мэдээж санхүүжилтийг нэмэгдүүлэх явдал ч ганц энэ аргаар хязгаарлагдахгүй. Шүүхийн санхүүгийн хараат бус байдлыг урт хугацаанд хангахын тулд бүтцийн өөрчлөлтийг илүү тогтвортой хийх нь зүйтэй байна. Үүний тулд, Монгол Улсын төсвийн жишиг хувийг шүүх засаглалд хуваарилж, энэ хуваарилалтыг хуулиар баталгаажуулахыг хүслээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нь эл жишиг дүнг улсын төсвийн 2 хувиар тогтоох саналыг өмнө нь гаргаж байсныг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ийм хэлбэрийн санхүүгийн баталгаатай болсноор шүүхүүдийн дэд бүтэц, цалингийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх асуудлыг хангаад зогсохгүй, шүүхийн үйл ажиллагаа, үр дүнтэй ажиллах явдлыг дээшлүүлэхэд шаардагдах олон төрлийн өөрчлөлтийг эхлүүлэх боломж бүрдэх юм. Үүнд, шүүхийн тогтолцоог цахимжуулах орж байна.
Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд одоогийн байдлаар ачаалал ихтэй байгаа шүүгчдийн ажлын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Монгол Улсын шүүхүүдийн бүсийг өөрчлөх саналыг тусгажээ. Өнөөгийн шүүхийн тогтолцоонд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг оролцогч талууд, тэр дундаа шүүгч, орон нутгийн шүүхээр үйлчлүүлэгчдийн санал бодлыг харгалзан үзэх боломжийг хангаж оролцооны журмаар явуулах нь чухал юм. Хэрэв шүүхийн бүсчлэл шинээр тогтоох бол шүүгчийг хууль зөрчин шилжүүлэх, албан тушаалаас нь огцруулах, дахин томилохгүй байх явдлаас хамгаалах шаардлагатай гэж зөвлөж байна. Шүүхийн бүсчлэлийн өөрчлөлтийн тухай шийдвэр нь хуульд заасан ил тод, бодитой, шударга шалгуурт үндэслэсэн байх ёстой. Үүгээр зогсохгүй, дахин бүсчлэх төлөвлөгөө нь шүүхүүдийг хүртээмжтэй байлгах, ялангуяа шүүхээс хол байдаг үйлчлүүлэгчдэд шударга ёсыг эрэлхийлэхийн тулд илүү хол замыг туулах ачааллыг үүрүүлэхгүй байхад анхаарах нь чухал юм.
ПРОКУРОРУУДЫН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ:
Прокурорын томилгоо, сахилгын шийдвэр гаргах бие даасан бүтэц дутагдаж байна
2021 онд батлагдсан Шүүхийн тухай хууль нь шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлсний нэгэн адил прокурорын байгууллагыг дотоод хяналтын шугам, гаднын нөлөөлөл зүй бус хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалахын тулд хуулийн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Сонгон шалгаруулалт явуулах аргачлал нь олон нийтийн итгэл, шүүх прокурор, хуульчийн мэргэжлийн хүндэтгэлийг хадгалах нь чухал юм. Энэхүү Мандат нь нэг субъектээс Улсын Ерөнхий Прокурорыг томилохоос илүү төрийн өөр өөр байгууллагуудын хамтын шийдвэрийн үр дүнд тус албан тушаалтныг томилох нь зүйтэй гэж өмнө нь зөвлөж байсан. Энэхүү зөвлөмжийн дагуу Улсын Ерөнхий Прокурорыг томилох үйл явцыг дахин харгалзан үзэхийг Монгол Улсын эрх баригчдад үүгээр зөвлөж байна.
Харин, бусад прокуроруудын хувьд олон нийтийн дунд сонгон шалгаруулалт явуулах нь прокурорын байгууллагад өндөр чадвар бүхий нэр дэвшигчийг сонгон шалгаруулах бодит арга зам болно гэж өмнө нь энэхүү Мандат зөвлөж байсан. Сонгон шалгаруулалт, албан тушаал дэвшүүлэн тохиолдох үйл явцын аль аль нь хөндлөнгийн нөлөөлөл, аливаа талд давуу байдал/санал өгөх зэргээс хамгаалахын тулд ил тод явагдах ёстой. Ажилд орох этгээдийг мэргэжлийн ур чадвар, туршлага дээр үндэслэж сонгон шалгаруулснаар чиг үүргээ хараат бусаар объеъктив шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Хуульчийн сонгон шалгаруулалтаас гадна прокурорын сонгон шалгаруулалтыг авч хэрэгжүүлж байгаа шалгалт одоогоор байхгүй, прокурорын томилгоо, сахилгын шийдвэр гаргах бие даасан бүтэц дутагдаж буйг тэмдэглэн олон нийтэд нээлттэй, бодитой шалгуур, ил тод, мэдлэг ур чадварт суурилсан прокурорын ажил мэргэжлийн замыг бий болгохыг уриаллаа.
Эдгээр зорилгод хүрэхийн тулд Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөлтэй адил прокуроруудын томилгоо, сахилга бат, албан тушаалаас чөлөөлөх асуудалд хяналт тавих эрх мэдэл бүхий бие даасан, прокурорын байгууллага байгуулахыг харгалзан үзэхийг зөвлөж байна.
Шүүх тогтолцоонд өгсөн ерөнхий зөвлөмжийн нэгэн адил, прокурорын цалингийн хэмжээ нь тэдний авч хэрэгжүүлдэг ажил үүргийнх нь өндөр ач холбогдлыг тусгах ёстой бөгөөд энэ нь хараат бус, бие даасан байдлын томоохон хэсэг болохыг зайлшгүй анхаарах шаардлагатай юм.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧӨЛӨӨТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ:
Өмгөөлөгчид мэргэжлийн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны улмаас шийтгэл хүлээх ёсгүй
Шүүгч, прокурорын хараат бус байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээний талаар цохон тэмдэглэсний дараа хэлэлцэх шаардлагатай удаах асуудал нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулж, Монгол Улсын нийт иргэдийн эрхийг хамгаалахад өмгөөлөгчдийн гүйцэтгэдэг чухал үүрэг юм.
Монгол Улсад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорууд, өмгөөлөгчдийн эрхийг тэнцвэржүүлэх, мэтгэлцэх зарчмыг бэхжүүлэх, талуудын тэгш байдлыг хангах тал дээр ахиц дэвшил гаргах нь зүйтэй гэж бодож байна. Энэ зорилгод хүрснээр өмгөөлөгчдийг чухал ажил үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдэх юм. Үүнд, үйлчлүүлэгч болон нотлох баримтад цаг тухайд нь нэвтрэх эрхээ эдлэх, нотлох баримтыг хуулбарлах, ашиглах боломжоор хангагдах явдал багтаж байна.
Шударгаар шүүлгэх эрхийг хангахад хуульчид чухал үүрэгтэй байдгийг санаж байна. Өмгөөлөгчид нь мэргэжлийн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны улмаас шийтгэл хүлээх ёсгүйг онцлон тэмдэглэж байна. Өмгөөлөгч болон тэдний гэр бүлийнхэнд заналхийлж байсан тухай сонссон гэв. Өмгөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хуулийн шинэчлэл өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх гэж байгааг сайшаалаа.
ШҮҮХЭД ИТГЭХ ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭХ ТУХАЙ:
Олон нийтийн сүлжээ нь гол суваг болж буйг шүүмжиллээ
Монгол Улсын олон нийт болон шүүх засаглал хоорондын харилцаа холбоотой холбогдох асуудлыг урьдчилсан дүгнэлтийнхээ эцэст танилцууллаа. Аливаа шударга ёсны тогтолцооны бат бөх байдал нь олон нийтэд найдвартай, хуульт ёсны, үр дүнтэй гэж хүлээн зөвшөөрөгдөхөөс хамаарна. Гэвч, иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн судалгаагаар шүүх засаглалд итгэх итгэл тааруухан байгааг илтгэх ажээ.
Хүн бүр эрх тэгш оролцох шударга тогтолцоог бүрдүүлэхэд шүүх, өмгөөлөгчид ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг Засгийн газрын зүгээс олон нийтэд сайтар тайлбарлан ойлгуулах боломжийг энэхүү үйл явдал олгож байна.
Нийтийн сүлжээ нь шүүгчдийг дайралтад оруулах, мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбар өгөх, өмгөөлөгчдийг үйлчлүүлэгчидтэй нь тодорхойлох гол суваг болсонд санаа нь зовж байна гэлээ. Ялангуяа, төрийн өндөр албан тушаалыг хашиж буй хүмүүсээс энэ төрлийн дайралт ирж байгааг сонсоод маш их эмзэглэлээ. Үүнтэй холбогдуулан, энэхүү асуудлыг цаашид нарийвчлан судлах болно гэв.
Ил тод байдал нь итгэлцлийг бий болгох үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Харамсалтай нь санхүүжилтийн хомсдол нь шүүхийн ил тод байдалд сөргөөр нөлөөлсөөр ирсэн нь дамжиггүй. Өмнө дурдсанчлан, зарим шүүх хуралдааны танхим нь маш жижиг хэмжээтэй байгаа нь олон нийт, тэр дундаа сэтгүүлчдэд шүүх хуралдааныг ажиглахад хүндрэлтэй нөхцөл эсхүл бүр боломжгүй болгож байна. Мөн, олон шүүгчид үлэмж их ажлын ачаалалтай байгаа нь хэргийн шийдвэрийг тодорхой хугацаанд бичгээр гаргаж өгөх нөхцлийг хязгаарлаж байна. Зарим шүүгч нар нь шийдвэрээ тайлбарлахдаа товч, энгийн үг хэллэг ашиглаж байгаагаа дуулгажээ. Энэхүү эерэг туршлагыг сайшааж Монгол Улсын хэмжээнд шүүхүүдэд тогтсон нэг мөр жишиг болоосой гэж бодож байна. Мөн, шүүхийн бүх шийдвэр нь хүний эрхийн тухай хуулийн холбогдох тодорхой заалтыг ишилсэн үндэслэл бүхий тайлбар гаргах нь зүйтэй.
Шүүх тогтолцоог нийгмийн өргөн цар хүрээ бүхий төлөөллөөс бүрдүүлбэл тус бүтцийг хууль ёсны болон бүх нийтэд нээлттэй болохыг илтгэх үзүүлэлт болдог. Монгол Улсыг ялгаварлан гадуурхахтай тэмцэхийг уриалж, нийгмийн бүхий л гишүүдийг хууль эрх зүй, шүүх, прокурорын байгууллагад ажиллахыг уриаллаа. Итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд Монголд амьдарч буй хүн бүр шүүхэд хандаж, шударгаар шүүлгүүлж, шударга шийдвэр гаргуулна гэдэгтээ итгэлтэй байх нь чухал юм. Жич, эдгээр эрхээ бүрэн эдлэхэд хүндрэлтэй байгаа хэд хэдэн нийгмийн бүлэг давхаргын тухай сонссон гэв.
Дэд бүтцийн хангалтгүй нөхцөл байдал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мөрдөн шалгах ажиллагаа, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход хүндрэл учруулж байна. Шүүх хуралдааны олон танхим нь тэргэнцэртэй хүн нэвтрэх боломжгүй байгааг шүүмжлэв. Мөн харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд шударгаар шүүлгүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Брайл үсгээр бичсэн материал байдаггүй эсхүл дохионы хэлний орчуулагчаар хангагддаггүй болохыг сонссон. Эдгээр иргэдийг оролцуулаад бүх нийтэд хүртээмжтэй болохын тулд шүүгч, шүүхийн ажилтнууд, өмгөөлөгч зэрэг шүүхийн тогтолцооны бүх оролцогчдод нэмэлт сургалт явуулах шаардлагатай.
Мөн, дотны хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн хэргүүдтэй холбогдох шүүхийн шийдвэрт хийсэн иргэний нийгмийн байгууллагуудын судалгаанаас харахад хэргийн оролцогчид нэг хаалгаар ордог, нэг хүлээлгийн өрөөнд хүлээдэг, аюулгүй байдлын хяналт, аюулгүй байдлыг хангах зорилгоор дагалдан явах ажилтан томилогддоггүй зэрэг нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ хангалтгүй байгааг илтгэж байна.
Энэхүү судалгаагаар хохирогчийг буруутгах, жендэрийн хэвшмэл сөрөг хэв маягт оруулах нь хохирогчийг дахин сэтгэл зүйн гэмтэлд оруулдаг болохыг онцолсон бөгөөд зарим шүүгчийн зүгээс ч ийм хандлага ажиглагддаг байна.
ЛГБТ нийгэмлэгийг ялгаварлан гадуурхсан хэргүүд нь хуулийн хэт ерөнхий томьёоллоос болж шүүхийн шатанд хүрдэггүй бөгөөд шүүхийн ажилтнуудад нэмэлт сургалт боловсролын үйл ажиллагаа шаардлагатай байгааг тэмдэглэж байна. Нэмж дурдахад, энэ нийгэмлэгийн гишүүд нь хууль эрх зүйн туслалцаа авахад хүндрэлтэй байдаг байна. ЛГБТ иргэдийг зохих ёсоор хамгаалж, шүүхэд хандах эрхийг нь хангах зорилгоор холбогдох хуулийн ялгаварлан гадуурхахаас хамгаалах заалтуудыг олон улсын жишигт нийцүүлэх нь зүйтэй юм.
Монгол Улсын өргөн уудам газар нутаг нь шударгаар шүүлгүүлэх эрхээр хангагдахад бэрхшээл учруулж болзошгүй юм. Малчид болон уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хөдөө орон нутгийн иргэдэд онцгой саад бэрхшээл тулгарч магадгүй юм. Алслагдмал хөдөө орон нутгийн иргэдэд шударга ёсны үйлчилгээг хүргэхээр урт удаан замыг туулж буй шүүгчдийн талаар сонссон бөгөөд энэ нь сайшаалтай арга барил юм. Жич, ийм хэлбэрийн ажил гүйцэтгэхдээ шүүгчдэд аливаа санхүүгийн дэмжлэг тусгагддаггүй болохыг сонссон. Ийм хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхийн тулд шүүгчдийн сайн санааны хүсэл зориг, хувийн нөөц бололцоог ашиглах нь зохисгүй бөгөөд тасралтгүй байж чадахгүй юм.
Засгийн газар нь шүүхүүдийг хөдөө орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор байршлыг нь тогтоож, хөдөө орон нутгийн иргэдтэй ажилладаг шүүгчид шударга ёсны үйлчилгээг шаардлагатай тохиолдолд эдгээр иргэдэд хүргэхийн тулд системтэй санхүүжилт, дэмжлэг өгч байх ёстой.
Ерөнхийдөө, шүүх засаглалыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үл ялгаварлан гадуурхах, хүний эрхийн олон улсын конвенцуудтай холбогдох сургалтад хамруулж, санхүүжилтийг нь хангаснаар шүүх эрх мэдлийн биет болон процессын хүртээмжийг хүн бүрт хүртээмжтэй болгох боломжтой бөгөөд үүнийг ч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн төлөөх тэмцэлд Монгол Улс бас нэгэн үнэ цэнтэй нөөц эх үүсвэртэй байна. Олон нийтийн эрх зүйн боловсролд Дэлхийн жишигт нийцсэн арга барилыг авч яваа Монгол Улсын Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн шинэлэг үйл ажиллагаа өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэв. Тус хүрээлэн нь хууль зүйн мэдээллийн онлайн портал, хууль эрх зүйн туслалцааны лавлах утас, чат, фэйсбүүк хуудсуудыг ажиллуулж, долоо хоног бүр подкастаар дамжуулан мэргэжилтнүүдээс өгөх хууль эрх зүйн зөвлөгөөг түгээдэг байна. Мөн, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 2500 гаруй хууль эрх зүйн Хөтөч нарын сүлжээг бэлтгэжээ. Хууль эрх зүйн чадавхийг дээшлүүлэх эдгээр үйл ажиллагаа нь хууль эрх зүйн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, олон нийтийг шударга ёсны тогтолцоотой хамтран ажиллах боломжийг хангах асар их нөөц боломжтой юм.
ДҮГНЭЛТ:
Монгол Улс нь шүүхийн хараат бус байдлыг бий болгож, баталгаажуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг чөлөөтэй хэрэгжүүлэхэд томоохон хүчин чармайлтууд гаргажээ. Гэхдээ энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Ингэхдээ, энэхүү таатай мөчийг ашиглаад, энэхүү үйл хэрэгт бүх оролцогч талуудыг хамтран ажиллахыг уриаллаа. Монгол Улс энэ боломжийг ашиглан хүний эрхийг дээдэлсэн, хараат бус шүүхийн тогтолцоо руу чиглэсэн өөрчлөлт, шилжилтээ бататгах ёстой гэв.
Эх сурвалж: gogo.mn