Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос зохион байгуулсан “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулъя” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг Монгол Улсын шүүхийн 2027 оны төсвийн төсөл болон шүүхийн эдийн засгийн баталгааг хангахад тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг хэлэлцүүлгийн үеэр шүүхийн төсөв нь ердийн нэг төрийн байгууллагын үйл ажиллагааны зардал бус, Монгол Улсын иргэн бүрийн Үндсэн хуулиар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх, зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө сэргээлгэх суурь эрхийг хангахад чиглэгдсэн шууд баталгаа болохыг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүх 2019 онд 84 мянган хэрэг, маргааныг шийдвэрлэж байсан бол 2025 онд энэ тоо 175 мянгад хүрч, шүүхийн ажлын ачаалал 108.8 хувиар буюу 2 дахин өссөн байна.
Өөрөөр хэлбэл, шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээ, шүүхийн ачаалал эрс нэмэгдсэн энэ үед шүүхийн төсөв, хүний нөөц, дэд бүтэц, цахимжилтын хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээнд нийцүүлэн шийдвэрлэх шаардлага улам нэмэгдэж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа анхан болон давж заалдах шатны шүүхийн төсвийг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүргүүлсэн 646.5 тэрбум төгрөгийн төсвийн саналыг бүхэлд нь дэмжсэн юм. Гэвч Засгийн газраас уг саналыг 312.6 тэрбум төгрөгөөр буюу 48.4 хувиар бууруулж, 333.9 тэрбум төгрөг байхаар 2027 оны төсвийн төсөлд тусгаад байна.
Шүүхийн хөгжлийн үндэс болсон хөрөнгө оруулалтын зардлыг 248 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн ч 33.1 тэрбум төгрөг болж буурсан нь шинээр баригдах шүүхийн барилга, хуучин барилгын засвар, шинэ барилгын техник, эдийн засгийн үндэслэлийн зардлуудад шууд нөлөөлж 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн шүүхийн барилгын ажлууд зогсох, хойшлох эрсдэл үүсээд байна. Өнөөдрийн байдлаар найман шүүх түрээсийн болон шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ нь шүүхийн албан хаагчид төдийгүй шүүхийн үйлчилгээ авч буй иргэдэд ч хүндрэл учруулж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн байр, дэд бүтэц, цахимжилтад оруулж буй хөрөнгө оруулалт нь байгууллагын тав тухыг хангах тухай асуудал бус, иргэн шүүхэд хандах, эрхээ хамгаалуулах бодит нөхцөлийг бүрдүүлэх тухай асуудал гэдгийг онцолж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүхийн үйл ажиллагааг явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8.1-д Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хянуулахаар хүргүүлэх, 46.8.3-т Засгийн газар шүүхийн төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус хуульчилсан.
Түүнчлэн “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д шүүхийн төсвийн хэмжээг Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын 2 хувиас доошгүй байхаар үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Гэвч бодит байдалд шүүхийн төсөв нэгдсэн төсвийн зарлагад эзлэх хувийн жингээрээ буурсаар байгаа бөгөөд 2026 онд 1.37 хувь байсан бол 2027 онд 1.17 хувь болж буурахаар байна.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хянагдсан шүүхийн төсвийн төслийг Засгийн газар бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж, холбогдох дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тухай Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46.8.3 дахь заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн шүүхийн эдийн засгийн баталгааг урт хугацаанд тогтвортой хангахын тулд шүүхийн төсвийг Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын 2 хувиас доошгүй байхаар хуульчлах шаардлагатай гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.

Үүний зэрэгцээ төсөв боловсруулах үйл явцыг хүний эрхэд суурилсан зарчимд нийцүүлэх хүрээнд төрийн байгууллагын төсөв боловсруулахад хүний эрх, хүүхдийн эрхэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх, төсвийн төслийн маягтад хүний эрхийн шалгуур үзүүлэлт, үр дүнгийн хэсгийг тусгах, төсвийн гүйцэтгэлийг үнэлэхдээ зөвхөн санхүүгийн үзүүлэлт бус иргэдэд хүрсэн үйлчилгээ, хүний эрхийн бодит үр дүнг харгалздаг болох шаардлагатай байна.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ