Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн О.Жанчивнямбуу, Л.Өлзийжаргал, Х.Эрдэм-Ундрах нар “Хүн төвтэй шударга ёсыг цогцлоож, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх нь” сэдэвт шүүх эрх мэдлийн байгууллагуудын удирдлагын уулзалтад 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр оролцлоо.

 

Уулзалтад Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи зэрэг шүүх эрх мэдлийн байгууллагуудын удирдлагууд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны үр дүн, сургамж, туршлагын талаар хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн салбарын сүүлийн үеийн шинэчлэл, тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсад шинээр Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаа нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах, гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн мэргэшсэн тогтолцоог илүү хүн төвтэй шударга ёсыг бэхжүүлэхэд чухал шинэчлэл болж байгаа талаар онцлон тэмдэглэв.

 

 

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийгл Монгол Улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд "Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь", Европын Холбооны санхүүжилттэй “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны туршлага, үр дүнгийн талаар хуваалцлаа.

 

Тэрбээр цаашдын хамтын ажиллагаанд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, түр саатуулах байрны орчин, нөхцөлийг сайжруулах, донтолттой холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх замаар иргэдийн итгэлийг бэхжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн үндэстэн дамнасан цахим гэмт хэрэг, хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарах, нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хувийн хэвшлийг нийгмийн хариуцлагын хүрээнд татан оролцуулах талаар санал хэллээ.

 

 

Хүн төвтэй шударга ёсыг бэхжүүлэхэд шүүхийн байгууллагуудын мэргэшсэн байдал, байгууллага хоорондын уялдаа холбоо, олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Иймд шүүх эрх мэдлийн байгууллагууд болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, сайн туршлагыг нэвтрүүлэх нь шүүхийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ