Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. 

 

      Үүний дагуу нэр бүхий шүүх бүрэлдэхүүнээс “шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б, А.Б нар нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүхийн шийдвэрийг олон нийтэд буруу ташаа байдлаар тайлбарлан түгээж, нууцын зэрэглэлтэй хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын нэрийг нийтэд зарлаж, шүүх бүрэлдэхүүнийг зүй бус үг хэллэгээр доромжлох зэргээр нөлөөлөхөөр оролдсон” гэх үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэсэн.

 

            Өмгөөлөгч Г.Б, А.Б нарын дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, А.Б нарт тус бүр 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм.

 

       Өмгөөлөгч Г.Б, А.Б нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

                                                             

 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ

СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ АЛБА