Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 27 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн сургалтын 2020 оны нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу “Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалт”-ыг 2020 оны есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд шүүхийн сургалтын “Баяндөхөм” цогцолборт зохион байгууллаа.

 

     

     Энэ удаагийн сургалтын зорилго нь шүүхийн бус журмаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт болон эвлэрлийн гэрээ боловсруулахад анхаарах асуудлын хүрээнд хийж байна. Ялангуяа иргэний эрх зүйн болон гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэх ажиллагааг явуулахад эвлэрүүлэн зуучлагчийн  эзэмшвэл зохих онолын мэдлэг, чадвар, сэтгэл зүй, харилцаа хандлагын талаар  гүнзгийрүүлэн судлах, түүнчлэн  эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаандаа баримтлах ёс зүй, эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, гадаад орны туршлагад үндэслэсэн онолын мэдлэг олгож, ажилд нь дадлагажуулах,  чадавхийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм. 

 

 

   

      Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нээж, сургалтын ач холбогдол, үр дүнг тодотгож, эвлэрүүлэн зуучлагчдын хувь хүний хөгжил, нийгмийн мэдрэмж, харилцаа хандлага, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд сурталчлахад эвлэрүүлэн зуучлагчдын чадавх, идэвхтэй оролцоо чухал болохыг онцлон дурдаад, сургалтад амжилт хүслээ.

     Тус сургалтыг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга болон гишүүд удирдан явууллаа.  Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2019 он болон 2020 оны эхний хагас жилийн үндсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ”, Отгонтэнгэр их сургуулийн Хуулийн тэнхимийн багш Р.Очирбал “Үндэсний эрх зүйн тогтолцоонд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эзлэх байр суурь, Олон улсын чиг хандлага” сэдвээр хичээл заалаа. Харин ‘’Өөрчлөлтийг чиглүүлэгч’’ төвийн захирал П.Бямбасүрэн “Эвлэрүүлэн зуучлахад харилцааны үүрэг”, ’Өөрчлөлтийг чиглүүлэгч’’ төвийн зөвлөх, сургагч багш, сэтгэл хэл шинжлэлийн ухааны доктор Д.Сүрэнчимэг “Эвлэрүүлэн зуучлахад харилцааны үүрэг, эвлэрэх талуудтай харилцах харилцааны ялгаа”, МУИС-ийн ХЗС-ийн хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор С.Болормаа  “Гэр бүл болон Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны тухай эрх зүйн ойлголт, захиргааны журмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, түүний эрх зүйн үр дагавар” сэдвээр хичээл заалаа. Мөн Сэтгэл судлалын үндэсний төвийн судалгааны албаны дарга, сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд “Гэр бүлийн харилцаанаас маргаан үүсэх түгээмэл шалтгаан, гэр бүлд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал”, Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ “Банк санхүүгийн байгууллагын нэгдсэн холбоо дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах боломж эрх зүйн үндэслэл” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа. 

      Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2019, 2020 оны эхний 3 улирлын үндсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ болон   Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж, эвлэрүүлэн зуучлагчдаар эвлэрлийн гэрээний төсөл бичих даалгаврыг гүйцэтгүүлэн, нийтлэг гаргаж буй алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлуудыг зөвлөв. Сургалтад нийслэл болон орон нутаг дахь шүүхийн нийт 41 эвлэрүүлэн зуучлагч  хамрагдлаа.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР