Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн үндэсний коллежийн дэд ерөнхийлөгч, профессор Ху Тянь тэргүүтэй төлөөлөгч нар ажлын айлчлал хийж байна. Албаны төлөөлөгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, зөвлөлийн гишүүдийн хамт өнөөдөр (2025.06.30) хүлээн авч уулзлаа.     

 

 

  Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Э.Зоригтбаатар, Р.Онончимэг, Л.Энхбилэг, С.Энхбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Ардын дээд шүүхийн Шүүх хэргийн академийн Судалгааны газрын дарга Шиэ Вэньшөн, Шүүгчдийн үндэсний коллежийн Сургалтын менежментийн газрын дэд дарга Сяо Жэньчи, Шүүгчдийн Үндэсний коллежийн Шүүгчдийн цахим сургалтын газрын дэд дарга Лью Фан Шүүгчдийн үндэсний коллежийн Өвөр Монгол дахь салбарын захирал Жан Юнгуан зэрэг албаны хүмүүс оролцов.

 

 

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг уулзалтын эхэнд Монгол Улсын Шүүх тогтолцооны шинэтгэл, шүүгчийн хараат бус, бие даасан үйл ажиллагаа, шүүгчдийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгч, Бүгд Найрамдах Хятад ард улстай хамтын ажиллагааны хүрээнд 13 удаагийн сургалтыг зохион байгуулж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулж ирсэн нь хоёр улсын шүүхийн салбар дахь тогтвортой харилцааны илрэл болохыг тэмдэглэв.

  Монгол улсын Шүүх эрх мэдлийн байгууллага шат дараатай бодлогын шинэчлэл хийж, 2025 оноос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг байгуулсан. Ирэх 2026 онд Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахаар ажиллаж буй талаар танилцууллаа.

 

 

   Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн үндэсний коллежийн дэд ерөнхийлөгч, профессор Ху Тянь Монгол Улс Хялбар ажиллагааны болон Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа нь сайн туршлага гэж бодож байна. Манай улсад ийм дагнасан шүүхүүд одоогоор байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах, шүүгчдээ хуульчдаас шилж олох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг гэх зэрэг тулгуур байгууллага гэдгийг ойлгож авлаа. Бид бүхэн айлчлалынхаа хугацаанд та бүхний сайн туршлагыг судалж, хамтын үйл ажиллагаагаа улам бүр тэлж, үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ