Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өнөөдөр дууслаа. Шалгалтыг 5 өдрийн турш зохион байгуулж, 64 нэр дэвшигч оролцсон байна.
Үргэлжлүүлэн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт маргааш (2022.09.28) 08:00 цагт эхэлнэ. Уг шалгалтад 21 нэр дэвшигч оролцохоор бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчид энэ үеэр хууль хэрэглэх мэдлэг, чадвар болон магадлал бичих чадвараа шалгуулна. Харин нөгөөдөр (2022.09.29) шүүн таслах ажлын туршлага, салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгээ шалгуулах юм.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.
Шалгалтад бүртгүүлсэн хуульчид маргааш ирэхдээ цагаа барьж, хувийн зохион байгуулалтаа хангахыг хүсье.
Нэр дэвшигчдэд зориулсан санамж, зөвлөмжийг энд дарж авна уу.
Хуулийн лавлагаа: Шүүхийн тухай хууль
34 дүгээр зүйл.Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт
34.1.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийг энэ хуулийн 33.3-т заасны дагуу бүртгэснээс тогтоол гарснаас хойш 60 хоногийн дотор шүүгчид нэр дэвшигчийн шалгалт авна. Шүүгчид нэр дэвшигчийн шалгалт нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас бүрдэнэ.
34.2.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт ялгаатай байна.
34.3.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нь нэр дэвшигчийг урьдчилан мэдэх боломжгүй, хөндлөнгийн байдлаар үнэлэх нөхцөлийг хангасан байх бөгөөд шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Ерөнхий зөвлөл хариуцна.
34.4.Энэ хуулийн 34.2-т заасан шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.
Хэвлэл мэдээллийн хэлтэс