Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ийг бэлтгэх, суурь чадамж олгох анхан шатны сургалт 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эхэллээ.

 

Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки болон холбогдох шүүхийн төлөөллүүд оролцлоо.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоонд анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж, тус шүүхэд хүүхэд, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллах шинэ тогтолцоо бүрдэж байна. Та бүхний ажил нь гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэрэг, маргааны цаад шалтгаан, нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд судалж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.

 

 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт: Өнөөдрийн үйл ажиллагаа нь шинэ шүүхийн хүний нөөцийн бэлтгэл төдий бус, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах шинэ мэргэжлийн соёлыг бий болгох эхлэл. Ирээдүйд бидний бүтээх шударга ёсны тогтолцоонд гэр бүл, хүүхэд, өсвөр насны хүүхэд бүр “эдгэрэх”-ийг зорих ёстой. Бидний зорилго бол гэр бүл, хүүхдийн шүүх дахин ирэх шат дамжлага биш, харин гэр бүл, өсвөр насны хүүхдийн амьдрал, хувь заяаг шинэ, илүү дээр чиг шугамд оруулах явдал юм. Үүнд та бүгдийн мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, хүнлэг байдал онцгой үүрэгтэй.

 


 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулахад хамтран ажилласан нийт хүмүүст талархал илэрхийлье. Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хуульд тусгаж, практикт бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Цаашид гэр бүлийн харилцааг эрүүл, тогтвортой хадгалах нь хуулийн гол зорилго, мөн чанар оршино.

 

 

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд: Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран урт хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүн бодитоор хэрэгжиж эхэлж байна. Шинээр байгуулагдах Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэж буй энэхүү сургалт нь шүүхийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хүүхдийн хэрэгцээ, эрхэд нийцүүлэн хүргэхэд чиглэсэн чухал алхам юм.

 

Сургалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн,  Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Х.Эрдэм-Ундрах “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ба түүний эрх зүйн орчин” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Хууль зүйн ухааны магистр О.Жанчивнямбуу “Эрүүгийн хууль дахь өсвөр насны хүнд холбоотой онцлог зохицуулалт” сэдвээр илтгэл тавив. Мөн Японы Хууль зүйн яамны Судалгаа, сургалтын хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Ваказоно Рэй “Японы гэр бүлийн шүүхийн ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдвээр илтгэл тавьсан юм.

 

 

Энэхүү сургалт нь 14 хоног үргэлжлэх бөгөөд Монгол Улсын шүүхийн тогтолцоонд хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд судалж, шүүх, шүүгчийн шийдвэр гаргах үйл явцыг мэргэшсэн дэмжлэгээр хангах шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чухал алхам болж байна.

“Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн” нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судлах, шаардлагатай тохиолдолд хүүхэдтэй ганцаарчилсан болон хамтарсан ярилцлага хийх, нөхцөл байдлын шинжилгээ хийх, судалгааны үр дүнд үндэслэн тайлан боловсруулах чиг үүрэгтэй ажиллана.

Түүнчлэн хүүхэд, өсвөр насны хүн холбогдсон эрүүгийн хэрэгт тухайн хүүхдийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг судалж, шүүхэд шаардлагатай мэргэжлийн мэдээлэл, дүгнэлтээр хангах юм.

 

 

Ингэснээр шүүх гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн хууль зүйн асуудлыг авч үзэхээс гадна хүүхдийн бодит нөхцөл байдал, хэрэгцээ, эрх, ашиг сонирхлыг бүрэн харгалзан үзэх боломж бүрдэнэ. Түүнчлэн хүүхдийн дээд эрх ашгийг бодитоор хамгаалах, гэр бүлийн маргааныг зөв шийдвэрлэх, шүүхийн мэргэшсэн үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал шинэчлэл болж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ийг бэлтгэхдээ мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хүүхэдтэй ажиллах арга зүй, хүний эрхэд суурилсан хандлага зэрэг шаардлагатай чадамжийг эзэмшүүлэхэд онцгой анхаарч байна.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ