Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн бүрэлдэхүүнтэй 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уулзаж, тус зөвлөлийн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо.

 

 

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар томилогдсон судлаач, хууль зүйн ухааны доктор Т.Наранцогтод баяр хүргэж, хариуцсан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг захиж, амжилт хүслээ.

 

 

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал эвлэрүүлэн зуучлалын бодлого, үйл ажиллагааны ач холбогдлыг онцолж, “Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гол чиг үүрэг нь шүүхийн бус аргаар маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу зохион байгуулах, маргааны талуудад өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, уг ажиллагааг шуурхай, зардал багатай явуулах бодлогыг хэрэгжүүлэхэд оршино. Эвлэрүүлэн зуучлалын үндсэн ач холбогдол нь маргалдагч талуудын харилцааг бүрэн тасалдуулах бус, харин байгууллага хоорондын хамтын ажиллагаа, гэр бүлийн хосуудын цаашдын харилцааг хадгалан хамгаалж, харилцан ойлголцол, зөвшилцөлд хүрэх боломжийг бүрдүүлэхэд оршдог” хэмээн тэмдэглэлээ.

Түүнчлэн эвлэрүүлэн зуучлагчдын дунд явуулсан судалгааны үр дүнд үндэслэн тэдний ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, сэтгэл зүйн чиглэлийн сургалтад хамруулах, талуудын зан төлөвийг танин мэдэх, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, цахим уулзалт зохион байгуулах болон технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо.

 

 

Үүний дараа шүүгч Т.Болормаа Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүнг танилцууллаа.

Тус зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам” (2023), “Эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, бэлтгэх, давтан сургах, санал болгох журам”-ыг боловсруулж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах санал, судалгааг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ. Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд эвлэрүүлэн зуучлагчийн шинээр бий болсон 6 орон тоо болон 11 сул орон тоог бүрэн нөхөж, боловсон хүчний тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажилласан байна.

Мөн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), “Твиннинг” төсөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо, их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эвлэрүүлэн зуучлалын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулжээ. Тухайлбал, эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудыг анх удаа сургалтад хамруулж, 30 сургагч багш бэлтгэхийн зэрэгцээ арилжааны эвлэрүүлэн зуучлалын 60 гаруй мэргэжилтэн, 100 гаруй эвлэрүүлэн зуучлагчийг хамруулсан цахим сургалтыг зохион байгуулсан байна. Түүнчлэн нийслэлийн есөн дүүрэг болон зургаан аймгийн шүүхийн байранд ажиллаж, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцан, судалгаа, үнэлгээнд үндэслэсэн зөвлөмж боловсруулж, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр ажиллажээ.

Ингэснээр 2025 онд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын амжилтын хувь 62.9 хувьд хүрч, 8990 маргааныг эвлэрлээр амжилттай шийдвэрлэснээр иргэдийн маргааныг шүүхийн бус аргаар шуурхай, зардал багатай шийдвэрлэхэд бодит үр дүн үзүүлсэн байна.

 

 

Цаашид эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, орчин үеийн технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлэх замаар иргэд, байгууллагын маргааныг шуурхай, зардал багатай, харилцан зөвшилцөх зарчмаар шийдвэрлэх боломжийг өргөжүүлэхэд анхаарах шаардлагатайг уулзалтаар онцоллоо.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ