Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Л.Өлзийжаргал, Х.Эрдэм-Ундрах нар Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газартай хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн захирал Олег Шаков, шүүхийн захиргааны мэргэжилтэн Брюс Престон нарыг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, чадавхыг бэхжүүлэх, сургалт, мэргэжлийн хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлаар санал солилцов.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа уулзалтын эхэнд “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах үндсэн чиг үүргийн хүрээнд, ялангуяа шүүгчдэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг олон жилийн турш үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Харин шүүхийг шинэ шатанд гаргах цахим шилжилтийн бодлогын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Шүүхийн хүний нөөцийг хөгжүүлэх, шүүхийн захиргааны үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.

 

Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, төслийн хариуцагч Л.Өлзийжаргал Шүүхийн ерөнхий зөвлөлийн стратегийн тэргүүлэх чиглэл, бодлогын зорилт болон шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнуудын тогтолцоонд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах шүүхийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж буй туршлага, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.

 

 

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн захирал Олег Шаков шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт, мэргэжлийн хөгжлийн тогтолцоог сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг тогтмолжуулах, шүүхийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тулгуурлан практик чиглэлийн хамтын ажиллагааг тодорхойлж, хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

 

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт, мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээг хийх юм.

 

Энэхүү үнэлгээ нь шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт, мэргэжлийн хөгжлийн бодлогыг бодит хэрэгцээ, нотолгоонд тулгуурлан төлөвлөх, сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, цаашдын хамтын ажиллагааг зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх суурь болно. Үнэлгээний үр дүнд үндэслэн EJAM төслийн дэмжлэгтэйгээр шүүхийн захиргааны ажилтнуудад чиглэсэн сургалт, мэргэжлийн хөгжил болон институцийн чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг нэгдсэн бодлого, уялдаатай боловсруулахаар зорьж байна.

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн суурин удирдагч С.Билгүүн, төслийн зөвлөх Д.Зүмбэрэллхам, Канад-Монголын “МЕРИТ” төслийн төлөөлөгч нар оролцлоо.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ