Итали Улсын Шүүхийн шүүгч асан, Итали улсын Писа дахь Шүүхийн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн КИБЕР ШҮҮХ ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини, Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош, Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Маргит Лаури нар Монгол Улсад энэ сарын  20-31-ний өдрүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд Европын шүүхийн туршлага солилцох уулзалт ярилцлагыг өнөөдөр шүүхийн сургалтын “Баяндөхөм” сургалтын баазад зохион байгуулж байна.

 

 

      Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Э.Зоригтбаатар, А.Насандэлгэр, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах,  Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа болон Ажлын албаны нэгжийн дарга нар оролцсон юм.

 

      Итали Улсын шүүхийн шүүгч асан, Итали Улсын Писа дахь Шүүхийн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл (CEPEJ)-ийн КИБЕР ШҮҮХ ажлын хэсгийн ерөнхийлөгч Мария Жулиана Сивинини Шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой Европын туршлагаар танилцуулга хийлээ. Европын орнуудад шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг дадлагажигч шүүгчээр тодорхой хугацаанд (12-24 сар) ажилласны дараа ажилласан тайланг нь үндэслэж цаашид шүүгчээр ажиллуулах эсэхийг шийддэг байна. Монголд шүүгчийн шалгалтад тэнцсэн шүүгчдийг тодорхой хугацаанд сургах боломж олгохгүй шууд томилдог нь жаахан учир дутагдалтай санагдсан талаар тэрбээр хэлж байлаа.

 

  

 

      Австри улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош “Австрид эрүү, иргэний шүүгч болон захиргааны шүүгчийг өөр системээр шалгаруулдаг. Захиргааны шүүх бол 2014 онд эмхлэгдэн байгуулагдан шинэ тутам байгаа учраас энгийн шүүх шиг олон жилийн түүх, туршлагагүй. Австрид улсад бол хуульч нь эрх зүйн магистр зэрэгтэй байх ёстой. Үүний дараа шүүх дээр 7 сарын турш дадлага хийдэг. Дараа нь шүүгчийн шалгалтыг иргэний болон эрүүгийн эрх зүйн бичгийн шалгалт өгөөд, сэтгэлзүйн бичгийн тест болон аман шалгалт өгдөг. Хууль зүйн яам болон давж заалдах шатны шүүхээс шалгалтыг авдаг. Үүнд тэнцвэл 4 жилийн турш шүүх, прокурор, нотариат дээр тойргоор ажиллаж, практикт суралцдаг. Албан ёсны сургалтын төвд давхар сургалтад хамрагддаг. Эрчимжүүлсэн 21 хоногийн сургалтад хамрагдаад 5 дахь өдөр болгон оройн хичээлд суудаг. Зөвхөн эрх зүй гэлтгүй, бусад ерөнхий мэдлэгийн хичээл заадаг. Тухайлбал харилцааны ур чадвар, эвлэрүүлэн зуучлал, авлигын эрсдэл, компьютер техниктэй харилцах, илтгэх ур чадвар, Европын хүний эрхийн шүүх дээр очиж 14 хоногийн танилцах аялал хийгээд 3 жил энэ маягаар дадлагажиж явж байгаад шүүгчийн шалгалтаа өгдөг. Шалгалтаа давсны дараа шүүгчээр ажиллах, прокуророор ажиллахаа сонгодог” талаар танилцуулсан юм.

 

 

      Түүнчлэн шүүгчийн сонгон шалгаруулалтын систем үйл ажиллагааг сайжруулах, Шүүхийн бие даасан байдлыг баталгаажуулах нь- Зөвлөлийн үүрэг, Шүүхийн захиргааны зохион байгуулалт, шүүхийн захиргааны нийт ажилтны тоо, шүүхийн Тамгын газрын ажилтнуудын ажлын ачааллыг тооцох арга, шүүгчийн сонгон шалгаруулалтад зориулсан шүүхийн практик мэдлэг, хувийн мэргэжлийн ур чадварын шалгалтын агуулга, Гүйцэтгэлийн үнэлгээ, Шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчдын бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг, Шүүхийн хараат бус төсөв зэрэг сэдвийн хүрээнд Европын экспертүүд туршлагаасаа хуваалцаж, сонирхсон асуултад хариулж байна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс