Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр болон шүүхүүдийн Тамгын газрын дарга нар оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлэхэд мэргэшсэн шүүхийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо чухал. Шүүхийн захиргааны байгууллага нь шүүхийг зөвхөн хүний нөөцөөр хангах бус, шүүхийн хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлж, үйл ажиллагааны үр нөлөө, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ. Мөн “Шүүхийн захиргааны байгууллагын менежментийг боловсронгуй болгох нь” сэдвээр илтгэл тавьж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар шүүхүүдийн Тамгын газрын дарга нарт чиглэл өглөө.
Зөвлөгөөнөөр орчин цагийн шүүх байгуулагдсан түүхэн үйл явц, шүүхийн захиргааны байгууллагын бие даасан үйл ажиллагаа, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад Тамгын газрын дарга нарын үүрэг, оролцоо, манлайлал зэрэг асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг Монгол Улсын шүүхийн түүхэн товчоог танилцуулж, шүүхийн байгууллагын хөгжлийн онцлох үе шат, үйл явдлуудын талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар хурлаар болон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм” батлагдаж, 5 аймаг, 3 хот, 71 хошуунд шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн байна.
Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаар зарлигаар БНМАУ-ын Дээд шүүхийн Тэргүүлэгчдийг байгуулж, улсын бүх шүүхийн зохион байгуулалтын ажлыг удирдах чиг үүргийг хариуцуулсан нь Монгол Улсад шүүхийн захиргааны чиг үүргийг хөгжүүлэх түүхэн чухал үе шат болсон талаар онцлов.



Зөвлөгөөний үеэр Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Монгол Улсын дээд шүүхийн түүхэн товчоон”, Шүүхийн тусгай архивын дарга Ш.Отгонцэцэг “Орчин цагийн шүүхийн түүхэнд холбогдох архивын баримтын тойм”, Шүүхийн тусгай архивын Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Эрдэнэбат “Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж “Шүүхийн цахимжилт, Тамгын газрын үүрэг оролцоо” сэдвээр мэдээлэл өгч, шүүхийн “Цахим шүүх 2.0” цөм системийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилтын талаар танилцууллаа. Тэрээр шүүхийн цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд шүүхүүдийн Тамгын газрын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.

Зөвлөгөөний төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал “Мэдээллийн ил тод байдлыг хангахад анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдэд хүрэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд шүүхийн Тамгын газрын дарга нарын манлайлал, санаачилга, хариуцлага онцгой ач холбогдолтой болохыг тодотголоо.



МЭДЭЭЛЛИЙН ТӨВ