ЗОХИОГЧ:Д.Зүмбэрэллхам /Хууль зүйн ухааны доктор/

БҮТЭЭЛИЙН НЭР: Криминологийн онол

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам “Криминологийн онол” шинэ бүтээлээ уншигч олондоо өргөн барьж, Монгол Улсын Их сургууль, Дотоод хэргийн их сургуульд нээлтээ хийгээд байна. Энэ бүтээлд гэмт явдал судлалын түүх, энэ талаар хуримтлагдсан хүн төрөлхтний мэдлэгийн хуримтлал болох гол онолуудын тойм, тэдгээрийг бусад орнуудын практикт хэрэгжүүлж байсан туршлага зэрэг өргөн хэмжээний мэдээлэл оржээ.

Энэхүү бүтээл нь гэмт явдлын сургалт, судлалын ахисан түвшинд зориулагдсан бөгөөд аль ч нийгмийн хөндүүр үзэгдэл болох гэмт явдлын шалтгааныг тайлбарлаж ирсэн уламжлал, сонгодог сэтгэлгээ,  позитив хандлага, биеийн гадаад төрх, дотоод эрхтний бүтэц зохицолтой холбоотой, сэтгэцийн шинжилгээний үр дүнд тулгуурласан, нийгмийн шалтгаанд үндэслэсэн гэх мэт өөр хоорондоо харилцан шүтэлцэх олон онолуудыг багтаасан байна. Мөн хохирогч судлал буюу виктимологийн шинжлэх ухааны талаар ч уншигчид энэ номоос зохих мэдлэг мэдээлэл авч болно.

Социализмын үед манай улсад криминологийн шинжлэх ухаан зөвхөн Карл Марксийн үндэслэсэн эрс өөрчлөлтийн буюу радикал онолд тулгуулан хөгжиж байсан бөгөөд бусад онолуудыг энэхүү онолын үүднээс няцаах чиглэлтэй байсан ажээ. Ангигүй, хувийн өмчгүй нийгэмд эрх тэгш байдал, нийгмийн баялгийг бүх нийтээр эзэмшиж, тэгш хуваарилах нь нийгмийн гишүүдийн ёс суртахуунаас гэмт явдал үйлдэх зуршлыг үндсээр нь үгүй болгоно гэсэн үзэл баримтлалд уг онол суурилдаг.

Энэхүү бүтээлд уг онолын мөн чанар болон бусад онолуудын агуулга ач холбогдлыг зэрэгцүүлэн авч үзэж, цаашид гэмт явдал судлал манай улсад хүн төрөлхтний мэдлэгийн санд тулгуурлаж өргөн агуулгаар хөгжихөд энэхүү бүтээл ихээхэн чухал ач холбогдолтой болсныг нээлтийн үеэр эрдэмтэн судлаачид тэмдэглэж байлаа.