1. Цахим шүүхийн ойлголт, түүний давуу болон сул тал

Цахим шүүх гэдэг нь энэ талаарх туршлага аль хэдийн нэвтэрсэн (АНУ[2], Сингапур[3], Солонгос[4] гэх мэт) гадаадын зарим улсын жишгээс харахад дараах нөхцөлийг бүрдүүлсэн шүүхийг ойлгодог байна.[5] Үүнд:

  1. Нэхэмжлэл, хариу тайлбар болон бичгийн хэлбэрээр шүүхэд гаргадаг бусад мэдүүлэг, тайлбар, хүсэлт, бичмэл нотлох баримтыг цахим хэлбэрээр мэдүүлэх (e-Filing)www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー
  2. Шүүх хурал болон урьдчилсан хэлэлцүүлэг зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид шүүхэд биечлэн ирэлгүйгээр TV conference, Web conference зэрэг технологийг ашиглан оролцох (e-Court)
  3. Зохигчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэл, хариу тайлбар, бусад баримт бичиг, нотлох баримт гэх мэт цахим мэдээлэлд шаардлагатай үед, хялбар байдлаар онлайн орчинд нэвтэрч, хэргийн хөдөлгөөнд хяналт тавьдаг байх (e-Case Management) гэсэн 3 үндсэн шаардлагыг хангасан шүүхийг ойлгодог байна.

Гэсэн хэдий ч дээрх орнуудын туршлагаас харахад e-Filing, e-Case Management нь цахим шүүхийн үйл ажиллагааны гол цөм хэсэг юм. Харин цахим шүүх нэвтэрсэн байсан ч зохигчдын өмгөөлөгч шүүх хуралд биечлэн оролцох нь зүйтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд Web conference технологийг ашигладаг байна.[6]

Цахим шүүхийг нэвтрүүлэхийн ач холбогдол, давуу талыг дараах байдлаар ойлгож болно.[7] Үүнд:

  1. Цаасан суурьтай бичиг баримт, нотлох баримтыг боловсруулж, шүүхэд гаргахад шаардагдах зардал, цаг хугацаа, ажлын ачааллыг бууруулах боломжтой. Бичмэл баримт, нотлох баримтыг цахимжуулж, тэдгээр цахим хэлбэрийн мэдээллийг интернетээр дамжуулж үзэж танилцах, шинжлэн дүгнэх боломжтой болно. Ингэснээр цаасан суурьтай бичиг баримт, нотлох баримтуудыг шүүхэд гаргах, шуудангаар илгээхэд шаардагдах зардал, цаг хугацаа, ажлын ачааллыг бууруулж, иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрхийг илүү хялбарчлах боломжтой юм.
  2. Нийгмийн дийлэнх салбарт цахимжилт хурдацтай нэвтэрч байгаа энэ цаг үетэй шүүхийн үйл ажиллагаа уялдах шаардлага үүсэж байна. Нийгмийн олон салбарт мэдээллийг цаасан дээр тэмдэглэж, цаасан байдлаар хадгалах бус цахим хэлбэрт шилжүүлж, ашиглаж байна. Мэдээллийн урсгал ч цаасан суурьтай баримтыг шуудан, факсаар явуулах бус интернетийг ашиглан цахим хэлбэрээр явуулж байна. Ийм нөхцөлд хэдий болтол шүүх бичиг баримт, бусад бичмэл нотлох баримтыг цаасаар хадгалж, түүнд хяналт тавьж, шуудан, факсаар дамжуулж шинжлэн дүгнэх ажиллагааг хийсээр байх вэ гэдэг асуудал урган гарна.
  3. Иргэдийн өмгөөлөгчөөр үйлчлүүлэх боломж илүү өргөн болох боломжтой. Ихэнх өмгөөлөгч, хуулийн фирмүүд ажлын бүтээмжээ харгалзан аль болох шүүхтэй ойр газар, хотын төвд төвлөрөх үзэгдэл түгээмэл байдаг. Тэгвэл e-Court буюу цахим шүүх хуралдаан хийх боломжтой болсноор өмгөөлөгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шүүх хуралд оролцох, иргэд ч илүү олон өмгөөлөгчөөр үйлчлүүлэх боломж дээшлэх юм.
  4. Хавтаст хэргийн хадгалалт, хамгаалалт сайжрах боломжтой. Хавтаст хэргийг цаасаар хадгалж, хамгаалахаас илүүтэйгээр цахим хэлбэрт шилжүүлж, хадгалах нь зай талбай хэмнэх, мөн олон хард дискенд цахим мэдээллийг хадгалж, шинэчлэлт хийх нь шүүхийн архив гал, усны аюул, байгалийн гамшигт өртөж устах магадлал буурах юм.

Мөн цахим шүүх нь дээрх давуу тал, ач холбогдолтойгоос гадна дараах харгалзан авч үзэх асуудлууд бий. Тухайлбал мэдээллийн технологийг хэрэглэж, дадаагүй хэргийн оролцогч болон өмгөөлөгчгүйгээр оролцож байгаа зохигч нарт хэрхэн дэмжлэг үзүүлж, шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжоор нь хангах вэ гэдэг том асуудал юм.[8]

Ийнхүү цахим шүүхийн хөгжил, тухайн улсын шүүх хэрхэн цахимжиж байгаа талаарх Япон, БНСУ, Сингапур, БНХАУ, Зүүн Карибын тэнгисийн улсууд зэрэг улсыг сайн туршлагыг судалж, мэдээллийг бэлтгэн дараах байдлаар танилцуулж байна.

  1. Япон улсын шүүхийн цахимжилт

Тус улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд авч үзэхэд цахим шүүх нь дараах хүрээнд нэвтэрсэн байна.[9] 1996 онд батлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зарим урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Telephone conference технологийг ашиглан хийх, алс газарт оршин суугаа гэрчээс мэдүүлэг авахдаа TV conference технологийг ашиглах зэргээр мэдээллийн технологийг шүүхэд нэвтрүүлж ирсэн байна.

2004 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цахимаар нэхэмжлэл гаргах боломжтой болжээ (мөн хуулийн 132-р зүйлийн 10 дахь хэсэг). Гэсэн хэдий ч цахимаар нэхэмжлэл, тайлбар, хүсэлт гаргахыг хүлээн зөвшөөрсөн Дээд шүүхийн журам батлагдаагүй тул одоог хүртэл эдгээр баримт бичгүүдийг цахим хэлбэрээр гаргах боломжгүй нөхцөлд байгаа аж.

2006 онд өр төлбөрийг шуурхай барагдуулах ажиллагаанд цахимаар хүсэлт гаргах боломжтой системийг ашиглалтад оруулсанаар идэвхтэй ашиглаж байна.[10]

Харин сүүлийн үеийн нөхцөл байдлаас нь танилцуулахад Дэлхийн банкнаас гаргадаг “Doing Business” тайлангийн (дэлхийн 190 улсыг хамарсан, бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой 10 салбарыг сонгож, жагсаадаг судалгааны тайлан) 2017 онд “Бизнесийн орчин, олон улсад өрсөлдөх чадварын талаас, мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн талаас Япон улсыг шүүхийн цахимжилтыг түргэсгэх шаардлагатайг онцолжээ. Үүнээс үүдэн тус улсын засгийн газар “Ирээдүйн хөрөнгө оруулалтын стратеги 2017” баримт бичигт “Шуурхай бөгөөд үр нөлөөтэйгөөр шүүхийн үйлчилгээг хүргэх, бусад улсын туршлагыг харгалзан шүүхийн процесс ажиллагааны баталгаа, мэдээллийн аюулгүй байдлыг багтаасан цогц шийдэл бүхий холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаатайгаар, шүүхээр үйлчлүүлэгч иргэдийн өнцгөөс харсан шүүхийн цахимжилтыг хангах бодлогыг шуурхай судалж, үр дүнг энэ онд багтаан танилцуулах” гэж дурдсан байна.[11] Ингээд 2017 оны 10 дугаар сард “Цахим шүүхийг судлах ажлын хэсэг” байгуулагдсан юм. Тус ажлын хэсэг нь 2018 оны 3 дугаар сарын 30-нд “Шүүхийг цахимжуулах үйл ажиллагаанд чиглэсэн 3е[12] зарчмын талаарх судалгааны тайлан”г гаргасан.[13]

Тус тайланд Япон улсад шүүхийн цахимжилт нь 3 үе шаттайгаар явагдахаар заасан.[14] 1-р үе шатанд хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлагагүйгээр одоогийн мөрдөгдөж буй хуулийн хүрээнд IT-ийн тоног төхөөрөмжийг шаардлагатай газар суурилуулах, цахим шүүхийн үйл ажиллагааг туршилтын журмаар хэрэгжүүлж, орчныг сайжруулах арга хэмжээ юм. Тухайлбал Telephone conference-ийн технологи дээр нэмээд Web conference-ийн технологийг ашиглан илүү үр дүнтэй, бүтээмжтэй урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг турших боломжтой. 2020 оны 2 дугаар сараас эхлэн Япон улсад Токиогийн орон нутгийн шүүх болон бусад холбогдох шүүхэд “Web conference-ийн технологийг ашигласан урьдчилсан хэлэлцүүлгийн хурал” явагдаж эхлэх төлөвлөөгөөтэй байна.

Энэхүү шатанд “Teams[15]” гэдэг программыг ашиглан урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг явуулахаар төлөвлөжээ. Тус программыг интернэтээс үнэгүйгээр татан авах боломжтой. Интернэт орчны хувьд утасгүй гэхээс илүүтэй утастай интернэт ашиглавал зохимжтой юм. Компьетерт тус программыг суулгасны дараа ашиглахад хялбар байх үүднээс микрофон суурилуулбал дуу илүү сайн сонсогддог байна. Мөн тус программыг ашиглахын тулд майкрософтын аккаунтад бүртгүүлсэн мэйл хаягийг ашиглах шаардлагатай. Тус программыг суулгаснаар файл солилцох, дамжуулах, нэг дэлгэцээс харах бүрэн боломжтой болох юм.

2-р үе шатанд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэрэгжих боломжтой арга хэмжээ юм. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зохигчдыг шүүхэд ирүүлэх шаардлагагүй эхний удаагийн шүүх хурал болон урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг шинэ хэлбэрээр хийх боломжийг тогтолцооны хувьд нэвтрүүлж, хэрэгжүүлэх юм.

Сүүлийн шатанд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын сацуу систем болон IT-ийн орчныг сайжруулсны дараа цахимаар нэхэмжлэл гаргах, e-Filing, e-Case Management-д шилжиж, цахим шүүхийн тогтолцоо болон түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээ багтана. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар цахим шүүхийн үйл ажиллагаа нь хууль зүйн хувьд хэрэгжих боломжтой болно. Гэвч үүний дараа тодорхой түвшинд мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, хэргийн оролцогчдоос гаргасан бичмэл баримт, нотлох баримтыг цахим хэлбэрээр хүлээн авч, хадгалах систем хэрэгтэй юм. Энэхүү системийг бүрэн ашиглалтад оруулснаар e-Filing, e-Court, e-Case Management бүхэлдээ хууль эрх зүйн хувьд ч, практикт ч бүрэн хэрэгжих боломжтой болох юм.

2022 он гэхэд цахим шүүхийн үйл ажиллагааг нэвтрүүлэхтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдах төлөвтэй байна.[16] Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бичмэл баримт, бусад нотлох баримтуудыг цаасаар биш цахим хэлбэрээр шүүхэд гаргахыг зохигчид болон тэдний өмгөөлөгч нарт үүрэг болгох ёстой юу?[17] Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож байгаа зохигчийн шүүхэд хандах эрхийг хэрхэн баталгаажуулах вэ? Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шууд, тасралтгүй явагдах зарчмын дагуу гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг ямар нөхцөл дор, хэрхэн онлайн шүүх хурлын үеэр хэрэгжүүлэх вэ гэсэн асуудлууд урган гарна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шууд явагдах зарчим болон цахим шүүхийн хоорондын уялдааг хэрхэн хангах вэ гэсэн асуудал тулгарах юм.[18]

Япон улсад шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох зарчим үйлчилдэггүй бөгөөд иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэрэгт өмгөөлөгчгүй оролцсон зохигчид нэлээдгүй хувийг эзэлдэг байна. Тэгэхээр өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа зохигчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, e-Filing, e-Case Management-ийн хэрэгжилтийг хангахын тулд тус зохигчийг дэмжих дагнасан тогтолцоо, хууль зүйн зохицуулалт шаардлагатай юм.[19]

Энэ талаар Япон улсын өмгөөлөгчдийн холбооноос цахим шүүхэд өмгөөлөгчгүй оролцож буй зохигчид хэрхэн дэмжлэг үзүүлж ажиллах тухай бодлогын чиг баримжааг тодорхойлсон баримт бичгийг гаргасан.[20] Үүнд тус улсын төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх төв болон бусад холбогдох төрийн байгууллага, өмгөөлөгчдийн холбоод шаардлагатай арга хэмжээг боловсруулж, авах тухай дурджээ. Мөн нөгөө талаас IT-ийн хэрэглээг дэмжээд ирэхийг дагаад өмгөөлөгч авахгүй байх зохигчдын тоо өсөх магадлалтайг анхааруулжээ. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож буй иргэний шүүхэд мэдүүлэх эрхийн баталгааг хангахын зэрэгцээ цахим шүүхийн үйл ажиллагаа нэвтэрсэн ч нас, ажил мэргэжил, оршин байгаа газар зэргээс нь шалтгаалан өмгөөлөгчгүйгээр цахим шүүхээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй байгаа иргэний шүүхэд мэдүүлэх эрхийн баталгааг бүрэн хангахуйц арга хэмжээг авах шаардлагатайг онцолсон юм.

Цахим шүүхийн үйл ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож байгаа иргэнд үзүүлэх туслалцааг ерөнхийд нь 2 байдлаар авч үзсэн. Үүний нэг нь IT-ийн төхөөрөмжийг ханган нийлүүлэх, хэрэглэх зааврыг өгөх зэргээр IT literacy /мэдээллийн технологийн мэдлэг олгох/ буюу хэлбэрийн төдий туслалцааг хамааруулсан байна. Тухайлбал нэхэмжлэгчийн цаасаар гаргасан нэхэмжлэлийг хэрхэн PDF хэлбэрт оруулж, цахимаар шүүхэд гаргах вэ зэрэг асуудал багтах юм.

Нөгөө нь хууль зүйн анхан шатны зөвлөгөө зэргийг багтаасан хууль зүйн үйлчилгээтэй хамтатгасан туслалцаа буюу агуулгын туслалцааг хамааруулсан. Үүнийг хувь өмгөөлөгч болон өмгөөлөгчдийн холбооны хариуцах ажил гэж үзсэн байна.

Хэлбэрийн болон агуулгын туслалцааг авахад төлбөрийн чадваргүй иргэдийн хувьд тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх төвөөс өгөх мэдээлэл, зөвлөгөө нь нэн шаардлагатай юм. Тус төв нь төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөлөгч олж өгдөг одоогийн зохицуулалтын хүрээнээс давж, илүү өргөн хүрээний IT-ийн туслалцаа үзүүлэх, IT-ийн тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах талаар дэмжлэг үзүүлэх нь зохистой байна.

    1. Хэсгийн дүгнэлт

Тус улсад 2006 онд өр төлбөрийг шуурхай барагдуулах ажиллагааг цахимаар явуулж эхэлснээс өөрөөр цахим шүүхийн системийг шүүхийн практикт төдийлөн ашигладаггүй байсан. Харин цахим шүүхийг нэвтрүүлсэн бусад улстай харьцуулахад харьцангуй хожуу буюу 2017 оноос цахим шүүхийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох судалгаа шинжилгээний ажил явагдаж эхэлсэн байна. Судалгааны тайлангаас үзэхэд тус улс нь 2022 он гэхэд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт хийж, бэлтгэл ажлыг хангаснаар цахимаар нэхэмжлэл гаргаж, цахимаар хэргийн хөдөлгөөнд хяналт тавьж, цахимаар шүүхэд хуралд оролцох бололцоо бүхий цахим шүүхийг бүрэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүний эхний хэсэг болгож 2020 оны 2 дугаар сараас эхлэн Токиогийн орон нутгийн шүүх болон бусад холбогдох шүүхэд “Web conference-ийн технологийг ашигласан иргэний хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал” явагдаж эхэлжээ. Энэхүү шатанд “Teams” гэдэг программыг ашиглаж байгаа аж.

Гэхдээ цахим шүүхийг нэвтрүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын хүрээнд бичмэл баримт, бусад нотлох баримтуудыг цаасаар биш цахим хэлбэрээр шүүхэд гаргахыг зохигчид болон тэдний өмгөөлөгч нарт үүрэг болгох ёстой эсэх. Өөрөөр хэлбэл цахим шүүх нэвтэрсэн ч цаасаар нэхэмжлэл гаргах ажиллагаа хэвээр байх уу? Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож байгаа зохигчийн шүүхэд хандах эрхийг хэрхэн баталгаажуулах вэ? Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шууд, тасралтгүй явагдах зарчмын дагуу гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг ямар нөхцөл дор, хэрхэн онлайн шүүх хурлын үеэр хэрэгжүүлэх вэ гэсэн асуудлууд урган гарахыг тооцож байна. Мөн цахим шүүхээр үйлчлүүлж байгаа хэрэглэгчийг мөн бишийг хэрхэн таньж бүртгэх, мэдээллийг баталгаажуулах вэ, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, цаасаар гаргасан нэхэмжлэлийг хэрхэн цахим хэлбэрт оруулж, бүртгүүлэх, цахим орчинд солигдож байгаа файлуудыг хэрхэн хүргэгдсэн, хүлээн авсан гэдгийг баталгаажуулах, хууль сахиулах болон төрийн байгууллага хоорондын мэдээллийн нэгдсэн сан, систем бий эсэх, иргэнээс гадна эрүү, захиргааны хэргийн шүүхэд цахимаар нэхэмжлэл гаргах системийг нэвтрүүлж болох эсэх, цахим шүүх нь зөвхөн анхан шатны шүүхэд хэрэгжих ёстой эсэх зэрэг олон асуудлуудыг хууль зүйн болон мэдээллийн технологийн хувьд шийдвэрлэх шаардлага үүсэх нь тодорхой юм.

  1. БНСУ
    1. Цахимаар нэхэмжлэл гаргах систем /Electronic case filing system (ECFS)/[21]

                Цахимаар нэхэмжлэл гаргах систем нь Солонгос улсын цахимаар шүүн таслах ажиллагааг явуулах систем юм. Энэхүү систем нь зохигчид болон тэдний өмгөөлөгчид цахимаар нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдах, мөн цахимаар шүүхээс өгч буй мэдээлэлд нэвтрэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг олгосон нэгдсэн систем юм. Энэ системийг ашиглан нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчид хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргах үед энэ тухай е-мэйл болон гар утасны мессежээр мэдээлэл хүрдэг. Хариуцагч тал цахим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор зөвшөөрсөн бол мөн эсрэг талаас тайлбар гаргасан тухай мэдээллийг цахимаар хүлээн авдаг. Цахимаар хэргийн материалтай танилцах болон процесс ажиллагаанд оролцохтой холбоотой эдгээр мэдэгдлүүд нь энэхүү системийг ашиглаж буй хэргийн бүх оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхцөл байдлыг шуурхай хянах боломжийг бүрдүүлдэг.

Мөн энэхүү системийн хэргийн хөдөлгөөнд хяналт тавих программ нь шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудад цахим хэргийн материалтай танилцах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шуурхай хяналт тавих гэх мэтээр тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илүү үр нөлөөтэй зохион байгуулахад тустай байдаг. Тус систем нь цаасан суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг орлох замаар цахим шүүн таслах ажиллагаанд шилжих нэгэн шинэ алхмыг тавьсан. Бүх бичмэл нотлох баримт зэрэг цахим хэргийн материалыг төв мэдээллийн баазаас авч, тэдгээрийг шүүх хурлын танхим дахь монитор болон том дэлгэцээр харах боломжтой учраас шүүгч нь цаас ашиглахгүйгээр шүүх хуралдааныг явуулах бололцоотой. Хувь хүний нууц болон мэдээллийн аюулгүй байдлын үүднээс цахим хэргийн материалд зохигчид болон тэдний өмгөөлөгч нэвтрэх боломжтой бөгөөд олон нийтэд хаалттай байдаг.

Тус системийг зургаар үзүүлбэл:

 

/Цахимаар нэхэмжлэл гаргах системийн бүдүүвч (Electronic case filing system (ECFS)/[22]

Тус систем нь талуудыг тухайн хэрэгтэй холбоотой асуудлаар санхүүгийн байгууллага, улсын бүртгэлийн газар, бусад төрийн байгууллагуудын цахим үйлчилгээг авах боломжоор хангасан байна.

Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнууд тус системээр дамжуулан шүүх хуралдааныг товлох, бэлтгэх ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах боломжтой юм.

    1. Цахим шүүн таслах ажиллагаа /e-Trials/ нэвтэрсэн үе шатууд[23]

                Тус улсын Дээд шүүх нь хэргийн оролцогчдод хялбар, өндөр чанартай шүүхийн үйлчилгээг хүргэхийн тулд бүхий л цаасан суурьтай хэргийн материалыг цахим хэлбэрт шилжүүлэх асуудлыг төлөвлөж байна. Мөн шүүхүүд цаасан баримт бичгийг гаргах, хуваарилах, хадгалах зэрэг ажиллагаанаас үүсэх зардлыг хэмнэхийн тулд шүүн таслах ажиллагааны явцад үйлдэгдсэн баримт бичгийг цахим хэлбэрээр хадгалах, мөн шүүхийн үйлчилгээг дээшлүүлэх, эрчим хүчийг хэмнэх, ногоон IT гэсэн шинэ хэв маягийг бий болгох нь чухал гэдгийг ойлгосон байна.

                Цахим шүүн таслах ажиллагаа нь патентын хэрэгт цахимаар нэхэмжлэл гаргах систем нэвтэрсний дараа 2010 оны 4 дүгээр сарын 26-нд тус улсад хэрэгжиж эхэлсэн байна. Үүний дараа тус үйлчилгээ нь 2011 оны 5 дугаар сард иргэний хэрэгт, 2013 оны 1 дүгээр сард захиргааны болон гэр бүлийн хэрэгт, 2013 оны 9 дүгээр сард шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт, 2014 оны 4 дүгээр сард дампуурлын хэрэгт нэвтэрсэн. 2015 оны 3 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн хэрэг болон онцгой ажиллагааны хэрэгт цахимаар нэхэмжлэл гаргах систем хэрэгжиж эхэлснээр эрүүгийн хэргээс бусад бүх төрлийн хэрэгт цахим шүүн таслах ажиллагаа ашиглагдах болсон байна. Цахимаар нэхэмжлэл гаргах системийн гол зорилго нь зөвхөн дотоод компьютерийн системийг сайжруулах, гадаад системтэй холбогдох төдий бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд цахим хэргийн хөдөлгөөний хяналтыг тогтоох, бичмэл нотлох баримтыг цахимаар гаргах, цахим шүүх хуралдааныг бодит болгоход оршдог.

Цахим шүүх хуралдааны танхим нь хялбар хэргийн шүүхээс бусад орон даяарх шүүхэд нэвтэрчээ. 2011 оноос 2014 оны хооронд бүх ердийн шүүхүүд цахим баримтад нэвтрэх, шүүх хуралдааны тэмдэглэлийг цахим хэлбэрээр үйлдэх боломжтой IT-ийн системээр тоноглогдсон. Ирээдүйд бүх хэргийг цахим шүүх хуралдааны танхимд явуулснаар үр бүтээмжтэй, хялбар, ил тод шүүн таслах ажиллагаа хэрэгжих боломжтой болох юм.

                Анхан шатны шүүхэд иргэний хэргийн нэхэмжлэлийг цахимаар гаргаж буй тоо статистикийг авч үзвэл 2016 оны байдлаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэрэгт 70 хувь, шүүгч дангаар шийдвэрлэх хэрэгт 48 хувьтай, бага үнийн дүнтэй хэрэгт 67 хувьтай гэсэн дүн гарсан нь харьцангуй өндөр хувьтай байна.

/2011 оноос 2016 он хүртэлх хугацаанд иргэний хэрэгт цахимаар нэхэмжлэл гаргаж буй хувь хэмжээ/[24]

                Цахим шүүх хурлын танхимыг зургаар харуулбал доорх байдалтай байна.

/Цахим шүүх хурлын танхимын ерөнхий зураглал/[25]

Цахим шүүх хуралдааны танхимд шүүгчийн ширээн дээр микрофон, компьютер, хяналтын 2 дэлгэц, шүүх хуралдааны нарийн бичгийн ширээн дээр компьютер, хяналтын 2 дэлгэц, проектор, гэрчийн талын ширээн дээр микрофон, зөөврийн компьютер, хяналтын дэлгэц, компьютер, шүүх хуралдааны танхимд ашиглагдах том дэлгэц, нэхэмжлэгч, хариуцагч нарын ширээн дээр мөн адил микрофон, компьютер, хяналтын дэлгэц, DVD тоглуулагч, танхимын баруун, зүүн, төвд хяналтын камер, гэрчийн талын камер зэргийг байрлуулсан байна.

    1. Эрх зүйн зохицуулалт

                2014 оны 12 дугаар сард хэрэгжиж эхэлсэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим баримтыг хэрэглэх тухай хуулиар цахим шүүхтэй холбогдох гол харилцааг зохицуулж байна.

Уг хууль нь 16 зүйлтэй бөгөөд 1. зорилго, 2. хууль зүйн нэр томьёо, 3. хуулийн үйлчлэх хүрээнээс гадна 4. цахим мэдээллийн системийн ашиглалт, хяналт, 5. Цахим баримтад тулгуурлан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, 6. хэрэглэгчийн бүртгэл, 7. цахим гарын үсэг, 8. цахимаар баримт гаргах, 9. цахим баримтыг хүлээн авах, 10. шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг цахимжуулах, 11. цахим баримтыг илгээх, мэдэгдэх, 12. цахим баримтыг цаасан хэлбэрээр илгээх, гардуулах, 13. нотлох баримт шинжлэн судлах, 14. давж заалдах шатны шүүхэд гомдол мэдүүлэх, 15. шүүхийн зардал, 16. тус хуулиар зохицуулаагүй асуудлын талаар УДШ-ийн журмаар зохицуулах тухай агуулгаас бүрддэг.[26]

Тус хуулийн зорилго нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим баримтыг хэрэглэх тухай үндсэн зарчим болон процедурыг зохицуулснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтыг эрчимжүүлж, тус ажиллагааны шуурхай, ил тод байдлыг дээшлүүлснээр иргэний зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Тус хуулийн үйлчлэх хүрээ нь дараах хуулиудын процесс ажиллагаанд хамаарна.[27] Үүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Патентын тухай хууль, Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Үүрэг гүйцэтгэгчийг дахин хөрөнгөжүүлэх болон дампуурлын тухай хууль, Онцгой ажиллагааны тухай хуулиуд юм.[28]

Цахим мэдээллийн системийг бий болгох, түүний ашиглалтыг Шүүхийн захиргааны дээд байгууллага зохион байгуулна.[29] Тус системийг ашиглах гэж буй этгээд нь УДШ-ийн журамд зааснаар хэрэглэгчийн бүртгэлд бүртгүүлэх хэрэгтэй.[30] Шүүхийн захиргааны дээд байгууллага нь дараах тохиолдолд бүртгэлтэй хэрэглэгчийн үйлчилгээ авах эрхийг зогсоох болон бүртгэлийг устгах эрхтэй.[31] Үүнд 1. Бүртгэлтэй хэрэглэгч нь жинхэнэ хэрэглэгч биш болох нь тогтоогдсон, 2. Хэрэглэгчийн бүртгэлд бүртгүүлэх болон хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг шинэчлэх үед худал агуулгатай мэдээллийг оруулсан, 3. Бусад бүртгэгдсэн хэрэглэгчийн үйлчилгээ авах эрхэд саад учруулах, мэдээллийг хулгайлах зэргээр уг системийг ашиглан явагдаж буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулсан, 4. Санаатайгаар болон ноцтой болгоомжгүй байдлаас болж уг системд гэмтэл учруулсан, 5. УДШ-ийн журамд заасан бусад үндэслэл байгаа тохиолдолд.

Шүүхэд цахим баримтыг гаргах гэж буй этгээд нь уг цахим баримтад цахим гарын үсгийг зурсан байна.[32] Мөн шүүгч, шүүгчийн туслах болон бусад шүүхийн захиргааны ажилтнууд шүүхийн шийдвэр, тэмдэглэл зэргийг цахим хэлбэрээр үйлдэх, эсхүл тэдгээр баримтыг цахим хэлбэрт хувиргах тохиолдолд УДШ-ийн журамд зааснаар шүүхийн цахим гарын үсгийг ашиглана.[33] Бүртгэлтэй хэрэглэгчийн хувиар цахим мэдээллийн системийг ашиглаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор зөвшөөрсөн этгээд нь шүүхэд гаргах баримтыг тус системийг ашиглан УДШ-ийн журамд зааснаар цахимаар гаргах ёстой.[34] Энэ заалтаас харахад цахим шүүхийг хэрэглэх нь талуудын сайн дурын асуудал бөгөөд хуулиар заавал үүрэг болгоогүй байна. Шүүхэд цахимаар илгээсэн баримт нь тус системд бүртгэгдсэнээр баримтыг шүүх хүлээн авсанд тооцно.[35] Шүүх баримтыг хүлээн авсан тухай бүртгэлтэй хэрэглэгчид нэн даруй цахимаар мэдэгдэнэ.[36]

Шүүгч, шүүгчийн туслах болон бусад шүүхийн захиргааны ажилтан нь бичгээр гаргасан шийдвэр, тэмдэглэл зэргийг цахимаар үйлдэх, эсхүл тус баримт бичгийг цахим хэлбэрт хувиргаж, нэгдсэн системд оруулах ёстой.[37] Шүүгчийн туслах нь УДШ-ийн журамд заасан үндэслэл байхгүй бол цахим бус хэлбэрээр гаргасан баримтыг цахим хэлбэрт хувиргаж, шүүхийн цахим гарын үсгийг зурж, нэгдсэн системд оруулна.[38]

    1. Хэсгийн дүгнэлт

БНСУ нь цахим шүүхийн үйл ажиллагааг 2011 оноос нэвтрүүлсэн туршлагатай орон бөгөөд тус улсад цахимаар нэхэмжлэл гаргах e-Filing, цахимаар хэргийн хөдөлгөөнд хяналт тавих e-Case Management, цахимаар шүүх хуралд оролцох e-Court гэсэн цахим шүүхийн 3 үндсэн үйл ажиллагаа бүрэн нэвтэрчээ. Хөнгөн хэргийн шүүхээс /хялбаршуулсан шүүх/ бусад нийт шүүхэд бүрэн тоноглогдсон цахим шүүх хурлын танхим бий. Цахим шүүх нь эрүүгийн хэргээс бусад иргэн, захиргааны хэргийн шүүхэд ашиглагдаж байна. Эрүүгийн хэргийн шүүхэд ашиглах боломжтой эсэх нь судлагдаж байгаа аж.

Гэхдээ цахимаар нэхэмжлэл гаргах, цахим шүүхээр үйлчлүүлэх нь зохигчид болон тэдний өмгөөлөгчдийн хувьд хуулиар үүрэг болгосон биш тэдний сайн дурын үндсэн дээр хэрэгждэг. Тэгэхээр урьдын адил цаасаар нэхэмжлэл гаргаж, цаасан суурьтай баримт бичигт тулгуурласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар явах боломж нээлттэй, мөн уг ажиллагааны явцад талуудын хүсэлтээр цахим шүүхийн ажиллагаанд шилжсэн ч болох юм. Иймд тус улсад цаасан болон цахим шүүхийг хослуулан хэрэглэж, сайн туршлагыг бий болгожээ. Гэхдээ төрийн байгууллага оролцсон хэрэг болон өмгөөлөгчтэй оролцож буй хэргийн хувьд цахим шүүхээр үйлчлүүлэхийг идэвхтэй санал болгодог байна. Шүүхийн статистикаас нь үзэхэд 2016 оны байдлаар шүүхээр шийдвэрлэгдэж буй нийт иргэний хэргийн 60 орчим хувьд цахим шүүхийг ашиглаж байна гэсэн тоо гарчээ. Тэгэхээр цахим шүүх нь ердийн цаасан суурьтай шүүн таслах ажиллагаанаас шуурхай, хялбар, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн болох нь харагдаж байна.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс цахим шүүхийн нэгдсэн системд нэвтрэхийн тулд хэрэглэгчийн бүртгэлд хамрагдах ёстой. Цахим шүүхээр үйлчлүүлэхэд хэрэглэгчийн бүртгэлээс гадна цахим гарын үсэг болон NPKI (National public key infrastructure) цахим баталгаажуулалтын системийг ашигладаг. Ингэснээр цахим шүүхээр үйлчлүүлэгчийн ID буюу хэрэглэгчийн хаягийг хулгайлах, жинхэнэ хэрэглэгч мөн бишийг ялгах ач холбогдолтой юм.

4. Сингапур улсын шүүхийн цахимжилт[39]

Улс төр, эдийн засгийн эрсдэлийн зөвлөлдөөний (PERC) судалгаагаар Сингапур нь 2008 оны байдлаар Азийн хамгийн сайн шүүхийн системтэй улсад орсон болно. Мөн 2010 онд Дэлхийн шударга ёсны төслийн Эрх зүйт байдлын индекс нь Сингапурт өндөр орлоготой улс орнуудын иргэний шударга ёсыг хангахад эхний байранд орж байсан билээ.

Цахим шүүх ажиллагааны нэгдсэн систем (eLitigation) нь шүүхийн мэдээллийн технологийг улам бүр боловсронгуй болгоход чиглэсэн дараагийн алхам юм. 2000 онд Шүүхийн цахим бүртгэлийн систем (EFS) нь иргэний шүүх хуралдаанд хувьсгал хийж, шүүхийн баримт бичгийг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломжийг олгосон. Шүүхийн цахим бүртгэлийн систем (EFS) -г анх 2000 оны 3-р сард нэвтрүүлсэн байна.

4.1. Цахим шүүн таслах ажиллагааны нэгдсэн систем

Одоогийн хэрэгцээг хангах системийн уян хатан байдлыг хадгалахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч Сингапурын шүүх Цахим шүүх ажиллагааны нэгдсэн системийг цогцоор нь хөгжүүлж Шүүхийн цахим бүртгэлийн системийн чадавхыг өргөжүүлэх замаар орчин үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлж дараах систем, механизмыг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн байна. Үүнд:

4.1.1. Сонсголын тусламжийн систем

                Тодорхой хэмжээний сонсголын бэрхшээлтэй хүмүүс телекойл сонсголын аппаратаа ашиглан шүүх хуралд оролцохын тулд бүх шүүхийн танхим болон өрөөнүүдэд Сонсголын тусламжийн системийг суурилуулсан.

4.1.2.Төвлөрсөн дэлгэцийн удирдлагын систем

                Хуульч, өмгөөлөгч болон олон нийт хамгийн сүүлийн үеийн шүүх хуралдааны жагсаалт болон шүүх хуралдааны бусад хуваарийг авч байхаар, Дээд шүүхийн байранд долоон Төвлөрсөн дэлгэцийн удирдлагын систем (CDMS) iKiosks байдаг. iKiosks-ийн холбоосыг Цахим шүүх ажиллагааны нэгдсэн систем (eLitigation) нэгтгэсэн бөгөөд энэ нь дүүргийн шүүгч, дүүргийн бүртгэгч, хурлын жагсаалт, хурал зохион байгуулах газар, түүнчлэн Дээд шүүхийн байрны эргэн тойронд хялбар навигаци хийх интерактив лавлах зэрэг мэдээлэл өгдөг.

                Интерактив дарааллын дугаар олгох систем (i-QMS) нь Дээд шүүхэд тэгш, эмх цэгцтэй дарааллын систем олгодог, ялангуяа хуралд орохоос өмнөх бүртгэлийн үед i-QMS нь дэлгэцээр дамжуулж өмгөөлөгчдөд хэргийг нь хэзээ хэлэлцэхийг мэдэгддэг. Тус систем нь бүртгэгчдэд дарааллыг зохицуулах уян хатан байдлыг олгодог бөгөөд ингэснээр хойшлуулах, зөвшөөрөл авах гэх мэт асуудлуудыг эхлээд сонсох боломжтой болно. Интерактив дарааллын дугаар олгох систем (i-QMS) нь дампуурлын тухай өргөдлөөс бусад бүх өргөдлийг бүртгэх боломжтой.

4.1.3. Дижитал хөрвүүлэлтийн систем

                Дээд шүүхийн Дижитал хөрвүүлэлтийн систем (DTS) нь шүүх хуралдааны дижитал аудио бичлэгийг хялбаршуулах нэгдсэн системийг байрлуулахад янз бүрийн технологи ашигладаг. Тус систем нь Дээд шүүхэд шүүх хуралдааны аудио бичлэгийг дижитал хэлбэрээр авах, бодит цаг хугацааны транскрипцийг (хуулбарыг) олгодог.

                Энэхүү систем нь эцсийн дижитал аудио бичлэгийг шүүх хуралдааны шүүгчийн тайлбартай синхрончлох боломжийг олгодог. Энэ функц шүүгчдэд аудио бичлэгийг хянахын тулд хайх, тоглуулах функцийг гүйцэтгэх, мөн шүүх хуралдааны дараа холбогдох тайлбарыг оруулах боломжийг олгодог. Түүнчлэн Дээд шүүхийн Дижитал хөрвүүлэлтийн систем (DTS) нь алсаас транскрипци (хуулбарыг) хийх боломжийг олгодог бөгөөд ингэснээр шүүхийн бичигч танхимд биечлэн ирэх албагүй байдаг. Дээд шүүхийн Дижитал хөрвүүлэлтийн систем (DTS)-г 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Дээд шүүхийн байрны бүх хурлын танхимд ашиглах боломжтой болсон бөгөөд үүнээс хойш бүх бүртгэгчдийн шүүх хуралдааны танхимуудад байршуулсан.

4.1.4. Цахим гарын үсэг

                Талууд болон гэрчүүд зөв танхим, зааланд оролцохыг баталгаажуулахын тулд цахим тэмдэглэгээг шүүхийн танхим, шүүх хуралдааны танхим бүрийн гадна талд байрлуулна. Хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв мэдээллийг тусгах зорилгоор мөн Улсын Дээд шүүхийн байранд самбар дээрх болон цаасан сурталчилгаа байрлуулах шаардлагыг арилгах үүднээс цахим тэмдэглэгээнүүдийг байнга шинэчилж байдаг.

4.1.5. Цахим шүүх хурал

                Улсын Дээд шүүхийн байрны бүх шүүхийн танхимууд цахим шүүх хурлыг хөнгөвчлөхийн тулд шаардлагатай сүлжээний дэд бүтцээр хангасан. Өмгөөлөгч нь шүүхийн байранд өөрийнхөө зөөврийн компьютерээ авчирч, хэргийн материалын цахим файлд хандаж, зохих технологийг ашиглан хэргээ танилцуулж болно.

4.1.6. Хөдөлгөөнт технологийн тоног төхөөрөмжийн үйлчилгээ

                Технологийн дэвшлийг ашиглан илүү олон хуульч, өмгөөлөгчид өөрсдийнхөө хэргийг илүү сайн танилцуулахыг уриалахын тулд хөдөлгөөнт мэдээллийн технологийн хэрэгслийг бүх шүүхийн танхим, зааланд ашиглах боломжтой. Хөдөлгөөнт аудио-дүрстэй төхөөрөмжийг технологийн бус шүүхийн танхим болон шүүх хурлын танхимд ашиглах боломжтой байдаг. Хөдөлгөөнт видео хурал хийх төхөөрөмжийг зөвхөн шүүх хурлын танхимд ашиглах боломжтой. HD дэлгэцтэй шинэ Интерактив дэлгэцийн самбар нь 65 инчийн өндөр нарийвчлалын мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд хэрэглэгчид мультимедиа контентыг тэмдэглэж хадгалах боломжийг олгодог.

Түүнчлэн Сингапурын шүүх нь хуульч, өмгөөлөгчдөд хэргийг илүү үр дүнтэй харуулах боломж олгох дэвшилтэт технологийг ашигладаг. Тухайлбал, Дээд шүүхийн байран дахь бүх шүүх хурлын танхимууд видео хуралд зориулсан плазма дэлгэц, видео камертай. Хуульч, өмгөөлөгчид нь зөөврийн компьютерээ аудио-визуал системтэй холбож болох бөгөөд ингэснээр хүн бүр нэгэн зэрэг дэлгэц дээр нотлох баримтыг үзэж болно. Эдгээр шүүх дэх визуализаторууд нь 3D обьектууд эсвэл хэвлэмэл баримт бичгийн зургийг авах, томруулах боломжийг олгодог.

4.1.7. Скайп програм

               Скайп програм нь дүүргийн бүртгэгчдэд агуулгад нийцээгүй хэргүүдийг сонсох боломжийг олгодог. Скайпын тусламжтайгаар өмгөөлөгч нь өөрийнхөө оффис дээрээ видео хурлаар виртуал цахим шүүх хуралд оролцох боломжтой бөгөөд ингэснээр талууд, тэдний өмгөөлөгчид цаг хугацаа болон зардлаа хэмнэж чаддаг байна.

5. Зүүн Карибын Тэнгисийн Дээд шүүхийн цахим шүүх портал[40]

                Зүүн Карибын Тэнгисийн Дээд шүүхийн (ЗКТДШ) цахим шүүх портал байгуулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго нь шүүхийн баримтыг цахим хэлбэрээр илгээх, боловсруулахад үр ашигтай, зардал багатай, ил тод, найдвартай платформ өгөх явдал юм. Зүүн Карибын Тэнгисийн оролцогч талууд бичиг хэргийн газарт байнга ирж уулзалгүйгээр шүүхтэй харилцах тохиромжтой арга замыг шаарддаг байсан бөгөөд үүнийг өргөдөл гаргах хэсгийн шаардсан цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хийх шаардлагатай байсан байна. ЗКТДШ нь үр ашгийг дээшлүүлж, цаасны хэрэглээг бууруулж, зардлыг бууруулахын зэрэгцээ иргэдийг шүүхийн системд нэвтрэх боломжийг сайжруулах шаардлагатай байсан байна.

                Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь "Шударга ёсны хүртээмж"-ийг "албан ёсны эсвэл албан бус шударга ёсны институцээр дамжуулан хүний эрхийн стандартад нийцүүлэн зохих арга хэмжээ авах, олж авах чадвар" гэж тодорхойлдог. ЗКТДШ нь бүх хүмүүст шударга ёсыг тэгш хүртээмжтэй байлгах чиглэл нь НҮБХХ-ийн тодорхойлсноор шударга ёсны хүртээмжийг бэхжүүлэхэд чиглэгдсэн болно. Одоо хэрэгжиж буй цахим шүүхийн портал боловсруулах, хэрэгжүүлэх явцыг авч үзэхэд ЗКТДШ нь Зүүн Карибын Тэнгисийн улсуудын байгууллагад хамрагдсан иргэн бүрийг харгалзан үзсэн. Түүнээс гадна, ядуу, орлогогүй, төлөөлөгдөөгүй оролцогч талуудын бодит байдалд үндэслэн онцгой анхаарал хандуулсан болно. Иймээс Шүүхийн Тамгын газрын ажилтнуудын удирддаг Үйлчилгээний Товчооны танилцуулга, хэрэгжилтийг Портал руу нэвтрэн ороход туслах, хадгалах зорилгоор боловсруулсан байна.

                Шүүхэд ямар нэг асуудлаар хүсэлт, нэхэмжлэл гаргахыг хүсэж байгаа орлогогүй төлөөлөлгүй этгээд эсвэл Сент-Люсия, Виржиний Арлууд эсвэл Ангиллагийн оршин суугч ба иргэн, шүүхийн тамгын газарт очиж, хэрэг үүсгэх, бичиг баримтыг бүрдүүлэх талаар үйлчилгээний товчооноос зөвлөгөө авах боломжтой. Үйлчилгээний товчоо нь хууль эрх зүйн зөвлөгөө өгөх боломжгүй хэдий ч "Цахим шүүхэд нэхэмжлэл гаргах, үйлчилгээ үзүүлэх журам", шүүхийн үйл ажиллагааны журмын дагуу ажилладаг. Эдгээр олон онцлог шинж чанаруудыг өмнө нь туршлагагүй, ядуу, орлогогүй, төлөөлөгдөөгүй этгээд ашиглах боломжгүй байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

                Шүүх засаглал нь ямар хэрэгслээс үл хамааран бидний шүүхийн системд нэвтрэх хүн бүрд тохирох технологийг ашиглах боломжийг олгодог. Үнэн хэрэгтээ, цахим системийг ашиглах хэрэгсэл дутмаг гэсэн гомдлыг шүүх хуралдаанд оролцогчдоос хүлээн авахдаа, үүнийг бүртгэл, үйлчилгээтэй холбоотой зардлыг бууруулах арга хэмжээ болгожээ. ЗКТДШ-ийн цахим шүүх портал нь үйл явц, журмаар татвар төлөгчийн мөнгийг илүү тустай, үр дүнтэй ашиглах боломжийг бий болгоно. Цахим бүртгэл нь шүүхийг илүү үр ашигтай болгож, үйлчлүүлэгчийн цонхонд хүлээх хугацааг богиносгож, ажилтнуудыг өөр ажилд шилжүүлэх боломжийг олгож, цаасны зардлыг бууруулж, цаасан бүртгэлийг хадгалахад зайг чөлөөтэй болгодог.

                Баримт бичгийг цахимаар бүрдүүлэх нь шүүхийн системээс цаасыг зайлуулж, илүү үр дүнтэй болгоход хүргэдэг. Бүх баримтууд онлайн сервер дээр хадгалагдаж, нөөцлөгдөн, хуулбарлагдаж, бусадтай синхрончлогддог. Шүүх цахим портал дээр хэрэг хөтөлж, хэргийн материалуудыг онлайнаар хадгалах нь гамшгаас хурдан сэргэх боломжийг олгодог.

                Цахим шүүх портал нь хамгийн эмзэг, алслагдсан иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг сайжруулах, шударга ёсны хүртээмжийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй сүлжээ, хамтын ажиллагаа өгөх платформ болно. Одоогийн гарын авлагын систем дэх нийгмийн хамгийн эмзэг бүлгийн гишүүдэд зориулагдсан гадагш чиглэсэн үйлчилгээ нь 2019 оны 7-р сарын 1-ний өдөр Гэгээн Люсиа дахь иргэний хэргийн цахим шүүх портал дээр гарч ирснээр үйлчилгээ өөрчлөгдөхгүй, учир нь уг порталыг зөвхөн хуульч, Шүүхийн Тамгын газрын ажилтнууд ашиглах боломжтой юм. Нэмж дурдахад Төрийн байгууллага болон хууль зүйн туслалцаа авах боломжтой бөгөөд мэдүүлгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн хүмүүст өргөдөл гаргах, порталын төлбөрөөс чөлөөлөлдөгдөх үйлчилгээ байдаг. Технологийг хэрэгжүүлснээр ЗКТДШ нь нийгмийн хамгийн эмзэг бүлгийн гишүүдэд илүү зохион байгуулалттай байдлаар сайжруулсан үйлчилгээг үзүүлэх боломжийг олгоно. Түүгээр ч үл барам технологи нь хариуцлага, ил тод байдлыг хангах боломжийг олгодог бөгөөд ингэснээр портал нь аудитын зам, тайланг гаргах боломжийг олгодог.

                Цахим шүүх ажиллагааны портал нь ашиглахад хялбар байхаар хийгдсэн. Энэ нь ЗКТ-н шүүхийн хэрэгцээнд зориулан тусгайлан боловсруулсан шүүхийн үйл явц, баримт бичиг, системд суурилсан бүтээгдэхүүн бөгөөд шүүхийн гишүүд, шүүхийн ажилтнууд болон хууль сахиулагчидтай нааш цааш олон удаа зөвлөлдөж, санал хүсэлт авч байхаар зохион байгуулагдсан.

                Хууль дээдлэх зарчмыг баримталж, шударга ёсыг тэгш хүртээмжтэй байлгах нь ЗКТДШ-ийн цахим шүүх порталын зорилго юм. Шүүх, шүүхийн зөвлөл нь шүүхийн гишүүн улс ба нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн байдлыг найдвартай, хууль дээдлэх замаар хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хуулийн өмнө тэгш байдал нь сайн дэг журамтай, соёл иргэншсэн нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг тул ЗКТДШ нь үүнийг сахин биелүүлж, олон арван жилийн туршид ЗКТОБ-ын дэд бүсийн өсөлт, хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн байна.

                Зүүн Карибын Тэнгисийн Дээд Шүүх (ЗКТДШ) нь 1967 онд Вестийн Холбоот Улсуудын Холбооны Улсын Дээд шүүхийн 1967 оны 223 тоот тушаалаар байгуулагдсан. ЗКТДШ бол зургаан бие даасан улсыг багтаасан Зүүн Карибын тэнгисийн байгууллагын (ЗКТБ) дээд шатны шүүх юм. Эдгээр зургаан тусгаар мужууд нь: Антигуа ба Барбуда, Доминикийн хамтын нөхөрлөл, Гренада, Сент Киттс ба Невис, Сент Люсиа, Сент-Винсент ба Гренадин ба Британийн хилийн чанадын гурван нутаг: Ангилль, Виржиний арал, Монтсеррат нар юм. Шүүхийн гишүүн улс ба нутаг дэвсгэр бүрт хязгааргүй харьяалалтай байдаг.

                Дээрхээс харахад Зүүн Карибын Тэнгисийн дээд шүүх нь цааснаас ирээдүйд татгалзах бодолтой байгаа бөгөөд шүүхэд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх хүрээнд хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах, үйлчилгээний журмыг нэвтрүүлсэн байна.

6. Цахим эрин дэх БНХАУ-ын Ардын дээд шүүх

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Мэдээллийн технологийн үйлчилгээний төв нь Хятад улсын шүүхийн мэдээллийн бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжүүлэх төлөвлөгөө, техникийн стандартыг боловсруулах, инженерийн байгууламжийн гол төсөл, техникийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, улс оронд мэдээллийн технологийн бүтээн байгуулалтын ажлын туршлагыг нэгтгэх, хэрэглээний үр нөлөөг үнэлж, хяналт тавих, удирдамжаар хангах, үндэсний цахим засаглал /e-government/-ын бүтээн байгуулалттай холбоотой ажлыг хийж гүйцэтгэдэг.

Сүүлийн жилүүдэд ухаалаг технологи бүх талаар хурдацтай хөгжиж, шинэ технологи шүүхийн үйл ажиллагаанд хэрэгжиж, мэдээллийн эрин зуунд мэдээллийн шинэ технологид суурилсан шүүхийн үйл ажиллагааны шинэ хэлбэр аажмаар бүрдсэн байна.

 

6.1. Ардын шүүхийн мэдээллийн систем

Ардын шүүхийн мэдээллийн систем 3.0 нь ухаалаг шүүхийн бүхий л үйл ажиллагааг цахим орчинд бүрдүүлэх үндсэн бүтэц юм. Энэхүү системийн үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу нээлттэй хэрэгжиж, ухаалаг үйлчилгээний цогц чиглэлийг тодорхой болгож, хэтийн төлөвийг дэвшүүлсэн. Тухайлбал, 2018 онд Ардын шүүхийн мэдээллийн систем ажилласан цагаас эхлэн цогц бүтээн байгуулалтад шилжсэн бөгөөд эдгээр нь дараах гурван зүйлд ач холбогдолтой болно.

Нэгдүгээрт, мэдээллийн технологи нь хүмүүст шударга ёс тогтооход тусалдаг.

Цахим хэлбэрээр нэхэмжлэл, гомдол гаргах, байршуулах, ашиглахыг дэмжиж, шүүхийн нээлттэй байдал, цахимаар хандах платформыг бий болгохын тулд хүчин чармайлтаа гаргаж байна.

Бүх шатны шүүхүүд нь шүүхэд нэхэмжлэл гаргах, цахимаар төлбөр төлөх, цахим нотлох баримт солилцох, цахимаар шүүх хуралдаан явуулах, цахимаар баримт бичгийг хүргүүлэх гэх мэт таван том цахим шүүхийн стандарт модулиудыг тогтоож, талуудын зардлыг багасгасан байна.

Хоёрдугаарт, мэдээлэлжүүлэлт нь шүүхийн ажиллагаа, шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэхэд тусалдаг.

Мэдээллийн технологи нь шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулдаг. Бүх шатны шүүхүүд шүүхийн баримт бичгийг цахимжуулах ажлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийн хамт нэгэн зэрэг хөгжүүлсэн бөгөөд баримтжуулалт, өгөгдөл боловсруулалт, цахим хавтаст хэрэг зэргийг нэвтрүүлж шүүхийн үйлчилгээ болон шүүхийн захиргааны удирдлагыг цахим, ухаалаг болгосон.

Мэдээллийн системийг бүхэлд нь хэрэгжүүлэх нь шүүхийн ажил “ард түмэн шүүхийн ажиллагаа бүрт шударга ёсыг мэдрэх боломжийг олгох” явдал юм.

Гуравдугаарт, мэдээлэлжүүлэлт нь нийгэмд үйлчилдэг.

Мэдээлэлжүүлэлт нь шүүхийн нээлттэй байдлыг дэмжинэ. Нээлттэй, динамик, ил тод шүүх механизмыг бүрдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаан, шүүхийн шийдвэрийн баримт бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх нээлттэй дөрвөн платформыг тус тус байгуулсан бөгөөд шүүхийн нээлттэй байдал урьд өмнө байгаагүй өргөн, гүнзгий хэмжээнд хүрч, хүмүүсийн мэдээлэл олж авах, шүүхийн үйл ажиллагаанд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх болон хяналт тавих эрхийг хангаж байв. Үүний зэрэгцээ эдгээр платформууд нь шүүгчдийн чадавхыг дээшлүүлж, хууль дээдлэх ёсыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Цаашид БНХАУ-ын Ардын шүүх цаг үеэ дагаад, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг ашиглан “Том өгөгдөл, том сэтгэхүй, том үйлчилгээ” гэсэн үзэл санааг хэрэгжүүлэх зорилтыг тавьсан юм. Энэ нь шүүн таслах тогтолцоог шинэчлэх, шүүхийн чадавхыг сайжруулах зорилгоор шүүх нь ард түмэндээ үйлчилдэг, шүүхийн бүх үйлчилгээг онлайнаар удирдахыг дэмждэг, шүүхийн шийдвэр гаргах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээлттэй байлгах, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчид, олон нийт, төрийн байгууллагуудад хандсан ухаалаг цогц үйлчилгээг цогцлон хөгжүүлэх явдал юм.

6.2. БНХАУ-ын Интернэт шүүх

БНХАУ-д шүүх цахимжихын хажуугаар интернэтийн шүүх Хангжоу, Гуангжоу, Бээжин хотуудад байгуулагдсан нь дэлхийд анхных болсон юм.

Тэгвэл энэхүү шүүхийн үйл ажиллагаанд баримтлах гол эрх зүйн акт болох “Интернет шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын тухай” тогтоолыг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн 2018 оны 9-р сарын 3-ны өдрийн 1747 тоот хурлаар баталсан байна.

БНХАУ-ын Ардын дээд шүүх нь БНХАУ-ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, БНХАУ-ын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасны дагуу Ардын шүүхийн бодит шүүн таслах ажиллагааны практикт уялдуулж Интернет шүүхийн шүүн таслах үйл ажиллагааг зохицуулах, талууд болон бусад оролцогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хэргийг шударга, үр дүнтэй шийдвэрлэх боломжийг хангах зорилгоор энэхүү баримт бичгийг батлан гаргасан бөгөөд энэхүү баримт бичгийн гол агуулгыг дараах байдлаар танилцуулж байна.

Интернет шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ онлайн горимыг ашигладаг. Тухайлбал, хэрэг хүлээн авах, баримт бичгийг хүргүүлэх, эвлэрүүлэн зуучлах, нотлох баримт солилцох, шүүх хуралдааны өмнөх бэлтгэл, шүүх хурал, шийдвэрийг сонсгох зэрэг ажиллагаанд онлайн горимыг ашигладаг. Талуудын өргөдөл, эсвэл хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны шаардлагаар интернетийн шүүх нь шүүн таслах ажиллагааны зарим хэсгийг офлайнаар буюу интернет бус орчинд дуусгах шийдвэр гаргаж болно.

6.3. Интернэт шүүхийн хэргийн харьяалал

Бээжин, Гуанжоу, Хангжоу хотын интернэт шүүх нь тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдах анхан шатны шүүхийн хүлээн авах дараах хэргийг анхан шатны журмаар харьяалан хянан шийдвэрлэдэг болно. Үүнд:

  1. Цахим худалдааны платформоор дамжуулан онлайн худалдаа хийх гэрээнд гарын үсэг зурах, хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан;
  2. Интернетэд гарын үсэг зурсан, гүйцэтгэсэн цахим сүлжээний үйлчилгээний гэрээний талаарх маргаан;
  3. Цахим сүлжээнд гарын үсэг зурж, гүйцэтгэсэн санхүүгийн зээлийн гэрээ, жижиг зээлийн гэрээний талаарх маргаан;
  4. Интернетэд анх удаа хэвлэгдсэн бүтээлийн зохиогчийн эрх буюу хөршийн эрхийн талаарх маргаан;
  5. Интернетэд нийтлэгдсэн буюу түгээсэн бүтээлийн зохиогчийн эрх буюу хөршийн эрхийг зөрчсөнтэй холбоотой маргаан;
  1. Интернетийн домэйн нэр, эзэмшил, зөрчил, гэрээний маргаан;
  2. Интернет дэх бусад хүмүүсийн хувийн эрх, эд хөрөнгийн эрхийг зөрчихтэй холбоотой маргаан;
  3. Бүтээгдэхүүний согог, бусдын хувийн болон эд хөрөнгийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор цахим худалдааны платформоор худалдаж авсан бүтээгдэхүүнээс үүсэх бүтээгдэхүүний өр төлбөртэй холбоотой маргаан;
  1. прокурорын байгууллагаас гаргасан цахим сүлжээний нийтийн ашиг сонирхлын тухай хэрэг;
  2. Захиргааны байгууллагын интернетийн мэдээллийн үйлчилгээ, интернет дэх бараа бүтээгдэхүүний арилжаа, холбогдох үйлчилгээний зэрэг менежменттэй холбоотой захиргааны үйлдлээс үүссэн захиргааны маргаан;
  3. Дээд шатны Ардын шүүхээс томилсон бусад интернетийн иргэний болон захиргааны хэргүүд.

6.4. Интернет шүүхийн зарга мэдүүлэх цахим платформ

Интернет шүүх нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон хэргийн оролцогч талууд, бусад оролцогчид зарга мэдүүлэх тусгай талбараар хангах зорилгоор Интернет зарга мэдүүлэх платформыг байгуулсан бөгөөд зарга мэдүүлэх платформоор хийсэн шүүхийн үйл ажиллагаа нь хуулийн хүчин чадалтай байдаг байна.

Интернет шүүхэд хэргийг хянахад шаардагдах мэдээллийг цахим худалдааны платформын оператор, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч, холбогдох төрийн байгууллагууд өгөх бөгөөд шүүхийн платформд эрэмбэлэгдсэн байдлаар холбогдсон байна. Улмаар интернет шүүх нь онлайнаар шалгаж, бодит цаг хугацаанд нь бататгаж, аюулгүйгээр удирдана.

Интернетийн шүүх хэргийг хүлээн авсны дараа нэхэмжлэгчийн өгсөн гар утасны дугаар, факс, имэйл хаяг, шуурхай мессежний хаягаар хариуцагч болон гуравдагч этгээдэд Интернетээр зарга мэдүүлэх платформоор дамжуулан хэргийн холбоо, иргэний үнэмлэхийг баталгаажуулах талаар мэдэгдэж болно. Хариуцагч болон гуравдагч этгээд Интернетээр зарга мэдүүлэх платформоор дамжуулан хэргийн материалтай танилцах, материалыг хүлээн авах, өгөх зэргээр шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлнэ.

6.5. Интернет шүүхийн нотлох баримт, хэргийн материал

Интернет шүүх нь нотлох баримтыг онлайнаар солилцох ажлыг зохион байгуулж байгаа тохиолдолд талууд цахим мэдээллийг интернетээр зарга мэдүүлэх платформд байршуулах, гаргаж авах эсхүл офлайн нотлох баримтыг сканердах, дахин засварлах, хувиргалт хийх замаар цахим нотлох баримтыг интернетээр зарга мэдүүлэх платформд байршуулна.

Интернет шүүх нь интернетээр зарга мэдүүлэх платформыг ашиглан хэрэгтэйгээ нэгэн зэрэг цахим бүртгэл, цахим архивыг үүсгэнэ. Хэрэв хэргийн бүх цаасан баримтуудыг цахим архив болгон хөрвүүлсэн бол цаасан архивыг цахим архиваар орлуулж, өргөдөл гомдлыг хүргүүлэх, шилжүүлэх, хэргийн материалыг архивлахад ашиглаж болно.

6.6. Интернет шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа

Онлайн шүүх хуралдааны онцлог шинж чанарын дагуу Интернет шүүх нь “БНХАУ-ын Ардын шүүхийн шүүх хуралдааны журам”-ын холбогдох заалтыг хэрэгжүүлдэг. Сүлжээний эвдрэл, тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны тасалдал, давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд хэрэв талууд онлайн шүүх хуралдаанд цагтаа ирээгүй бол "шүүх дээр очихоос татгалзсан" гэж тооцогддог бөгөөд шүүх хуралдааны үеэр зөвшөөрөлгүйгээр гарвал түүнийг “хуралдааныг хаяж гарсан” гэж үзэж “БНХАУ-ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”, “БНХАУ-ын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” болон холбогдох шүүхийн тайлбарын дагуу шийдвэрлэнэ.

Интернетийн шүүхээр хянагдсан хэргийг талууд давж заалдсан тохиолдолд давж заалдах шатны шүүх зарчмын хувьд хэргийг онлайнаар шалгаж үзэх болно. Давж заалдах шатны шүүхийн онлайнаар шүүх хурлын журамд энэхүү заалтыг тусгасан болно.

6.7. Хэсгийн дүгнэлт

БНХАУ-ын шүүхийн үйл ажиллагааны цахимжсан байдлаас Монгол Улс суралцаж, шүүх дэх мэдээллийн технологийг цогцоор нь хөгжүүлж, шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах, үйлчилгээг хялбаршуулах, алсын зайн шүүх хуралдаан, цахимаар нотлох баримт цуглуулах, шүүхийн баримт бичгийг цахимаар гардуулах зэрэг ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд дэмжих, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн нэгдсэн мэдээллийн сантай болох, www.shuukh.mn цахим мэдээллийн сайтыг улам боловсронгуй болгох, шүүх хуралдааны бичлэгийг нээлттэй болгох, цахимаар үздэг болох шаардлагатай байгаа нь харагдаж байна. Ингэснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээллийн ил тод, нээлттэй байдал, иргэдийн хяналтыг нэмэгдүүлж шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бататгахад томоохон ахиц гарах юм.

Нэгдсэн дүгнэлт, санал

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч, цөөнгүй орнуудад цахим засаглалын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, мөн цахим шүүхийн үйл ажиллагааг нэвтрүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.

Цахим шүүх нь орчин үед хэргийн оролцогчийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэдэг бөгөөд ялангуяа Монгол Улс шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй оронд хэргийн оролцогчид шүүн таслах ажиллагаанд зайнаас оролцох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нотлох баримтыг шуурхай цуглуулж, бүрдүүлэх, хувийн болон төрийн байгууллагаас лавлагаа, баримт авах зэрэг ажиллагаа түргэн явагдах боломж бүрдэх юм.

Энэ үүднээс Монгол Улсад цахим шүүхийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа хэдий ч энэ талаарх одоогийн хууль зүйн зохицуулалт, техник технологийн боломж, хүний нөөцийн чадавхыг бүрдүүлж, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгах, цаашид төрөөс цахим засаглалын бодлогыг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

Цаашид шүүх дэх мэдээллийн технологи болон түүний эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, цахим шүүхийг бий болгоход анхаарах асуудлыг тодорхойлж, бодлого тодорхойлогчид дараах санал, зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэл, хариу тайлбар, нотлох баримт зэргийг цахимаар шүүхэд гаргадаг болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай баримт материалыг цахимаар хүргүүлэх, хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахимаар хяналт тавих зэргээр e-Filling, e-Case management-ийг нэвтрүүлэхэд шаардлагатай цахим шүүхийн нэгдсэн системийг зохиох, хөгжүүлэх ажлыг шат дараалалтай авах;

2. Цахим нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах, бэхжүүлэх, цахимаар нэхэмжлэл, хариу тайлбар гаргах, цахимаар шүүх хуралд оролцох зэрэг цахим шүүхийн үйл ажиллагааг нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг холбогдох процессын хуульд тусгах;

3. Цахим шүүхийн нэгдсэн системд нэвтрэхэд шаардлагатай хэрэглэгчийн бүртгэл, цахим гарын үсэг, цахим баталгаажуулалтыг хөгжүүлэх;

4. Цахим шүүхийн нэгдсэн системийн ашиглалт, доголдол, хөгжүүлэлт, аюулгүй байдлыг хариуцах тусгай нэгжийг бий болгох;

5. Одоогийн онлайн шүүх хурлыг нийт иргэний хэргийн шүүхийн шүүх хуралд ашигладаг болоход шаардлагатай мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг хангалттай түвшинд нийлүүлэх, мэргэжилтнийг сургаж, байнгын ажиллуулах;

6. Төрийн байгууллага болон хууль сахиулах байгууллагын хооронд мэдээллийн технологийн нэгдсэн сан, мэдээллийн солилцоог бий болгох;

7. Цахим шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн материалыг цахим хавтаст хэрэг үүсгэн хадгалах бололцоог бий болгох;

8. Хавтаст хэргийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх, улмаар цахим хавтаст хэргийн тухай хууль батлуулах эсхүл одоогийн хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломж байгаа эсэхийг судлах;

9. Мэдээллийн технологийн хөгжил, иргэдийн мэдээллийн технологийн мэдлэг, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ зэргээс хамаарч цаасан болон цахим шүүхийг хослуулан хэрэглэх. Ингэхдээ цахим шүүхээр үйлчлүүлэх нь талуудын хүсэл зоригт тулгуурладаг байх. Цахим шүүхийн хөгжил, боловсронгуй болох байдлаас хамаарч аажмаар цахим шүүхийн үйл ажиллагаанд бүрэн шилжих бодлогыг баримтлах;

10. Улсын бүртгэлийн лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр авах ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, шүүхүүдэд хэрэгжүүлж эхлэх;

11. Ял шийтгэлийн тэмдэглэлийг цахим хэлбэрээр авч ажиллах;

12. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэж байгаа шийдвэр биелэлттэй холбоотой асуудал буюу хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох, дэглэм солих, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох тухай дүгнэлтийг шийдвэрлэж буй ажиллагааны материал, хувийн хэрэгт авагдсан зарим баримтыг цахимаар авч шийдвэрлэх;

13. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийн талаар мэдээлэл солилцох ажлыг цахим хэлбэрт шилжүүлэх;

14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн нэгдсэн мэдээллийн сантай болох;

15. www.shuukh.mn цахим мэдээллийн сайтыг улам боловсронгуй болгох, шүүх хуралдааны бичлэгийг нээлттэй болгох, цахимаар үздэг болох.

16. Түүнчлэн ойрын хугацаанд шүүхийн статистикийн программ, эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийг сайжруулж, хөгжүүлэх ажлаа чухалчлах нь зүйтэй байна. Үүний зэрэгцээ иргэний хэргийн шүүхийн шүүх хуралд онлайнаар оролцох боломжийг улсын хэмжээнд өргөтгөх, ингэхдээ Япон улсын адил “Teams” гэх үнэгүй онлайн хурлын программыг ашиглах гэх зэргээр дотоод нөөц бололцоондоо тулгуурлах, энэхүү харилцааг холбогдох журмаар нарийвчлан зохицуулах шаардлага үүсэж байна. Үүнийг дагаад шүүх хуралдааны танхимд зөөврийн болон суурин компьютер, микрофон, камер, том дэлгэц, проектор зэрэг наад захын тоног төхөөрөмжүүдийг байршуулах, тоог нь нэмэгдүүлэх шаардлага үүсэх магадлалтай тул үүнийг энэ талаар шүүхийн төсөвт суулгах шаардлагатай байна.

                                                                                                                                               

 

[1] Энэхүү судалгааны БНХАУ-ын Ардын дээд шүүхэд хамаарах мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн дарга, доктор Ц.Мандах /LL.D/, Япон, БНСУ-ын шүүхийн талаарх мэдээллийг тус хүрээлэнгийн судлаач-багш Б.Хонгорзул /LL.M Nagoya Univ./, Сингапур, Зүүн Карибын Тэнгисийн улсуудын шүүхийн талаарх мэдээллийг тус хүрээлэнгийн судлаач-багш Ч.Содхүү нар тус тус боловсруулсан болно.

[2] АНУ-д 1990 оны эхэн хагасаас эхлэн e-Filing нэвтэрч, 2002 оноос муж бүрийн эрх зүйн зохицуулалтаас шалтгаалан хамрах хүрээний хэрэг, ашиглагддаг нэгдсэн систем нь ялгаатай боловч орон нутгийн шүүхийн хүрээнд цахимаар нэхэмжлэл, нотлох баримтыг гаргах боломтой болсон.

[3] Азид Сингапур улс нь цахим шүүхийг анхлан нэвтрүүлсэн бөгөөд 1998 оноос e-Filing нэвтэрч, 2013 оноос e-Filing төдийгүй шүүх болон өмгөөлөгч хоорондоо мэйлээр харилцах, Video conference технологийг ашиглах зэргээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ цахимжсан байна (Electronic Litigation System).

[4] Солонгос улсад 2011 оноос ердийн иргэний хэрэг маргаанд e-Filing нэвтэрч, 2015 оны байдлаар Иргэний хэргийн шүүхийн хүлээн авсан хэргийн 60 орчим хувь нь e-Filing болон e-Case Management-д тулгуурлан явагдсан гэсэн статистик байна.

[5] Токиогийн Өмгөөлөгчдийн холбооноос гаргадаг сэтгүүл болох “Libra” 2020 оны 1, 2 дугаар сарын дугаар, 5-р тал.

[6] Мөн тэнд.

[7] Мөн тэнд, 6-7 дахь тал.

[8] Мөн тэнд.

[9] “Иргэний хэргийн шүүхийн шүүн таслах ажиллагааг цахимжуулах асуудлыг судлах ажлын хэсгийн тайлан”, 2019 он, 4-р тал.

[10] Өр төлбөрийг шуурхай барагдуулах ажиллагаа гэдэг нь зээлийн төлбөрийг шаардах эрх бүхий этгээд нь үүрэг гүйцэтгэгчид хандан үүргээ гүйцэтгэхийг шаардсан нэхэмжлэлийг холбогдох хөнгөн хэргийн шүүхийн шүүгчийн туслахад гаргах бөгөөд шүүгчийн туслах нь уг нэхэмжлэлийг үүрэг гүйцэтгэгчид гардуулах захирамж гаргах бөгөөд хэрэв үүрэг гүйцэтгэгч шаардлагад эс маргавал шүүгчийн туслахын гардуулсан захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжтой болно. Маргасан тохиолдолд хэрэг ердийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шийдвэрлэгдэнэ. Энэхүү хялбаршуулсан ажиллагаанд цахимаар хүсэлт гаргаж, тус ажиллагааны явцад цахимаар хяналт тавих боломжтой болсон бөгөөд практикт өргөнөөр ашиглагддаг байна.

[11] Токиогийн Өмгөөлөгчдийн холбооноос гаргадаг сэтгүүл болох “Libra” 2020 оны 1, 2 дугаар сарын дугаар, 7-р тал.

[12] e-Filing, e-Court, e-Case Management

[13] Мөн тэнд.

[14] Мөн тэнд, 8-р тал.

[16] Токиогийн Өмгөөлөгчдийн холбооноос гаргадаг сэтгүүл болох “Libra” 2020 оны 1, 2 дугаар сарын дугаар, 10-р тал.

[17] АНУ-ын холбооны шүүхэд өмгөөлөгч бичмэл баримт болон бусад нотлох баримтыг цахим хэлбэрээр шүүхэд гаргахыг өмгөөлөгч нарт үүрэг болгосон байдаг. Мөн Сингапур улсад e-Filing, e-Case Management-н хэрэгжилтийг хангах асуудлыг чухалчилж, бүх хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бүхий л баримтуудыг цахим хэлбэрээр шүүхэд гаргахыг үүрэг болгосон.

[18] Токиогийн Өмгөөлөгчдийн холбооноос гаргадаг сэтгүүл болох “Libra” 2020 оны 1, 2 дугаар сарын дугаар, 11-р тал.

[19] Мөн тэнд, 12-р тал.

[20] Япон Улсын Өмгөөлөгчдийн холбоо “Иргэний хэргийн шүүхийн шүүн таслах ажиллагааг цахимжуулсанаар зохигчдод үзүүлэх шаардлагатай туслалцааны талаарх бодлогын чиг баримжаа”, 2019 оноос дэлгэрүүлэн үзнэ үү.

[21] https://eng.scourt.go.kr/eng/judiciary/eCourt/eTrials.jsp Солонгос Улсын Дээд шүүхийн вебсайтаас дэлгэрүүлэн үзнэ үү.

[22] https://eng.scourt.go.kr/eng/judiciary/eCourt/eTrials.jsp Солонгос Улсын Дээд шүүхийн вебсайтаас авав.

[23] https://eng.scourt.go.kr/eng/judiciary/eCourt/eTrials.jsp Солонгос Улсын Дээд шүүхийн вебсайтаас дэлгэрүүлэн үзнэ үү.

[24] https://eng.scourt.go.kr/eng/judiciary/eCourt/eTrials.jsp Солонгос Улсын Дээд шүүхийн вебсайтаас авав.

[25] https://eng.scourt.go.kr/eng/judiciary/eCourt/eTrials.jsp Солонгос Улсын Дээд шүүхийн вебсайтаас авав.

[26] Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим баримтыг ашиглах тухай хууль, 2014.12.01

[27] Мөн хуулийн 1-р зүйл.

[28] Мөн хуулийн 3-р зүйл.

[29] Мөн хуулийн 4-р зүйл.

[30] Мөн хуулийн 6-р зүйл.

[31] Мөн хуулийн 6.3.

[32] Мөн хуулийн 7.1

[33] Мөн хуулийн 7.2

[34] Мөн хуулийн 8-р зүйл.

[35] Мөн хуулийн 9-р зүйл.

[36] Мөн хуулийн 9.2

[37] Мөн хуулийн 10.1

[38] Мөн хуулийн 10.2

[39] Сингапур улсын дээд шүүхийн албан ёсны цахим хуудаснаас мэдээллийг бэлтгэв.

 https://www.supremecourt.gov.sg/

[40] Зүүн Карибын тэнгисийн улсын дээд шүүхийн албан ёсны цахим хуудаснаас мэдээллийг бэлтгэв.

https://www.eccourts.org/

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн