Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн (2023-2025) хаалтын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хийлээ.  Тус төслийг Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институтийн бүтэц, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг улсын хэмжээнд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 сарын хугацаатай амжилттай хэрэгжүүллээ.  

 

Хаалтын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О. Оюунзул, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Мөнгөнцэцэг, гишүүн Р. Онончимэг,  Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлените, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш. Жолбарс, тус холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороон тэргүүн Д. Түмэнжаргал, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн Удирдах зөвлөлийн дарга Б. Сэргэлэн, төслийн баг, хамтран ажилласан зөвлөхүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл  оролцлоо.

 

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгээс дурдвал:

  • Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэг болох "Бодлого, хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулах" үйл ажиллагааны хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын талаарх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн болон эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо, хэрэгжилтийг судлан тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, олон улсын сайн туршлага болон үүнээс гарсан санал зөвлөмжид үндэслэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад дагалдах судалгаануудыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/45 дугаар тушаалаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн цуврал уулзалтууд болон олон нийт рүү чиглэсэн үе шаттай хэлэлцүүлгийг төслийн түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүллээ.
  • Төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг болох "Эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэх" үйл ажиллагааны хүрээнд эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан “Арилжааны эвлэрүүлэн зуучлал” сэдэвт сургалтын хөтөлбөрийг боловсруулж, гарын авлагыг 300 хувь хэвлүүлж, 30 Сургагч багш бэлдэж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүүх дэх болон хувийн 60 гаруй эвлэрүүлэн зуучлагч нарыг сургалаа. Мөн төслийн хүрээнд боловсруулсан "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах журам"-д үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар хэрхэн явуулах талаар цахим сургалтыг 100 гаруй шүүх дэх болон хувийн эвлэрүүлэн зуучлагч, болон тэдний туслахуудад цахимаар явууллаа.
  • Төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох "Олон нийт болон бизнес эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах" үйл ажиллагааны хүрээнд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, тэр дундаа цахимаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа  нь шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх (ADR) үр дүнтэй ажиллагаа болох талаар сурталчлан таниулах кампанит ажлыг телевиз, интернэт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, ЖДҮ эрхлэгч, бизнесийн болон хуулийн салбарын төлөөлөлд цуврал хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгууллаа. Мөн бизнес эрхлэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид гэрээндээ тусгахаар ашиглах боломжтой эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаан шийдвэрлүүлэх загвар заалтуудыг хэд хэдэн сонголтоор, удирдамжийн хамт боловсруулж, олон нийтэд түгээн сурталчилж, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлсэн.

ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.  https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia

 

 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ