Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн сантай хамтран анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдэд зориулсан \"Шүүгчийн ёс зүйн сургалт”-ыг 2018 оны 10 дугаар сарын 22-оос 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд орон нутагт 9 бүсэд, нийслэлд 5 ээлжээр (I ээлж 11 дүгээр сарын 01, II ээлж 11 дүгээр сарын 02, III ээлж 11 дүгээр сарын 05, IV ээлж 11 дүгээр сарын 06, V ээлж 11 дүгээр сарын 07) зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, шүүгчийн ёс зүйг сахих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэхэд чиглэх юм.

Шүүгчийн ёс зүйн сургалт эхэллээ

     Өнөөдөр (2018.10.22) Баян-Өлгий, Дархан-Уул аймаг дахь I, II бүсийн сургалт эхэллээ.

 

     I бүсийн сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал (LL.D) Ц.Мандах, II бүсийн сургалтыг тус хүрээлэнгийн Шүүхийн мэдээлэл хариуцсан ахлах референт (LL.M) С.Билгүүн нар нээж, \"Шүүгчийн ёс зүйн сургалт”-ын зорилго, онцлог, ач холбогдлын талаарх мэдээллийг өгсөн юм.

Шүүгчийн ёс зүйн сургалт эхэллээ

     Сургалтыг бэлтгэгдсэн шүүгчийн ёс зүйн сургагч багш нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 38 дугаар тушаалаар батлагдсан хөтөлбөр, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу удирдан явууллаа.

Шүүгчийн ёс зүйн сургалт эхэллээ

 

     Сургалтын төгсгөлд ШЕЗ, МХХ, УЕПГ, Азийн сангийн захиалгаар хийгдсэн\"Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа”-г танилцуулж, \"Шүүгчийн ёс зүйн сургалт”-д зориулан гаргасан сургалтын гарын авлага, \"Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим, түүний тайлбар” номыг сургалтад оролцогчдод гардуулан өгсөн юм.

Шүүгчийн ёс зүйн сургалт эхэллээ

 

     Тус сургалтын гарын авлагыг шүүгчийн ёс зүйн сургагч багш нар боловсруулсан бөгөөд сургалтын гарын авлага, \"Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим, түүний тайлбар” ном нь Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр \"Азийн сан”-гаас хэрэгжүүлж буй \"Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хэвлэгдэн гарч байгаа болно.

Шүүгчийн ёс зүйн сургалт эхэллээ

     Сургалтад анхан болон давж заалдах шатны нийт 484 шүүгч Улаанбаатар хотод болон орон нутагт бүсчилсэн хэлбэрээр хамрагдаж байгаа бөгөөд энэхүү сургалт нь хуульчийн 2 багц цагийг тооцох, заавал судлах сургалт юм.

 

     Маргааш (2018.10.23) Ховд, Дорнод аймаг дахь III, IV бүсийн сургалт эхлэх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 24-нд Орхон аймаг дахь V бүсийн сургалт, 29-нд Өвөрхангай аймаг дахь VI бүсийн сургалт, 26-нд Дорноговь аймаг дахь VII бүсийн сургалт, 30-нд Өмнөговь, Завхан аймаг дахь VIII, IX бүсийн сургалт болно. Нийслэл дэх \"Шүүгчийн ёс зүйн сургалт” 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлнэ.

 

 

  

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН