Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 32 дугаар хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

  1. Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг тус тус байгуулна. Үүнтэй холбогдуулан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулж, хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-д Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын шалгалттай холбоотой заалт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж батлав.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэв.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгчдээс ирүүлсэн төрийн албанд ажилласан жил тогтоолгох хүсэлтийг хэлэлцээд 2 шүүгчийн ажилласан жилд нэмэлт, өөрчлөлт оруулахаар, 4 шүүгчийн төрийн алба хаасан хугацааг шинэчлэн тогтоохоор шийдвэрлэв.
  4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасны дагуу албан үүргээ гүйцэтгэх явцад амь насаа алдсан шүүгчийн асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл шүүгчийн авч байсан албан тушаалын цалингаас тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Улсын Дээд шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/2384 дугаар албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн саналыг хэлэлцээд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулж, шүүх эрх мэдлийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх санал хүргүүлэхээр тогтов.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ