МЭДЭГДЭЛ
2021 оны 2 дугаар
сарын 04-ний өдөр Зуунмод
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар Б.Хурц нарын нэр бүхий 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шатны шүүхэд буцааж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн тул 2020 оны 11-р сарын 23-ны өдөр шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарт авсан таслах сэргийлэх арга хэмжээг хянан шийдвэрлэсэн.
Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлын танхимаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “ ...талийгаач Зориг агсны хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн 3 хүнийг эрүүдэн шүүсэн гэдэг хэрэг өнөөдөр ямархуу байдалтай байгаа вэ гэдгийг бид нар хараад байж байна. Одоо нэн яаралтай энэ шүүхийн тухай хуулийг баталж шүүхийн хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага нь жинхэнэ утгаараа ажиллаж байж тэр Төв аймгийн шүүхийн шүүгч Энхмаа шиг шүүгч нарт хариуцлага тооцох хуулийг бид нар гаргаж ирэх гээд байгаа. Илэрхий эрүүдэн шүүсэн хүмүүсийн хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад батлан даалтад гаргачихдаг, цаана нь нөгөө хонгилын механизм ажиллаад байгаа хэлбэр” гэх мэдээллийг,
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын танхимаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “ ...эрүүдэн шүүхтэй холбоотой хэрэг их удаан процесстой явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын өмгөөлөгчдөөс маш олон удаа хүсэлт гаргаж хэргийг бүтэн жилээр хойшлуулсан. Аргаа бараад тухайн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ хязгааргүй хүсэлт тавьж түүнийгээ шийдвэрлүүлдэг процессыг хумьж өгсөн. Улмаар анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж эрүүдэн шүүхтэй холбоотой хүмүүсийг гэм буруутайд тооцоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Харамсалтай нь хэргийг мөрдөн байцаалтад буцаасан, буцаамагцаа хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өнөөдөр ингээд сул чөлөөтэй явуулж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх процесс энэ хүрээд гацчихаад байгаа гэдэг ийм тайлбарыг прокурор болон шүүхийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн хууль бус үйл ажиллагааны улмаас уг шүүхийн шийдвэр баталгаажсан хойно энэ хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаа хууль бус байсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон нөгөө Чимгээ, Содномдаржаа нарт холбогдох хэргийг шинэ нөхцөл гэж сэргээх хууль зүйн үндэслэл бүрдэх учиртай. Хамгийн сүүлд Төв аймгийн шүүхийн шүүгч Энхмаа дээрх хүмүүст холбогдсон хэргийг хянаж үзээд мөрдөн байцаалтад буцаагаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Хурц нарт холбогдох хүмүүсийг батлан даалт болгоод явуулчихсан байж байгаа. Шүүхийн хууль 3 дугаар сарын сарын 01-ний өдрөөс энэ хууль хэрэгжиж эхэлнэ, бид нар хэрэгжилт дээр харах ёстой. Нөгөө хонгилын гэдэг тэр механизмыг нураах, ийм үр дагаврыг үзүүлэх байх гэж бодож байгаа. Би шулуухан хэлье Улсын дээд шүүхэд нэр бүхий шүүгчид байгаа. Нэр бүхий шүүгчид энэ хонгилын системийг өнөөдрийг хүртэл хадгалж авч үлдэж байгаа. Өнөөдөр 2017, 2018 оноос хойш шийдэгддэггүй хэрэг өнөөдрийг хүртэл байна. Энэнээс болж тэр хоёр нэр бүхий Чимгээ, Содномдаржаа нарын эрх, эрх чөлөөний асуудал ингээд өнөөдөр эдлэгдэхгүй ийм байдалтай байгаа. Энэ дээр бид нар цаашид шүүхийн энэ системийн шинэчлэлтэй уялдаж энэ хүмүүсийн эрх, эрх чөлөөг сэргээхийн төлөө дараа, дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. ” гэх худал мэдээ, мэдээллийг УИХ-ын танхимаас УИХ гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд удаа дараа тарааж байна.
Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг,
Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж байна.
Иймд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг үүгээр мэдэгдье.
Мэдэгдлийн хувийг Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд хүргүүлэв.
ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР