Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгтэй ярилцлаа.

--------------------------------

 

-2020 оны шүүгчийн сонгон шалгаруулалтад 250 хуульч оролцоход 157 нь буюу 62.8 хувь нь тэнцжээ. Шүүгчийн сонгон шалгаруулалт явуулдаг тогтолцоо 2022 оны Шүүхийн тухай хуулиар нэлээд өөрчлөгдсөн. Хуулийн энэ шинэтгэлийн дараа шүүгчийн шалгалтад тэнцэгсдийн тоо хэр өөрчлөгдсөн бэ?

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн томилогдоод хоёр удаагийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт авчихаад байгаа. Хаврын сонгон шалгаруулалтад 127 нэр дэвшигч бүртгүүлэхэд 6 хувь нь буюу 7 хүн босго давж тэнцлээ. Сая намрын сонгон шалгаруултад 108 хүн бүртгүүлэхэд 80 нь шалгалтдаа оролцож 20 хувь нь буюу 21 хүн босгод тэнцээд байна.

 

-Яагаад ийм цөөн хүн тэнцээд байгаа юм бол. Жишээ нь, энэ намар 54 хуульч анхан шатны шүүгч болохоор бүртгүүлж шалгалтад оролцоход нэг нь ч тэнцээгүй байх юм?

 

-Өмнө нь шүүгчийн сонгон шалгаруулалтын 100 онооны 60 онооны хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг Шүүхийн мэргэшлийн хороо гэдэг тусдаа байгууллага, “ярилцлагын” гэгддэг шалгалтыг ШЕЗ авдаг байсан. Шинэ хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүн шалгалтыг бүхэлд нь авдаг болсон. Шалгалтын эхний хэсэг хууль зүйн мэдлэг, чадварын 70 оноотой. Босго 10 хувиар өндөр болсон нь, бас шалгалт өөрчлөгдсөн нь цөөн хүн тэнцэх шалтгаан болж байгаа. Шалтгалтын хоёр дахь хэсэг мэргэшил, ёс зүй, зан төлөвийн 30 оноотой. Намрын шалгалтад бүртгүүлсэн 108 хүний 48 нь хавар буюу өмнө нэр дэвшиж шалгалт өгч үзсэн хуульчид. Энэ бол хүмүүс шалгалтад бэлтгэж, шалгалтдаа дасах процесс сайн байгааг харуулж байна. ШЕЗ өмнөх шалгалтад ашиглаад нэгэнт ил болсон материалыг нээлттэй байршуулж, хүмүүсийг шалгалтдаа бэлдэхэд туслалцаа үзүүлье гэж төлөвлөж байгаа.

 

-Хэнтийнх бол давуу тал болно, Их засаг их сургуулийг төгссөн бол бүр давуу тал болно гэдэг явган шог гарсан. Энэ яриа бодитой байна уу?

 

-Шинэ бүрэлдэхүүн томилогдоод 2 удаагийн сонгон шалгаруулалт явуулж байна. Нэг аймгийг илүүд үзэх, бусдыг нь хоёрт тавьсан хандлага огт байгаагүй. Тэгэхээр хүмүүсийн санаа бодол болов уу. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн ажиллаж эхлээд хамгийн түрүүнд сонгон шалгаруулалтын журмуудаа сайжруулж, процессоо сайжруулсан. Бид хуульчдад гарааны ижил нөхцөл буюу тэгш боломжийг санал болгоно. Сонгон шалгаруулах процесс нээлттэй, ойлгомжтой, дүрэм журамтай байх ёстой. Хэн ч сонгон шалгаруулалтын даалгавар, тестийг урьдчилж мэдэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж ажиллана.

 

-Шүүгчийн туслах л шүүгч болно гэсэн хүний нөөцийн бодлоготой байсан үе бий. Энэ нь прокурор, өмгөөлөгч, багш, бусад хуульчдын хувьд шүүгчээр ажиллах боломжийг нь хаадаг байсан гэсэн шүүмжлэл байлаа. Энэ байдал засагдсан уу?

 

-Шүүгчийн туслахууд сонгон шалгаруулалтад их орж байгаа. Түүнээс дутуугүйгээр бусад ажил эрхэлж байгаа хуульч нар орж байгаа. Аль нь илүү давамгай гэж хэлэх боломжгүй статистик байгаа. Тийм учраас одоогийн тогтолцоо харьцангуй тэгш боломж олгосон байна гэж хэлж болно. Хуульчдын дунд шүүгчийн туслахаар ажиллаж байгаад өмгөөлөгч болох явдал их байна. Шүүгчийн туслахаас өмгөөлөгч болж нэлээд ажиллаж байгаад сонгон шалгаруулалтад өрсөлдөх тохиолдол ч их байдаг.

 

 

-Залуу шүүгч нар ажилдаа тогтож байна уу?

 

 -Сонгон шалгаруулалтын хуваарь хуульд нарийн суусан болохоор хэтдээ жилд багадаа нэг, ихдээ хоёр удаа зарлахаар байна. Хавар 21 орон тоонд, сая 35 орон тоонд сонгон шалгаруулалт явуулж байгаа нь энэ. Эдгээрийн дийлэнх нь шүүгч өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой гарсантай холбоотой сул орон тоо. Хэл устай, хоёр ч залуу шүүгч хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх өргөдлөө гаргахад “хуульчдын тэмүүлдэг энэ ажилд томилогдчихоод яагаад ийм хурдан гарах болов” гэж бодогдож байсан.

Бид ёс зүй, сахилга хариуцлагын өндөр босго тавигдсан шүүгч нарынхаа ажиллах орчин, ажлын ачааллыг цогцоор нь харах ёстой юм билээ.

Хүний дааж болох хэмжээнээс хэтийдсэн ачаалалтай байгаа энэ байдлыг шийдэхгүй бол сүүлдээ шилдэг хуульч нар шүүхэд ирэхийг хүсэхгүй байдал руу бид орно. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасанчлан хамгийн сайныг нь шилж олох ёстой. Хамгийн сайн нь өрсөлдөхөөр бүртгүүлж байна уу, үгүй юу.

 

-Бүртгүүлснээсээ л хамгийн сайныг нь шилж байгаа биз дээ?

 

-Тийм шүү дээ. Ер нь бол сайн хуульч боловсрол, мэдлэг, туршлагатай байхаас гадна 2-3 хэл дээр эх сурвалжаа үзэж судалж харьцуулдаг байх шаардлагатай. Залуучууд харьцангуй хэлтэй устай болчихсон байна. Бусад салбар хамгийн сайн мэргэжилтнүүдийг олохын тулд headhunting хийж байна. Хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг судалж олоод, тэдэнд урилга илгээж байдаг. Урьж байгаа нь өөрөө авна гэсэн үг биш. Headhunting-ийн зарчим нь тэр. Гэхдээ headhunting-ийн зарчим манай шүүхийн системд байхгүй.

 

-Хэрэв өрсөлдүүлж, шалгаруулах ёстой ШЕЗ нь headhunting хийж, урьж ирүүлэх нь давуу байдал үүсгэсэн асуудал болохгүй байх даа.

 

-Тийм буруутгал гарна. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл биш хөндлөнгийн өөр байгууллага хийдэг байж болох юм уу гэсэн санаа хэлж байгаа юм.

 

-Шүүгчийн цалин хуульчдын дунд тийм ч өндөрт тооцогдохоо больсон. Хэлтэй, сайн боловсорсон залуучууд шүүгч болохоос илүүтэй компанийн хуулийн ажил, өмгөөллийн ажлыг илүүд үзээд байгаа юм шиг санагддаг.

 

-Шүүгчийн цалинг тогтоосноос хойш 7 жил өнгөрч байгаа учраас өнөөдөр бол өндөрт орохгүй. Өнөөдөр шүүхийн системийг нуруун дээрээ авч яваа шүүгч нарыг бодит бус мэдээллээр буруутгадаг. Хоёрт, хэт их ажлын ачаалал тэд үүрдэг. Энэ их ачаалал ар гэртээ зарцуулах цаггүй, яг үнэндээ хувийн амьдралгүй болгож байна. Нийслэлд байгаа шүүхүүдийн шүүгч нар, шүүхийн арын албыг авч яваа шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны ажилтан, тамгын газрын дарга нар ч тэр. Саяхан ШЕЗ өөрийн нөөц бололцоог ашиглаад шүүхийн ажлын ачааллыг судаллаа. Судалгааны үр дүн сэтгэл шимширмээр гарсан. Энэ тухай дараа тусад нь дэлгэрэнгүй ярилцлага өгч болно.

 

-Тоймлоод дурдаж болох уу?

 

-Хүн Хөдөлмөрийн тухай хуулиар хоногт 8 цаг ажиллах ёстой. Хагас, бүтэн сайнд ажиллах шаардлага гардаг. Хэн ч гэсэн “төрийн алба юм чинь цаг наргүй зүтгэх ёстой” гэх байх. Гэвч статистикаас харахад нийслэлд байгаа шүүхүүдийн шүүгч нар хоногт хамгийн багадаа 14 цаг ажиллаж байна. Бусад хүн 8 цаг ажиллаад тарж байхад шүүгч нар нэмээд 6 цаг ажилладаг. 17:30-д тардаг хүн заримдаа 23 цаг өнгөртөл суух явдал байж болно. Гэтэл шүүгч нар өдөр тутам ингэж ажилладаг, туслахууд нь хагас, бүтэн сайнгүй ингэж ажиллаж байгаа юм. Бүх цагаа ажил дээрээ ийм байдлаар өнгөрөөдөг хүмүүст ямар хувийн амьдрал байх билээ. Гэр бүлийн гишүүддээ цаг зарцуулах, хайр халамжаа үзүүлэх боломж тэдэнд алга. Гэтэл Монголын нийгмийн чинь хамгийн цөм болсон нэгж нь гэр бүл гэдгийг хүн болгон ярьдаг. Хүн мөнх биш, хайртай, дотны хүмүүстээ цаг зарцуулж байх ёстой гэдэг байтал шүүгчдийн гэр бүл арав, хорь дахь асуудал нь болж хувирчээ. Энэ бүгдээс дүгнэхэд мэдлэг боловсролтой, туршлагатай залуучуудыг мөнгийг нэгдүгээрт тавьж байна гэж харахгүй байгаа.

Гэр бүл, хайртай дотны хүмүүстээ цаг гаргах боломж шүүхийн системд байхгүй учраас л тэр бүр сонголтоо хийж ирэхгүй байгаа гэж бодож байна. Тийм учраас шүүхийн салбар өөрөө сайн хуульчдын хайрыг татаж, харцыг нь булаах байдалд байна уу гэж асуувал үгүй гэж хэлнэ.

Би ирж байгаа хүмүүсийг сайн, муу гэхээс илүү шүүхэд ажиллах уур амьсгал нь таатай байгаасай гэж хүсэж байгаа.

 

-Шүүгчийн ачааллыг бууруулах шийдэл нь юу вэ. Ачаалал ихдэх тусам хэрэг бүрийг нарийн сайн анхаарч ажиллах ажиллах боломжгүй болж тэр нь иргэдийн амьдралд нөлөөлж эхэлнэ. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоог нэмэх юм уу. Шүүхүүдийн ачааллыг харж байгаад байгууллын менежмэнт хийх юм уу?

 

-Шүүхийн ачаалал их байгаа гэж байгаа боловч бодлогын бичиг баримт, хуульд тусгахын тулд нотлох, батлах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл дээр дурдсан судалгаагаа хийлээ. Судалгаанд дүн шинжилгээг хийх ажлыг хөндлөнгийн судлаачдаар хийлгэсэн. Ачааллыг шийдэх гол арга зам бол ерөөсөө л орон тоог нь нэмэх. Шүүгчийн тоог нэмдэггүй юм бол шүүгчийн туслах, бусад захиргааны ажилтны тоог нэмэх хоёрдугаар хувилбар байна. Гэхдээ энэ нь ачааллыг бууруулах шилдэг хувилбар биш. УИХ-аас 2016 онд баталсан 42 дугаар тогтоолоор анхан, давж заалдах шатны шүүх дээр 699 шүүгч ажиллах ёстой гэсэн байдаг. Бидний судалгаагаар бол шүүгчийн орон тоог нэмлээ гэхэд энэ хязгаараас давахааргүй. Шүүгч нэмэх орон тоог илүүтэй нийслэлийн эрүү, иргэн, захиргааны анхан шат болон давж заалдах шатны шүүх дээр тавих шаардлагатай байгаа.

 

 

-Шүүхийг дагнан байгуулахаас гадна шүүгчдийг нь хэрэг маргааны төрлөөр нь мэргэшүүлье гэдэг байсан. Анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч нар эрүүгийн хэргийн шүүхийн сонгон шалгаруулалтад орж байгаа юм байна. Цаашид ингэж явах зөв үү?

 

-Энэ бол бүрэн боломжтой, бид маш нээлттэй хандах ёстой. Яагаад гэвэл иргэдэд үйлчлэхээс гадна төрд болон бусад субъектэд үйлчилгээ үзүүлдэг гэж үзэхэд манай нийт хуулийн салбар бусад улстай харьцуулахад жижиг. Эрүү, иргэн, захиргаагаар жигд боловсорсон өмгөөлөгч нар их байгаа. Түүн шиг орон нутгийн шүүхийн шүүгч нар эрүү, иргэний хэргээ зэрэг шийдээд явдаг. Шүүгч нарын туршлага эрүүгээр ч, иргэнээр ч бий болсон. Тийм учраас сууриар нь ойлгож хандах ёстой юм. Манай сонгон шалгаруулалтын журмаар ч хосолсон чадвар суучихсан шүүгч нарыг ижил шатны шүүхдээ өрсөлдөөнд орохыг зөвшөөрсөн байгаа. Өмнө нь шилжүүлэн томилох асуудал яригддаг байсан бол шинэ хуулийн хүрээнд салбар сөөлжиж сонгон шалгаруулалтад оролцох боломжийг бий болгосон.

 

-Анхан шатны шүүхийн шүүгчээр 25 нас хүрсэн хуульч томилогдож болдог. 25 нас гэдэг бусдын амьдрал шийдэх хэмжээнд хүрч төлөвшсөн, амьдрал үзсэн, хуульчийн хувьд туршлагатай болсон байх нас мөн үү?

 

-25 нас гэж 1992 онд Үндсэн хуульд бий болсон, тэр хэвээрээ яваа зохицуулалт. 1992 онд хуулийн салбарын боловсон хүчнийг бэлдэн гаргаж байсан сургууль хэр их байсан бэ гэдгийг бодох ёстой. Ганцхан төрийн сургууль МУИС байсан, нэмээд тусгай дунд боловсрол эзэмшдэг тийм тогтолцоо байсан. Тийм үед хууль зүйн мэргэжил эзэмшдэг боловсон хүчин тооны хувьд цөөн байсантай холбоотой байсныг үгүйсгэхгүй. 25 настнуудын амьдралын туршлага, амьдрал үзсэн байхын хувьд 1992 оноос нэг их өөрчлөгдөөгүй байх. Би илүү боловсон хүчний нийлүүлэлт талаас нь харж байна. 30-аад жил боллоо. Гараад харахад хуулийн боловсрол олгодог хэчнээн сургуультай болж, хэчнээн хүн төгсөж байна. Ингээд бодоод үзэхэд эрх зүйчдийн нийлүүлэлт одоо хангалттай хэмжээнд болж чадсан. Энэ тохиолдолд хэтдээ 25 насыг өсгөх бололцоо гарах болов уу гэж бодож байна.

 

-Мэдээллээ хуваалцсанд баярлалаа.

Г.Улсболд

 

Эх сурвалж: http://time.mn/sfh.html?fbclid=IwAR0vlSxTgLU1e437ZRnAve68a72MiL1Som-fVEBw_2tEXuO8jVPoV1UT2Qk