Монгол Улс Канадын Холбооны Улсын Шүүхийн Комиссарын Албатай хамтран хоёр улсын жендерийн мэдрэмжтэй байдлыг шүүхийн тогтолцоонд нэвтрүүлэх бодлогыг боловсруулж, төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Отгонцэцэг, Н.Отгончимэг болон Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, гишүүн Д.Ариунтуяа, Г. Цагаанцоож, Ц.Давхарбаяр нар Канад Улсын Оттава хотод айлчиллаа.
Айлчлалын үеэр Канадын Холбооны Шүүхийн асуудал эрхэлсэн Комиссын Тамгын газраас Монголын шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, шүүгчдийг томилох, тэдний ёс зүйн байдлыг хангах, олон нийтийн итгэлийг бий болгоход Канадын шүүхийн туршлагаас хуваалцсан.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан тогтолцолцоог бэхжүүлэх хөгжлийн маш чухал үе шатандаа явж байна. Канад Улс хүний эрхийн мэдрэмжтэй, иргэдийн итгэлийг хүлээсэн шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлснээрээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөнийг бид мэднэ. Тийм учраас энд хүрэлцэн ирж та бүхний туршлагаас хуваалцаж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Төслийн хүрээнд Монгол Улсын төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, шударга ёсыг тогтоох, түүнчлэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн хууль бус үйлдэл, гэмт хэргээс ял шийтгэлгүй үлдэх байдлыг бууруулахаар зорьж байна. Энэ тал дээр Канадын мэргэжилтнүүдийн бодлого, туршлага, гарсан ахиц дэвшлийг судалж үзсэний дараа шүүхийн тогтолцоонд жендерийн асуудлаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчилд илүү үр дүнтэй, нухацтай хариу арга хэмжээ авдаг байдлыг идэвхжүүлнэ. Ирэх онд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Канад Улсаас төлөөлөгч нар Монгол Улсад айлчлахаар төлөвлөөд байна.
Албан айлчлалын талаар Канад Улсын төслийн багийн мэдээллийг энд дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн хэлтэс