ШҮҮХЭД БАЯРЛАЛАА
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар Г.Цэрэнбатын нэхэмжлэлтэй, Иргэний хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.Цэрэнбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нартай уулзаж, ярилцлага авлаа.
Асуулт: Өөрсдийгөө танилцуулаад, ямар асуудлаар шүүхэд хандах болсон бэ? гэхэд
Хариулт: Намайг Г.Цэрэнбат гэдэг нэхэмжлэгчээр оролцсон.
Намайг Д.Оюунчимэг гэдэг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр шүүхэд оролцож байна. Бид Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж "... Ажилд эргүүлэн тогтоолгох, Г.Цэрэнбат миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин, бусад олговрыг гаргуулах” талаар нэхэмжлэл гаргасан.
Асуулт: Таны нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар ярина уу? гэхэд
Хариулт: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг бид хүлээн зөвшөөрөхгүй гээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв.
Асуулт: Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан өнөөдөр болсон байна. Ямар шийдвэр /магадлал/ гарсан бэ? гэхэд
Хариулт: Бидний гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэргийг бүх талаас нь шийдвэрлэсэнд маш их баярлаж байгаагаас гадна танай шүүхийн үйлчилгээ маш сайн байгааг дахин дахин хэлмээр санагдлаа.Танай шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсэе гэв.
Жич: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрсдийн нэрийг нийтлэхийг зөвшөөрсөн болно.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР