Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Амартүвшин, Ч.Баянжаргал, М.Мөнхдаваа нараар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймаг дахь шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтай уулзлаа.

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож шүүхийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, зарим шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх талаар санал хэлэв.
Тус ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, Хүний нөөцийн асуудал хариуцсан референт Э.Номин, Хэргийн хөдөлгөөн, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Соёлмаа нар ажиллаж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, хүний нөөцийн нөхцөл байдал, эрүү, иргэний хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр хяналт хийж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн бие даасан, хэвийн үйл ажиллагааг хангах, материаллаг бааз, техник хэрэгслийг сайжруулах замаар шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Дундговь аймаг дахь шүүхэд суудлын автомашиныг хүлээлгэн өгөв.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ