Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа олон улсын стандартад нийцсэн шүүхийн зориулалттай цогцолбор барилгын ажлыг 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эхлүүлж, Архангай аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр ашиглалтад орууллаа.

 

 

Шүүхийн цогцолбор барилгын нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, П.Мөнхтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр болон тус аймгийн шүүхэд ажиллаж байсан үе үеийн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, хуулийн салбарын төлөөллүүд оролцлоо.

 

 

Нээлтийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Зуун жилийн өмнө Арын сайхан хангай нутагт шударга шүүхийн шанг татаж байсан бол өнөөдөр түүхт ойн босгон дээр Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа олон улсын стандартад нийцсэн, шүүхийн зориулалттай цогцолбор барилгын үүд хаалгыг нээж байна. Өнөөдөр бид шүүхийн ирэх зуун жилийн хөгжлийн шинэ хуудсыг нээлээ.

Шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд зөвхөн хууль эрх зүйн баталгаа хангалттай биш бөгөөд шүүгч хараат бусаар ажиллах орчин, шүүхийн захиргаа мэргэжлийн түвшинд ажиллах нөхцөл, иргэн шүүхийн үйлчилгээг хүндрэлгүй авах дэд бүтэц мөн адил чухал” хэмээн онцлов.

 

 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Шүүхийн барилга нь зөвхөн төрийн захиргааны албан тасалгаа биш, харин иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, айж эмээх зүйлгүйгээр шударга ёсыг нэхэмжлэх үндсэн эрхийг баталгаажуулах орон зай байх ёстой” хэмээв.

 

 

Шүүхийн шинэ цогцолбор барилга нь 4 давхар, нийт 3175 м.кв талбайтай,  5 шүүх хурлын танхим, 14 шүүгчийн өрөө, 14 шүүгчийн туслахын өрөө, шүүхийн Тамгын газрын ажилчдын 9 өрөө, 2 сургалтын танхим, эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, хүүхдийн өрөө, гэрч тусгаарлах, түр саатуулах, хэргийн материалтай танилцах өрөө зэрэг бүхий л зүйлийг олон улсын стандартын дагуу шийдсэнээрээ онцлогтой.

 

 

Шинэ барилгын нэг онцлог нь шүүхийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах архитектурын шийдэл юм. Гэрч, хохирогчдыг шүүгдэгч болон бусад оролцогчдоос тусдаа хаалгаар оруулах байдлаар барилгыг төлөвлөсөн байна. Мөн гэрч тусгаарлах болон түр саатуулах тусгай өрөөтэй болсноор хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг сэтгэл зүйн дарамтаас хамгаалах нөхцөл бүрдэж байна.

Хүүхэд оролцсон маргаан, хэргийг шийдвэрлэх явцад ашиглах зориулалттай хүүхдийн өрөөг мөн олон улсын стандартад нийцүүлэн тохижуулжээ. Ингэснээр хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, тав тухтай орчинд мэдүүлэг авах, уулзах боломж бүрдэж байна. Иргэдийн маргааныг эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэхэд зориулсан тусгай хурлын өрөөтэй болсон нь цогцолборын бас нэг онцлог юм. Мөн сургалтын хоёр танхимтай болсноор сургалт зохион байгуулах зориулалтын орчин бүрджээ.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ