Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.11-д “шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх” гэж, 74 дүгээр зүйлийн 74.1.6-д “шүүхийг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн бодлого батлах, хэрэгжүүлэх” гэж тус тус заасан.

 

      Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүгч, шүүхийн захиргааны албан тушаалтны төлөөлөл, зөвлөх мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-тай уялдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д тус тус заасан хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах шаардлагад нийцүүлж “Шүүхийн захиргаанд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ыг боловсруулж, тус баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

 

     

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хэлэлцүүлгийг нээж хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлээд шүүхийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, албан тушаалтан Та бүхний санал, зөвлөмж, хамтын ажиллагаа нь Монгол Улсад явагдаж байгаа шүүх эрх мэдлийн шинэтгэлийн гүнзгийрүүлэх, иргэдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг цохон тэмдэглээд, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.   

 

        Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон хууль сахиулах, бүх шатны шүүх, прокурорын байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, мэдээллийн технологийн компаниуд оролцсон нийт 48 байгууллагын 100 гаруй төлөөлөл уригдан оролцов. 

 

 

       Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөтөлбөрийн дагуу Ажлын хэсгийн гишүүдээс боловсруулсан бодлогын баримт бичгийн төслийн агуулга, бүтэц, зорилго, зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшнийг дэлгэрэнгүй танилцуулсан бол бодлогод холбогдох байгууллагуудаас төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, тухайн салбарын цахимжилтийн үйл явц байдлын талаар мэдээлэл хүргэж, мэдээллийн технологийн салбарын компаниуд тус бодлогыг хэрэгжүүлэх дэвшилтэд цахим технологийн шийдлүүдийг дэвшүүллээ.

 

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА