Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” 10 дахь удаагийн сургалт өнөөдөр (2022.09.16) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Энэ удаагийн сургалтад өдөр тутмын сонины 3, мэдээллийн портал сайтын 30, телевизийн 8, радиогийн 1, нийт 42 сэтгүүлч хамрагдаж байна.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нээж, оролцогчдод амжилт хүссэн юм. Үргэлжүүлэн Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэчлэл” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудал” сэдвээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа нар хичээл зааж байна.
Жил бүрийн сургалтын сэдэв, агуулга өөр байдаг. Энэ жилийн хувьд уригдсан багш нарын заах сэдэв шинэлэг, ач холбогдол өндөр байж, өмнөх жилүүдийнхтэй давхцуулахгүй байхад анхаарч зохион байгуулсан.
Улмаар “Эрүүгийн хэргийн тогтолцоо, хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, докторант Т.Золбоо, “Шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоо” сэдвээр Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, “Шүүгчийн хараат бус аюулгүй байдал, нөлөөллийн мэдүүлэг сэдвээр Улсын дээд шүүхийн шүүгч, доктор Ц.Цогт нар хичээл заана. Мөн Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн шүүгчийн сахилга хариуцлагын талаар танилцуулга хийх юм.
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 380 гаруй сэтгүүлч хамрагджээ. Сэтгүүлчид сургалтын багш нараас сонирхсон сэдвээ чөлөөтэй асууж, хэлэлцүүлэг өрнүүлэн нийгэмд эргэлзээтэй байдаг асуудлын талаар тодорхой, баттай хариулт авч болдгоороо сургалтын бас нэг онцлог юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс