БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС

Бүгд Найрамдах Казахстан Улсад 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс Онц байдал зарласан бөгөөд тухайн үед Казахстан улсын Дээд шүүхийн зүгээс бусад бүх шатны шүүхүүдэд дараах чиглэлийг өгч ажиллав.

Үүнд:

  • Шүүхийн үйл ажиллагааг орчин үеийн техник, технологийн тусламжтайгаар алсын зайнаас явуулах (түүний дотор "TrueConf" хөдөлгөөнт программаар дамжуулах)-ыг зөвлөж байна
  • Онц байдлыг цуцлах хүртэлх хугацаанд шүүхийн байранд иргэдийг хүлээж авахгүй байх
  • Биеийн халууныг хэмжих, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй  авах
  • Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын шуурхай хуралдаан, сургалт, семинар, түүнчлэн шүүхийн байрнаас гадуур зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг цуцлах
  • Иргэд олон нийт, гүйцэтгэх болон хууль сахиулах байгууллагууд, Хуульчдын холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үүссэн нөхцөл байдлын талаар ойлгуулж, мэдээллийг хүргэх, шүүхэд өргөдөл/хэрэг, материал шилжүүлэх ажлыг түр хойшлуулах хүсэлтийг хүргүүлэх

Улмаар 2020 оны 4 дүгээр сард мөн Дээд шүүхийн зүгээс бусад бүх шатны шүүхүүдэд дараах чиглэлийг өгсөн байна.

Үүнд:

Шүүх хуралдааныг цахим  хэлбэрээр явуулах (зөвхөн онцгой тохиолдолд л танхимын шүүх хуралдааныг зөвшөөрнө)

  • Өргөдөл, нэхэмжлэл, гомдол зэрэг бусад баримт бичгийг сканердаж, "Шүүхийн алба" үйлчилгээгээр дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авах,
  • Шүүхийн байранд зөвшөөрөлгүй болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцоогүй этгээд нэвтрэхийг хориглох арга хэмжээ хэвээр үргэлжилнэ,

Ариун цэврийн болон ариутгалын дэглэмийг сайжруулах, биеийн халууныг үргэлжлүүлэн хэмжих, КОВИД-19 шинж тэмдэг илэрсэн иргэдийг шүүхийн байрнаас гаргахгүй байхыг зөвлөв.

Одоогоор Казахстан улсын шүүхийн үйл ажиллагааны 97% нь цахим аар явагдаж байгаа хэмээн Казахстан улсын Дээд шүүх мэдээлэв.

Хуралдааныг цахим аар явуулахтай холбоотойгоор шүүхүүдийн зүгээс иргэдэд өгсөн зөвлөмж нь:

  1. Төхөөрөмжөө бэлдэх, цэнэгтэй байгаа эсэхийг нь шалгах
  2. Өндөр хурдны интернэтийн бүсэд байх (4G, Wi-Fi гэх мэт)
  3. Гэрэлтэй орчин сонгох (кино театр, худалдааны төв, машин гэх мэт биш)
  4. Дуу чимээгүй орчныг сонгох
  5. Тодорхой, ойлгомжтой ярих, бусад этгээдийн ярианд саад болохгүй байх
  6. Яриагүй үедээ микрофоноо унтраах
  7. Хувцаслалтдаа анхаарах

Цахим  шүүх хуралдааны үеэр хуралдааны үйл явц аудио бичлэг хэлбэрээр бичигдэж байх бөгөөд цахим аар оролцож буй хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө.

Хэргийн оролцогч цахим  шүүх хуралдаанд оролцохын тулд Дээд шүүхийн албан ёсны веб хуудас руу орж, “шүүхийн танхим” нэртэй сервист нэвтрэн хүсэлт илгээснээр оролцогчид шүүхээс хуралдааны товыг мэдэгдэх юм.

 

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

2020 оны 3 дугаар сарын 18 болон 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд ОХУ-ын Дээд шүүхийн тэргүүлэгчид, ОХУ-ын Шүүгчдийн зөвлөлийн тэргүүлэгчид шүүхийн үйл ажиллагааны журмын талаар зөвлөмж агуулсан хамтарсан тогтоолууд батлав.

Үүнд:

  • Шүүхийн байранд иргэдийг хүлээж авахгүй байх,
  • Шүүн таслах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг шуудангаар болон цахим хэлбэрээр хүлээн авах,
  • Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаснаас бусад оролцогчдыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх,
  • Шүүхүүд техникийн хувьд боломжтой бол шүүх хуралдааныг цахим аар хуралдуулах
  • Шүүгч болон шүүхийн ажилчид халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, халдварын  шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрсдийгөө тусгаарлах арга хэмжээ авах зэрэг чиглэлийг өгсөн.

Тус тогтоолын дагуу 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 8 мянган шүүх хуралдаан цахим  хэлбэрээр явагдсан байна. Мөн нэхэмжлэл, өргөдөл, гомдлыг шуудангаар болон цахимаар хүлээн авч байжээ. Үүнтэй холбоотойгоор Дээд шүүх “Иргэдэд хувийн компьютер ашиглан алсын зайнаас шүүх хуралдаанд оролцох боломжийг олгодог” веб хурлын системийг нэвтрүүлэн ажилласан байна.

Шүүхээс энэ үед зөвхөн яаралтай хэргүүд (таслан сэргийлэх арга хэмжээг сонгох, сунгах, цуцлах буюу өөрчлөх, насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүний ​​ашиг сонирхлыг хамгаалах, хууль ёсны төлөөлөгч нь амь насыг нь аврахад шаардлагатай эмнэлгийн оролцооноос татгалзсан тохиолдолд болон бусад)-ийг танхимын хурлаар хэлэлцэж байсан.

2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс Оросын шүүхүүд ердийн үйл ажиллагааны горимдоо эргэж орсон бөгөөд ингэхдээ шүүхийн байранд ирж үйлчлүүлж буй иргэд, шүүгч, шүүхийн ажилтнуудад халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулан маск, биеийн халуун хэмжигч, нэг удаагийн бээлий зэргийг заавал хэрэглэхийг үүрэг болгож, дээрх шаардлагыг хангаагүй иргэдийг шүүхийн байранд нэвтрэхийг хоригложээ.

 

 

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛС

Узбекистан улсад КОВИД-19 халдвар тархсантай холбогдуулан тус улсын Дээд шүүхийн тэргүүлэгчид шүүхийн байранд иргэдийг хүлээн авах хугацааг хойшлуулах тушаал гаргасан.

Нэн яаралтай  болон цахимаар хянан шийдвэрлэх боломжтойгоос бусад бүх хэргийг хойшлуулах чиглэл өгчээ. Иймд шүүх зөвхөн яаралтай шинж чанартай хэрэг маргааныг танхимаар хянан шийдвэрлэж, бусад тохиолдолд шүүх хуралдаан товлохгүй, мөн товлогдсон байсан хурлуудын товыг хойшлуулсан байна.

Иргэдийн шүүхэд өргөдөл, нэхэмжлэл, гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа бөгөөд ингэхдээ шүүхэд тогтмол шуудангаар, эсвэл тухайн шүүхийн веб сайтаар дамжуулан гаргах боломжтой ажээ.

Узбекистан улсын шүүх 2014 оноос эхлэн цахим системийг ашиглаж эхэлсэн бөгөөд бүх шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнууд гэрээсээ ажиллах бүрэн боломжтой болсон нь одоогийн цар тахлын үеийн нөхцөл байдалд давуу тал болж байна.

 

 

ЯПОН УЛС

 

 Япон улс нь 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Шинэ төрлийн томуугийн эсрэг авах тусгай арга хэмжээний тухай” хуулийн 32.1-ийг үндэслэн бүх нийтийн бэлэн байдлыг хангах арга хэмжээ авах тухай шийдвэр гаргаж, Сайтама, Чиба, Токио, Канагава, Осака, Хиго, Фүкүока гэх 7 мужийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарласан. Япон улсад бүх нийтийн бэлэн байдлыг хангах арга хэмжээний үеэр ихэнх хэрэг, маргааны шүүх хурлыг хойшлуулах арга хэмжээг авсан байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд тодорхой төрлийн, шуурхай шийдвэрлэх шаардлагатай хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байсан бөгөөд зарим шүүх цөөн тооны цахим  шүүх хурлыг явуулсан байна.

Бүх нийтийн бэлэн байдлыг хангах арга хэмжээний үеэр Токиогийн орон нутгийн шүүх нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Үүнд:

  • иргэний хэргийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ,
  • гэр бүлийн хүчирхийллийн хэрэг,
  • баривчлах, цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэх шаардлагатай хэрэг,
  • нэн шуурхай шийдвэрлэх шаардлагатай иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хэрэг,
  • нэн шуурхай шийдвэрлэх шаардлагатай дампуурлын хэргээс бусад иргэний болон захиргааны хэргийн шүүх хурлыг цуцлах, хойшлуулах арга хэмжээг авсан байна.

Эрүүгийн хэргийн тухайд иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах шаардлагатай бөгөөд бусдаар

иргэдийн төлөөлөгчийг томилох ажиллагаа болон оролцуулах шаардлагагүй зарим хэргийн шүүх хурлын товд өөрчлөлт оруулсан байна.

Япон улс нь цахим шүүхийг нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2020 оноос нийт шүүхүүддээ цахим шүүх хурлын системийг нэвтрүүлж эхэлсэн байна. Цахим шүүхийн систем бүрэн нэвтэрсэн 14 шүүхийн тухайд 4, 5 дугаар саруудад нийт 167 цахим шүүх хурлыг зохион байгуулжээ. Цахим шүүх хурлын систем нь энэ ондоо багтан нийт шүүхүүдэд нэвтрэх бөгөөд 2023 оноос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хурал цахим аар явагдах, 2025 оноос нэхэмжлэлийг цахимаар хүлээн авч эхлэх боловч цар тахлын үед  шүүхээр шуурхай үйлчлүүлэх иргэдийн эрхийг хангах үүднээс шүүхийг цахимжуулах ажлыг түргэвчлэх шаардлагатай байгааг онцолж байгаа аж.

           

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛС

ХБНГУ нь Европын Холбооны улсууд дотроос шүүхийн цахимжуулалтыг  харьцангуй оройтож хийсэн орны тоонд багтдаг байна.

Тус улсын шүүхийн цахимжуулалтын талаарх сүүлийн үеийн нөхцөл байдлыг судалсан холбогдох судалгааны үр дүнгээс танилцуулбал дараах 3 үндсэн хэсэгт авч үзэж болох юм.

1. Шүүн таслах ажиллагааны явцад үйлдэгдэж буй баримт бичгийг цахимжуулах ажиллагаа

1.1. Шүүхэд баримт бичгийг цахимаар гаргах явц

Тус улсад 2018 оноос шүүх баримт бичгийг цахимаар хүлээж авах, 2022 оноос өмгөөлөгч нь баримт бичгийг цахимаар гаргах тус тус үүрэгтэй болсон байна.

ХБНГУ-д орон нутгийн шүүхээс дээш шатлалын шүүхэд хандахад заавал өмгөөлөгч авсан байх шаардлагатай боловч дүүргийн шүүхийн хувьд хэргийн оролцогч нь өмгөөлөгчгүйгээр хандахыг зөвшөөрдөг тул тэдгээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогч нь баримт бичгийг цаасан суурьтайгаар шүүхэд гаргах боломжтой юм. Харин энэ тохиолдолд хүлээн авсан шүүх нь цаасан суурьтай баримт бичгийг сканердаж, цахим хэлбэрт оруулах үүрэгтэй байна.

1.2. Шүүхээс гаргасан эрхийн актыг цахимаар хүлээж авах

2018 оноос өмгөөлөгч нь шүүхээс гаргасан эрхийн актыг цахимаар хүлээж авах үүрэгтэй болсон. Энэ хүрээнд шүүх болон өмгөөлөгч нарын хооронд баримт бичгийг цахимаар солилцох “beA” системийг нэвтрүүлж, шүүхээс эрхийн акт гарсан тохиолдолд өмгөөлөгчийн бүртгүүлсэн цахим шууданд энэ тухай мэдэгдэл нь очдог байна. Тухайн хэрэгт олон өмгөөлөгч төлөөлөгчөөр оролцож байгаа тохиолдолд шүүх бүх өмгөөлөгч нарт мэдэгдэх шаардлагагүй, зөвхөн тэднийг төлөөлөх нэг өмгөөлөгчид нь мэдэгдэх журамтай юм.

Гэвч өмгөөлөгч бус жирийн иргэдийн хувьд баримт бичгийг цахимаар хүлээж авах үүрэггүй тул нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийг шүүх хэвлэж, цаасаар хариуцагч талд хүргүүлэх зохицуулалттай байна. Тус системийг зохион бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг  Өмгөөлөгчдийн холбоо хариуцдаг бөгөөд өмгөөлөгч бүр жилд 50-70 Еврогийн хураамж төлдөг. Шүүхийн шийдвэрийг цахимаар хүргүүлсэн тохиолдолд ч шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг цахимаар бус цаасан суурьтай баримт бичгийн хэлбэрээр олгож байгаа бөгөөд ойрын хугацаанд энэхүү ажиллагааг ч цахим хэлбэрт шилжүүлэх аж.

2. Шүүн таслах ажиллагааны явцад үйлдэгддэг бусад баримт бичиг болон шүүх хуралдааны тэмдэглэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажиллагаа

Дээрх асуудлыг зохицуулах тухай хууль 2005 онд батлагдсан хэдий ч одоогийн байдлаар энэ үйл ажиллагаа  зарим шүүхэд хэрэгжиж байгаа бөгөөд 2026 оны 1 дүгээр сарын 1-ээс бүх шүүх бүрэн шилжиж дуусах юм. Ийнхүү ихээхэн хугацаа шаардаж байгаа нь холбогдох системийг зохион бүтээх, шүүгчийн ажлын арга барил зэрэгт өөрчлөлт орохтой холбоотой юм. Мөн энэхүү шилжилтийн хүрээнд шүүн таслах ажиллагааны явц болон холбогдох баримт бичигтэй цахимаар танилцах портал сайтыг зохион бүтээж байгаа бөгөөд хэргийн оролцогчдын зөвшөөрөлгүйгээр танилцах боломжгүй байхаар зохицуулсан байна.

3. Цахим шүүх хурлын хэрэгжилт

ХБНГУ-д цахим шүүх хурал төдийлөн явагддаггүй. Иргэний процессын хуулийн 128а-д хэргийн оролцогчдын хоорондын мэтгэлцээний дүрс болон дуу нь шүүх хурлын танхимд нэгэн зэрэг дамжуулагдах гэсэн заалт байдаг ч шүүхэд зайнаас шүүх хурал явуулах тоног төхөөрөмж нь байдаггүй бөгөөд тоног төхөөрөмж суурилуулах бодит хэрэгцээ шаардлага төдийлөн байхгүйтэй холбон тайлбарладаг.

Энэ нь тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэрчийн тухайд шүүх хурлын танхимд биеэр ирж, мэдүүлэг өгдөг (гэрч зүй бус нөлөөлөлд автах магадлалтай тул заавал шүүх хурлын танхимд шүүхийн ажилтны өмнө мэдүүлэг өгөх нь үнэн зөв, нотолгооны ач холбогдолтойд тооцогддог байна) бөгөөд хэрэв тийм ч чухал гэрч биш бол өөр шүүхийн шүүгчийн өмнө очиж, мэдүүлэг өгөх боломжтой байдагтай холбоотой. Практикт цахим  шүүх хурлыг ашиглах тохиолдол нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хурлын явцад талуудыг эвлэрүүлэх ажиллагаа байдаг. Цахим  шүүх хурал явагдсан тохиолдолд тус шүүх хурлыг дуу, дүрсний бичлэг хийж, архивладаггүй бөгөөд тэмдэглэл үйлдэхэд хангалттай гэж үздэг байна.

 

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ  УЛС

Бүгд Найрамдах Чех Улс нь Шүүхийн ажиллагаа, гүйцэтгэл, төлбөрийн чадваргүй болох процессын талаарх иргэдийн нэн яаралтай хүндрэлийг арилгах хэд хэдэн арга хэмжээ авсан. Онцгой арга хэмжээний улмаас үүссэн хязгаарлалт (албадан хорио цээрийн дэглэм, хүн шилжин суурьших, цуглахыг хязгаарлах) зэргээс шалтгаалан цаг хугацаа алдсан бол шүүх хуралдаан дээр алдсан хугацаанаас чөлөөлөх тухай одоо мөрдөж буй журмын заалтыг өргөн хүрээнд ашиглаж байна.

Тус улсын Хууль зүйн яамнаас нийт  шүүх хуралдааныг хойшлуулахыг зөвлөсөн байна. Хэрэв хойшлуулах боломжгүй бол Засгийн газрын Онц байдлын тухай журмын дагуу чандлан явуулах үүргийг хүлээжээ. Шүүх хуралдаанд олон нийтийг оролцуулахгүй байгаа бөгөөд шүүхийн байр дотор хөдөлгөөн хийхийг хязгаарласан байна. Шүүхээс  утас болон цахим шуудангаар холбогдох мэдээллийг ирүүлж байгаа ажээ. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлсний үр дүнд шүүх хуралдаан хойшлогдож байгаа нь хяналт шалгалтын эрхээ хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсанд тооцогдоно.    

           

ДАНИЙН ВАНТ УЛС

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн засгийн газрын шийдвэрийн дагуу бүх шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон хэдий ч Данийн Вант Улсын шүүхүүд нэн чухал хэргүүдтэй холбогдох шүүн таслах ажиллагааг явуулах үүднээс онцгой байдалд ажиллах горимд шилжсэн.  Улмаар хөл хорионы үед чухам аль хэргүүдийг нэн чухал гэж үзэх талаар жагсаалт гаргасан байна. Эрүүгийн хэрэг, дампуурлын хэрэг, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэргүүдийн шүүх хуралдааныг таслалдуулалгүй явуулсан байна.

Данийн Вант Улсын шүүхүүд 2020 оны 4 дүгээр сарын 27-нд эргэн нээгдэж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт шүүхүүд цар тахлын үед ажиллах тусгай журмыг боловсруулан ажиллаж байна. Уг журамд бүх төрлийн эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэхтэй холбогдох хэргүүдийн шүүх хуралдаанд биеэр оролцох боломжтой болжээ. Харин иргэний хэрэг, эрүүгийн хэрэг гэх мэт хэд хэдэн чиглэлээр шүүх хуралдааны бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг утсаар болон цахим уулзалт хийн шийдвэрлэхээр заажээ. Шүүхүүд нийт ажилчдаа гэрээс ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангаж, шаардлагатай тохиолдолд ажлын байран дээрээ ирж ажиллах цагийг багасгасан байна.

Данийн Вант Улсын шүүхээс боловсруулсан зөвлөмжид :

- шүүх хуралдааны танхимд 2 метрийн зай баримтлах,

-өдөр тутам ариутгал халдваргүйжүүлэлт хийх, ариун цэврийн өрөө, сандал, ширээ зэрэг объектыг өдөрт 2-с доошгүй удаа цэвэрлэх

-шүүх хуралдааны танхимын багтаамжаас хамаарч хуралдаанд оролцох хүмүүсийн тоог гаргах /1 хүнд 4 м.кв зай оноогдохоор тооцох,

-хүн хүрэлцэх объектыг багасгах, тогтмол цэвэрлэх,

- шүүхийн ажилчид болон үйлчлүүлж байгаа иргэд орох, гарах гарц дээр гараа ариутгасан байх,

- шүүх хуралдаанд оролцогчдын орох, гарах урсгалыг тусгаарлаж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

              

НИДЕРЛАНД УЛС

2020 оны 3 дугаар сарын 17-с эхлэн тус улсад бүх шүүхүүдийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч Нидерланд улсын парламентын танхим нь онцгой байдлын тухай түр хэрэгжүүлэх хууль тогтоомжийг батлав. Энэхүү хууль тогтоомжийн дагуу шүүхийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой болжээ. Уг хууль тогтоомж нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд дараах байдлаар ажиллахыг тусгажээ.

Үүнд:

  • Цар тахлын улмаас иргэний болон захиргааны хэргийн шүүх хуралдаануудад биеэр очиж сонсгол хийх боломжгүй бол харилцаа холбооны аливаа хэрэгслийг ашиглан шүүх хуралдааны сонсголыг танилцуулах;
  • шүүх хуралдааны хэлбэрийг шүүгч сонгон шийдвэрлэх;
  • нийтийн ашиг сонирхол хөндсөн хэргээс бусад хэргийн шүүх хуралдааныг хаалттай явуулах;
  • нээлттэй шүүх хуралдаанд 3-с доошгүй хэвлэлийн төлөөлөгчийг оролцуулах мөн онлайнаар давхар шууд дамжуулах,

Бусад улсаас ялгаатай нэг тал нь зайлшгүй тохиолдолд зарим бичиг баримтыг биеэр хүлээж авч болно гэж заажээ. Ингэхдээ биеэр бичиг баримтыг хүргэх тухай утсаар урдчилан мэдэгдэж, бүртгүүлэх шаардлагатай. Нидерланд улсын шүүх 4 дүгээр сард бичиг баримт хүлээн авахтай холбоотой зарим нэг өөрчлөлтийг хийсэн нь “Аюулгүй И-мэйл” гэх шинэ хэрэгслийг ашиглан шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг хүлээж авах юм байна. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан бичиг баримт хүлээн авах эцсийн хугацааг шүүхээс шийдвэрлэж болох бөгөөд харин Дээд шүүхийн тухайд бичиг баримт хүлээн авах эцсийн хугацааг огт өөрчлөхгүй байхаар шийдвэрлэжээ.

 

ШИНЭ ЗЕЛАНД УЛС

Эрсдэл өндөр болсон үед шүүх байгууллагын удирдлагууд хууль, эрх зүйн салбарын нийт төлөөлөлд хандан хэрхэн хууль ёс, хүний эрхийг дээдэлж шүүн таслах ажиллагааг үргэлжлүүлэх талаар зөвлөмжийг хүргүүлжээ. Уг зөвлөмжид дурдсанаар цахим шүүх хуралдаан хийх, нотлох баримт болон холбогдох баримт бичгийг шуудангаар хүлээж авах, зайлшгүй тохиолдолд утсаар цаг товлож, шүүгчийн туслахтай уулзах, шүүхийн ажилчдыг хэд хэдэн ээлжээр сэлгэн ажиллуулах гэх мэт арга хэмжээнүүд авахаар болжээ.

Одоогоор Шинэ Зеланд улсад нөхцөл байдал харьцангуй хурцадмал биш, онц байдлын 1-р түвшинд байгаа тул шүүх хуралдаанд биеэр оролцож байгаа бөгөөд  зарим оролцогч цахимаар оролцох зэрэг олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Шүүн таслах ажиллагаанд гэрчүүдийг  дахин оролцуулж эхэлсэн  бөгөөд  заавал биеэр оролцох ёстой юм. Шүүхэд ирж буй иргэд бүртгэлийн хэсэгт бүртгэл хийлгэх, олон нийтийн газар болон шүүх хуралдааны танхимд маск зүүх, харин шүүхээс өгсөн чиглэлийн дагуу хуралдаанд оролцогч зарим тохиолдолд маскаа авч ярих боломжтой болсон байна.

 

КАНАД УЛС

Цар тахлын нөхцөл байдлаас хамааран Канад улсын шүүх байгууллага тодорхой өөрчлөлтүүдийг хийжээ. Үүнд шүүхийн үйл ажиллагаа нь ихэвчлэн цаасан хэлбэрээр явагддаг байсан тул цар тахлын үед хүн хоорондын харилцааг бууруулах зорилгоор нотлох баримт болон холбогдох бусад бичиг баримтыг шуудан болон цахим шуудангаар хүлээж авч эхэлсэн байна. Цахим шуудангаар нотлох баримт болон холбогдох бичиг баримтуудыг хүлээж авснаар цахим шууданд хэт их ачаалал үүсэх төвөгтэй нөхцөл бий болсон байна.

Үүнээс үзэхэд цахим нотлох баримт хүлээж авах тодорхой платформ шаардлагатай болсон. Мөн цахим хэлбэрээр шүүх хуралдаан явуулж эхэлсэн бөгөөд энэ талаар шүүгчдэд зохих сургалт явуулж, цахим шүүх хуралдааныг амжилттай явуулж чаджээ. Хууль эрх зүйн талаар цар тахалтай холбоотойгоор тодорхой өөрчлөлтийг хийгээгүй ч шүүх байгууллагууд болон төрийн зохих байгууллагуудтай уялдаа холбоотой ажилласан байна.

 

БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙЖАН УЛС

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Дээд шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар авах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрээр 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нэн яаралтай шийдвэрлэх шаардлагагүй бүх хэргийн шүүх хурлыг хойшлуулсан байна. Иргэний маргаан, худалдааны маргаан болон захиргааны хэргүүдийг шүүхийн “Цахим Шүүх” мэдээллийн системд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөжээ.  Таслан сэргийлэх, тэр дундаа таслан сэргийлэх арга хэмжээг  сунгах зэрэг асуудлыг цахим хурлаар  шийдвэрлэж байна. Мөн зарим төрлийн иргэний хэргийн шүүх хуралдаанд виртуал байдлаар оролцох программ ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.

Тус улсын Дээд шүүхээс гаргасан зөвлөмжид:

  • Шүүхийн байруудыг ариутгаж халдваргүйжүүлэх,
  • Шүүхийн ажилчид, шүүгчдийг халдвар хамгааллын хэрэгслүүдээр хангах,
  • Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн биеийн халууныг шалгаж нэвтрүүлэх,
  • Эрсдэлтэй бүлэгт хамаарч буй шүүхийн ажилчдыг гэрээс ажиллуулах,
  • Дээрхээс бусад ажилчдыг ээлжийн хуваарь гарган ажиллуулах,
  • Зөвхөн цахимаар нэхэмжлэл, хүсэлтээ гаргах
  • Хөл хорионы үед ерөнхий мэдээлэл өгөх болон шүүхийн ажиллагаатай холбоотой асуудлаар хариулах тусгай дугааруудыг ажиллуулах,

 

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛС

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Дээд шүүхээс Коронавируст халдварын цар тахлын үед авах арга хэмжээний талаар нэгдсэн шийдвэр гаргасан байна.

Үүнд:

  • Баримт бичиг хүлээн авах, явуулахтай холбоотой бүх ажиллагааг түр хугацаанд зогсоох, шаардлагатай хэрэг маргаантай холбоотой бичиг баримтыг утсаар эсхүл цахимаар хүлээн авах, явуулах,
  • Шүүхийн байранд захиргааны ажилтнууд болон шүүгчээс бусад иргэд, холбогдох хүмүүсийг орохыг хориглох,
  • Шүүхийн тамгын газрын дарга нар шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нарийн бичиг нарын ажил үүргийн хуваарийг баталж, шүүхийн үйл ажиллагааг явуулах тусгай алба ажиллуулах,
  • Дээрх тусгай албанд багтаагүй бусад шүүгч, ажилтнууд шүүхийн байр луу орохыг хориглох,
  • Шүүхийн байрны үүдэнд нэг цэгийн үйлчилгээг ажиллуулж, тогтмол халдваргүйжүүлэлт хийх,
  • Шүүхийн байрны үүдний хэсэгт хамгийн ойр шүүх танхимд ажиллах нөхцөлөөр хангах,
  • Хэргийг зөвхөн утсаар болон цахим хаягаар урьдчилан мэдэгдсэн тохиолдолд бүртгүүлэх,
  • Шүүхүүд энэ талаар албан ёсны веб сайтдаа мэдээлэл болгон байршуулах,
  • Онцгой нөхцөл байдлын зэрэг дуусах үед, шүүхийн тамгын газрын дарга нар шүүгчийн ажилласан байдлын талаар тайлан бэлтгэх зэрэг зөвлөмжийг гарган нийт шүүхүүддээ хүргүүлжээ.

 

 

   АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

            АНУ-ын нийт шүүхүүд цар тахлын үед шүүн таслах ажиллагааг хэрхэн явуулах,  цар тахлын эсрэг авах арга хэмжээ, зохион байгуулалттай холбоотой гаргасан шийдвэрийг шүүх тус бүр веб хуудаснаа байршуулсан байна. Тухайлбал АНУ-ын Дээд шүүх нь цар тахлын үед бүх шүүх хурлыг онлайнаар явуулж байна . Шүүгч болон өмгөөлөгч нар нь зайнаас шүүх хуралд оролцож байгаа бөгөөд шүүх хурлын аудио бичлэг болон шүүх хурлын тэмдэглэлийг шүүхийн веб хуудаснаас үзэх боломжтой. АНУ нь нэхэмжлэл гаргах систем (Electronic filing system)-ийг ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах боломжийг бүрдүүлсэн байна. Өмгөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бүх иргэд уг системээр дамжуулан нэхэмжлэл гаргах зайлшгүй шаардлагатай юм. Харин өмгөөлөгчгүй оролцож байгаа иргэд нэхэмжлэлээ бичгээр гаргаж болох төдийгүй гаргасан нэхэмжлэлээ сканердаж, тус системд оруулах боломжтой. Шүүх хуралдаанд оролцогчид хүсвэл шүүх хуралдаанд биечлэн оролцохоос татгалзсан хүсэлтийг гаргаж болох юм. Мөн нотлох баримт болон холбогдох бусад баримт бичгийг цахим шуудангаар хүлээж авах, эсхүл баримт бичиг хүлээж авах цэгт тодорхой цагуудад материалыг хүлээн авах зэргээр ажиллаж байна. Түүнчлэн шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулах, хэргийн оролцогчид интернэт ашиглан онлайн хуралдаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, онлайн хэлбэрээр оролцох боломжгүй бол дэлгэцээр зохион байгуулах боломжтой. Цахим болон дэлгэцээр зохион байгуулах тохиолдолд шүүгч, шүүгчийн туслах, өмгөөлөгч, прокурор хуралдааныг цахим ямар платформ ашиглан явуулах талаар зөвшилцөх гэх мэт үр дүнтэй аргуудыг хэрэглэж байна.

АНУ-ын Техас мужийн шүүхийн тухайд тодруулбал:

Шүүхүүд биечилсэн хэлбэрээр шүүх хуралдааныг явуулж болохгүй бөгөөд тусгай төлөвлөгөөний дагуу шүүх хуралдааныг биечилсэн хэлбэрээр дахин явуулах өдрийг мужийн шүүгч, захирагчтай хэлэлцсэний үндсэн дээр явуулах ажээ. Дээр дурдсан тусгай төлөвлөгөө гэдэгт шүүгч, шүүхийн захиргааны ажилтны эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх, халдварын ямар нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд танхимд орохыг хориглох, шүүх хуралдаанд оролцох хүмүүсийн тоог боломжтой хамгийн цөөн тоонд байлгах, 65 болон түүнээс дээш настай эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг шүүхээр биечлэн үйлчлүүлэхийг боломжит байдлаар хязгаарлах, хүлээлгийн танхим, цахилгаан шат, үүдний хэсэг зэрэг хүн хоорондын тогтоосон зайг баримтлах боломжгүй газруудад хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар онцгойлон анхааран ажиллах, шүүхийн байрны боломжтой бүхий л газруудад салфетка, гар ариутгагч байршуулах, түүнчлэн зориулалтын маск зүүсэн иргэдийг нэвтрүүлэх хийгээд шүүхийн байрны ариутгал, цэвэрлэгээтэй холбоотой бүхий л зааварчилгааг гарган төлөвлөгөө батлуулан ажиллах юм байна.

 

БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛС

     Тус улсын шүүхийн захиргаанаас Коронавируст цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь шүүх байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг саад учруулахгүй гэж мэдэгджээ. Энэ онцгой нөхцөл байдлын үед ч Латви улсын шүүх иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэдэнд шударга ёсны үйлчилгээг үзүүлэх болно хэмээжээ.

Иймд:

  • нэн яаралтай шийдвэрлэхээс бусад хэргүүдийн шүүх ажиллагааг хойшлуулах,
  • зайлшгүй тохиолдолд шүүх хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах,
  • шүүх хуралдааныг танхимд зохион байгуулах бол хүн хоорондын зайг 2м-ээр тооцож, зохион байгуулалтын ажлыг хангах,
  • хэрэг шийдвэрлэх, бүртгэж авахтай холбоотой бүх ажиллагааг бичгээр явуулах,
  • бүх төрлийн бичиг баримтыг шуудангаар эсхүл цахим хаягаар хүлээн авах,

Түр хойшлогдсон шүүх хуралдааны тухайд оролцогч талуудад энэ талаар мэдэгдэх бөгөөд онцгой нөхцөл байдлын зэрэг буурах үед шүүх хуралдааныг таслалдуулалгүй явуулах арга хэмжээг шүүхээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.  Хэрэв шүүхийн ажилтан, албан хаагч хэрэгт хамаарах хуульч, өмгөөлөгч иргэдтэй уулзах бол тухайн хүнийг коронавирусээр өвчлөөгүй, халдварын шинж тэмдэг илрээгүй мөн коронавирусын халдвараар өвчилсөн хүнтэй ойрын контакт болоогүй зэргийг гэрчилсэн хүсэлт гарган уулзах боломжтой. Иргэд шүүх ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг www.manas.tiesas.lv веб сайтаас авах боломжтой юм.

  

 БҮГД НАЙРАМДАХ МОЛДАВ УЛС

Коронавируст халдварын эрчимтэй тархалтын улмаас Молдав улсын Засгийн газар 2020 оны 3 дугаар сараас 5 дугаар саруудын хооронд онц байдал зарласан бөгөөд шүүх байгууллагын үйл ажиллагаанд томоохон сорилт боллоо гэж тус улсын Шүүхийн захиргааны агентлагаас мэдэгдэв. Иргэдэд шударга ёсны үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүднээс дараах арга хэмжээнүүдийг авч ажилласан байна.

     Үүнд:

Бүгд Найрамдах Молдав Улсын Онцгой байдлын комиссын 2020 оны 3,4 дүгээр саруудад гаргасан шийдвэрт шүүх байгууллага хэрхэн ажиллах тухай тусгажээ.

  • Нэн яаралтай шийдвэрлэхээс бусад иргэний болон эрүүгийн хэргүүдийг 5 дугаар сарын 15 хүртэл хойшлуулах,
  • Иргэний болон эрүүгийн зарим нэг чухал хэргүүдийг шүүхийн захиргаатай хэлэлцсэний дагуу цахим хэлбэрээр  зохион байгуулах, шүүн таслах ажиллагаатай холбоотой бүх бичиг баримтыг зөвхөн цахим хаягаар хүлээн авах,

Онцгой байдлын комиссын шийдвэрт 2019 оноос эхэлсэн хугацаанаас өмнө нь суллахтай холбоотой хэргүүдийг цахим  шүүх хурал зохион байгуулж шийдвэрлэх тухай заажээ. Дээрх хугацаанд Молдав улсын шүүх нийт 600 гаруй цахим шүүх хурлыг явуулж, мөн цахим хурлыг таслан сэргийлэх  хугацааг сунгах зэрэг асуудалд ашигласан байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон энэ үед цахим шүүх хурал нь шударга ёсны үйлчилгээг хүргэж ажиллахад ихээхэн нөлөө үзүүлснийг онцолжээ. Энэ маягаар дараа дараачийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийг ашиглах нь хамгийн чухал шийдвэрлэх ажил юм гэж тус улсын Хууль зүйн яам үзэж байна.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН,

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ХАМТРАН БЭЛТГЭВ