-Та өөрийгөө танилцуулж, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
-Намайг Сэдийн Янжив гэдэг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс над руу утасдаж шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон талаар дуулгахад хэдийгээр хараагүй боловч төр иргэндээ хүсэлт тавьж байхад иргэний үүргээ биелүүлж, мөн Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх ёстой гэж бодоод хөгшнөөрөө хөтлүүлээд ирж оролцлоо.
-Шүүх хуралдаанд оролцоход таньд ямар санагдав, шүүхийн үйл ажиллагааг юу гэж дүгнэхээр байна вэ?
-Би хараатай байхдаа залуудаа нэг удаа шүүх хуралд ардын төлөөлөгчөөр оролцож байсан. Тэр үеийг бодвол шүүхийн орчин нөхцөл сайжирч, шүүгч нар их залуужсан нь мэдрэгдэж байлаа.
-Та дүгнэлтээ хэрхэн гаргав, дүгнэлт танилцуулахад бэрхшээлтэй санагдав уу?
-Миний оролцсон шүүх хурал 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, эхийгээ хөнөөхийг завдсан хэрэг байсан. Бөөгийн шашны үйл ажиллагаанд оролцож байснаас сэтгэхүйд нь өөрчлөлт орж, өөрийгөө хянах чадваргүй болсон нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон байна. Үхэхэд үр харам гэж ээж нь л өмнөөс нь зүтгэж өөрөө хохироод явж байна даа. Миний хувьд хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорын саналыг үндэслэн зургаан сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцсон. Тухайн залуугийн хувьд өөрийгөө удирдах чадваргүй, хүний асрамжид, их хүнд нөхцөлд орж байгаа бололтой.
-Шүүхээс дуудсан цагт ирж иргэний үүргээ биелүүлж оролцсон танд их баярлалаа, бусад иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүст юу гэж зөвлөхөөр байна?
-Хэдийгээр би харааны бэрхшээлтэй ч гэсэн Монгол Улсын иргэний хувьд талархалтай хүлээн авч иргэний үүргээ биелүүлж, шүүх хуралдаанд оролцсондоо баяртай байгаа бөгөөд цаашид иргэд шүүхээс дуудсан цагт айж сандрах зүйлгүй, шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй явагдах учиртайг ойлгож, иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
ОНХМ Ж.Оюунцэцэг.