Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн академи хамтран Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн шүүгч, Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны уялдааг хангах, шүүн таслах ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх арга зүйг тодорхойлох юм.
Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Н.Баярмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн нар илтгэгч, чиглүүлэгчээр оролцож, иргэний хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр олон жил ажилласан туршлагатай шүүгчид мэргэжлийн туршлагаасаа хуваалцлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах шүүгчдийг сонгон шалгаруулахын зэрэгцээ шүүгчийн шүүн таслах ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэж, мэргэшүүлэх сургалтад хамруулсан. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр тэдний ажил үүргийн уялдаа, практикт тулгамдаж болох асуудал, шүүхийн шийдвэр гаргалтад үзүүлэх мэргэжлийн дэмжлэгийн хүрээг бодит нөхцөлд тулгуурлан хэлэлцэв.

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн онцлог нь хууль зүйн маргааныг шийдвэрлэхдээ тухайн гэр бүл, хүүхдийн бодит нөхцөл байдлыг үндэслэж сэтгэл зүйн болон нийгмийн орчныг цогцоор нь үнэлэхэд оршино. Иймд шүүгчийн хараат бус, мэргэжлийн шийдвэр гаргалтыг хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний судалгаа, тайлантай уялдуулж тус шүүхийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг тодорхойлох чухал хүчин зүйл юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ