Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй Шүүгчийн ёс зүйн нийслэл дэх сургалт 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 07-ны өдрүүдэд нийт таван ээлжээр (I ээлж 11 дүгээр сарын 01, II ээлж 11 дүгээр сарын 02, III ээлж 11 дүгээр сарын 05, IV ээлж 11 дүгээр сарын 06, V ээлж 11 дүгээр сарын 07) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 209 шүүгч оролцож, шүүгчийн ёс зүйн суурь мэдлэгээ гүнзгийрүүлж, ёс зүйг сахих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүгчийн ёс зүйн олон улсын зарчим, стандартын талаарх мэдлэгээ дээшлүүллээ. Мөн сургалтын зарим агуулга нь шүүгчийн хувь хүний хөгжил, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арга зүйг сайжруулахад чиглэсэн юм.
Сургалт нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 38 дугаар тушаалаар баталсан хөтөлбөр, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу орон нутаг, нийслэлийн нийт шүүгчдийг хамруулан зохион байгууллаа. Мөн сургалтын хүрээнд ёс зүйн сургагч багш нарын бүрэлдэхүүнийг бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар сургалтын гарын авлагыг бэлтгэж хэвлүүлжээ.
Сургалтын төгсгөлд ШЕЗ, МХХ, УЕПГ, Азийн сангийн захиалгаар хийгдсэн \"Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа”-г танилцуулж, \"Шүүгчийн ёс зүйн сургалт”-д зориулан гаргасан сургалтын гарын авлага, \"Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим, түүний тайлбар” номыг сургалтад оролцогчдод гардуулан өгсөн юм.
Ийнхүү шүүгчийн ёс зүйн сургалт орон нутгийн 9 бүс, нийслэлийн 5 ээлжээр нийт 484 шүүгчийг оролцуулан зохион байгуулагдаж дууслаа.
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн