Р.Батрагчаа: Монгол Улсын зургаан шүүх жилд 575 сая төгрөгөөр байр түрээсэлж байна

 

       Өмнө нь шүүхийн байр хүрэлцээгүйн улмаас хүүхдийн эрх зөрчиж байгаа асуудлаар  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сурвалжилга бэлтгэсэн. Энэ удаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаатай ярилцлаа.

   

-Энэ оны улсын төсөвт шүүхийн байр шинээр барих хөрөнгө оруулалт суусан болов уу?


-Манай шүүх бүх хөрөнгө оруулалтаас орхигдчихдог байгууллага болсон. Энэ жил улсын төсөв хэлэлцэх үеэр 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналаа өгсөн. Үүний 75 тэрбумыг Яармагт баригдаж байгаа шүүхийн цогцолбор барилгад зарцуулахаар төлөвлөсөн. Мэдээж нэг жилийн дотор 75 тэрбум төгрөгөөр барилга шууд барьчих боломжгүй. Тиймээс энэ жилдээ 25 тэрбум төгрөгийн санал оруулаад, ямар ч байргүй шүүхийн асуудлаа шийдүүлэх, зарим дүүргийн шүүхийн байрыг өргөтгөх гээд нийт 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хүсэлт тавьсан ч аль аль нь шийдэгдээгүй.

       Өөрөөр хэлбэл энэ жил манайд шинэ барилгын хөрөнгө оруулалт тавигдсангүй. Бид урсгал зардлаа танаад 1.4 тэрбум төгрөг гаргаад байна. Үүгээрээ л ирэх ондоо амь торгоох нь. Энэ мөнгөөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 117 шүүхийнхээ байрны асуудлыг шийдвэрлэнэ.

 

-Шүүхийнх гээд нэрлэчих, хамгийн наана дуулдаж байгаа шинэ байр Яармаг дахь  цогцолбор уу?


-Яармагийн шүүхийн нэгдсэн байр 5 орчим тэрбум төгрөгийн суурийн ажил хийгдчихсэн, ажил аль хэдийн эхэлсэн явж байгаа. Тэр ажлаа үргэлжлүүлэх гээд энэ жил 25 тэрбум төгрөг төсөвт тавиулах гээд болсонгүй. Уг нь энэ цогцолбор баригдчихвал нийслэлийн гурван дүүргийн зургаан шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тусгай архив байрлах бүрэн боломжтой. Барилгыг 2023-2025 онд барьж ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтын төсвийн саналыг УИХ-ын дарга болон Сангийн сайдад хүргүүлсэн.

 

-Байр түрээсэлдэг гэлээ. Улсын хэмжээнд өөрийн байргүй хэдэн шүүх байна вэ?


-Нийт 7 шүүх байр түрээсэлж үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Архангай, Дархан-Уул, Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүх, нийслэлийн Баянзүрх, Багануур, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх, шүүхийн архив түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн л Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт "Шүүх өөрийн байртай байх бөгөөд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын байр төрийн хамгаалалтад байна" гэж заасан байдаг.

 

-Түрээст жилд хэдэн төгрөг зарцуулдаг бол?


-Өнгөрсөн жил батлагдсан нь 575 сая төгрөг байна. Үүнд манай архивын түрээс мөн орж байгаа. Зөвхөн шүүхийн архивтаа зориулж 2-3 давхар байшин түрээсэлж байна шүү дээ. Ер нь стандартаараа архив өөрийн гэсэн байртай байх ёстой. Бичиг, цаасыг ус, чийг нэвтэрдэггүй объектод тусгай стандартын дагуу хадгалах ёстой. Гэтэл түрээсийн байраар л болгож байна.

 

-Прокурор шүүх хоёр нэг байранд байрладаг гэж та хэллээ. Шүүх хуралд хүртэл мэтгэлцэж оролцдог хоёр тал хамт байрлаж болох уу?


-Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт "Шүүхийн байранд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээс өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасан байгаа.  Гэтэл өнөөдөр прокурорын байгууллагатай нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа найман шүүх байна. Үүнд, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Увс, Хэнтий, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн шүүх.

       Зарим хөдөө, орон нутгийн шүүхүүд тухайн аймгийнхаа ЗДТГ-ынхаа нэг булангийн өрөөнд сууж байх жишээтэй. Тэгэхээр шүүхийн байранд шүүх л байрлах ёстой гэсэн зарчим алдагдаад байгаа юм. Эрх мэдэл хуваарилах гурван засаглал байдаг. Шүүх эрх мэдлийн хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлээс тусдаа байх ёстой. Ингэхийн тулд эдийн засгийн хувьд хараат бус байх учиртай юм. Гаднын туршлагаас харахад тухайн төсвийнхөө нэг хувийг шүүхийн зардалдаа оруулаад явдаг юм билээ.

       Тухайлбал Германд 2026 он гэхэд бүх хэргийг бүрэн цахимжуулж дуусна гэж зорилт тавьсан байна. Зорилт тавьжээ гэдэг нь санхүүгийн асуудлыг шийдвэрлэчихсэн л гэсэн үг шүү дээ. Манай шүүхийн мэдээлэл, технологид улсаас мөнгө тавьж өгөхгүй, бид донор байгууллагын тусламжаар л болгодог. Шүүх цахимжиж байж ачаалал багасна шүү дээ.

 

-Шүүгчийн ачаалал мөн л тулгамдаж буй асуудал уу?


-Нэг шүүгчид 700 гаруй нэхэмжлэх ногдож байна шүү дээ. Нэг хэргийг нэг өдөр уншлаа гэхэд хоёр жилийн дараа дуусахаар байгаа юм. Тэгэхээр цахимжуулах шаардлага зайлшгүй байна. Монгол Улс 520 шүүгчтэй гэж тоо бий. Төсвөө үзэхээр 506 шүүгчийн л цалингийн сан байдаг. Бид энэ жил амжилт гаргаж 560 шүүгчийн төсвийг батлуулж чадсан.       Шүүхийн үйлчилгээг иргэдэд хурдан, шуурхай хүргэхийн тулд шүүгчийн ачааллыг багасгах, орон тоог нэмэх нь чухал. Тэглээ гээд хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулахдаа муу хүнийг авч болохгүй. Шүүгч өндөр цалинтай гэдэг. Үнэндээ УИХ, Тамгын газрын референтүүдээс бага цалинтай болсон шүү дээ. Референтүүд нэмэгдлүүдээ аваад шүүгчээс өндөр цалинтай болчихдог. Шүүгч бол төрд ажилласан жилийн л нэмэгдэл авдаг.

 

-Шүүхэд хүүхдийн өрөө байх ёстой. Гэвч хүүхдийн өрөө гаргах булан, тохой ч байхгүй гэж шүүхийн ажилчид хэлж байлаа. Улмаар хүүхдийн эрх зөрчигдөж байна гэдэг. Ер нь Монгол Улсад хүүхдийн өрөөтэй шүүх хуралдааны танхим бий юу?


-Шүүх хүүхдийн өрөөтэй байх ёстой. Энэ нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохицуулагддаг. Гэр бүлийн хүчирхийлэлд байсан хүүхэд шүүх хурлын үеэр эцэг, эхийгээ хараад "Тусдаа байх уу" гэж асуухад үгүй гэж хэлж чаддаггүй юм. Хүчирхийлэлд байгаа хүн хүчирхийлэгчийн харцаар л хөдөлнө шүү дээ. Гэтэл шүүх хурлын өрөөнд ороод ирэхэд л гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрж, шүүгдэгчээс тусдаа байрлаж, онлайнаар тэр хуралд оролцох ёстой шүү дээ. Монголд ийм өрөө байгаа. Гэхдээ тийм олон биш. Бүх шүүх ийм хүүхдийн өрөөтэй байх ёстой гэдэг юм, уг нь.

       Хүн шүүхэд стресстэйгээ л очдог. Гэтэл шүүх хурлын танхим улам стресс нэмж байна шүү дээ. Хүний хамгийн анхдагч хэрэгцээ ариун цэврийн өрөө. Энэ болгоныг цогцоор шийдсэн шүүхийн байр шаардлагатай байна. Жишээ нь Германд шүүхийн ажилтнуудыг бэлтгэдэг сургалтын газар нь 11 давхар барилга байна. Жилд тэнд 200 хүн л сурдаг. Зөвхөн 200 хүнийг сургах гээд 11 давхар байр зориулан барьжээ.

Гэтэл манай шүүхийн байр өрөвдөлтэй. Нэг аймагт дөрвөн шүүх байна. Давж заалдах, иргэний, эрүүгийн, захиргааны анхан шатны шүүх. Дөрвөн шүүх нэг байранд байна шүү дээ. Нийслэлд ч гурван шүүх нэг байранд байрлаж байна. Бүр Завхан аймгийн шүүх, ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх актлагдсан байранд үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ.

 

 

Сэтгүүлч Г.Тэгшсүрэн

 

Эх сурвалж: https://gogo.mn/r/e732y