ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД ЗОРИУЛСАН ДАВТАН СУРГАЛТ

 

Ерөнхий мэдээлэл:

Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд шүүхийн сургалтын Баяндөхөм төвд зохион байгуулсан бөгөөд сургалтад сум дундын болон анхан шатны шүүх дэх 43 эвлэрүүлэн зуучлагч, 5 эвлэрүүлэн зуучлагчийн туслах хамрагдсан юм.              

 

Сургалтын  зорилго:

Шүүхийн бус журмаар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хэрэг, маргааныг шийдвэрлэх ажиллагааны стандартыг гүнзгийрүүлэн судалж, хөдөлмөрийн, гэр бүлийн, зээлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахад эвлэрүүлэн зуучлагч эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэв.

 

 

Сургалтын агуулга:

  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, доктор З.Сүхбаатар, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны стандарт”
  • Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга, гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхол ба барьцаа хөрөнгө”
  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн, доктор С.Болормаа “Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог” 
  • Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл “Зээлийн маргааныг эвлэрүүлэн зуучлахад анхаарах зарим асуудал”
  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Л.Өлзийхүү “Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог”,
  • Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд “Гэр бүлийн маргааны талуудын сэтгэл зүй”
  • ‘’Монгол өмгөөлөгч’’ ХХН-ийн өмгөөлөгч Б.Оюу, Япон улсын Өмгөөлөгч Ока Хидео нар “Япон дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн үеийн хандлага”,
  • Архивын ерөнхий газрын мэргэжилтэн Ш.Дариймаа “Архив, албан хэрэг хөтлөлт”
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Р.Ичинхорлоо “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2016 оны үндсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ” 
  • Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн багш Ж.Сэлэнгэ, “Эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан шалтгаан, нөхцөлд хийсэн дүн шинжилгээ”
  • Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн М.Баясгалан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах зарим асуудал”

            Мөн сургалтад оролцогчид Баяндөхөм сургалтын төвд мод тарьж чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлсэн юм.

  

            Сургалтын арга зүй, зохион байгуулалт:

Сургалтыг лекц-презентэйшн толилуулах, асуулт-хариулт, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг оролцооны аргаар зохион байгуулав.

 

Сургалтын ирц:

Сургалтын өдрүүдэд ирц 97,9 хувьтай байв. 1 оролцогч эрүүл мэндийн шалтгааны улмаас сургалтын 2, 3 дахь оролцоогүй.

 

Сургалтын үнэлгээний дүн шинжилгээ:

Сургалтад оролцогчид сургалтын хэрэгцээ зорилгодоо нийцсэн гэж 100 хувь нь сайн болон маш сайн, хүлээсэн үр дүндээ хүрсэн гэж 92.3 хувь нь сайн болон маш сайн, мэдлэг ур чадвар дээшилсэн гэж 97.4 хувь нь сайн болон маш сайн, сэдэв сонголтыг 100 хувь нь сайн болон маш сайн, тараах материалыг 56.4 хувь нь сайн болон маш сайн, сургалтын хугацаа тохиромжтой эсэх дээр 94.9 хувь нь сайн болон маш сайн гэж тус тус үнэлсэн байна. Сургалтын гарын авлага, тараах материалд 2,6 хувь нь муу, 7,7 хувь нь дунд гэж үнэлснийг цаашид анхаарах шаардлагатай.

Сургалтаар онолын мэдлэг чадвар олгохын зэрэгцээ Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2016 оны тайлан, эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, Япон дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн үеийн чиг хандлагыг судалснаараа ач холбогдолтой байлаа.

 

---oOo---