Монгол Улсын дээд шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал эрүү, иргэн, захиргааны эрх зүйн процессын чиглэл гэсэн үндсэн гурван хуралдааны хүрээнд явагдаж тухайн салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн асуудлыг хэлэлцлээ.
Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар нар оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Шүүх эрх мэдлийн салбарын эрх зүйн хөгжил, сургамж” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, шүүхийн захиргааны байгууллага шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад хэрэгжүүлж буй бодлогын талаар байр сууриа хуваалцлаа. Ялангуяа шүүхийн өдөр тутмын ачааллыг бууруулах, хэвийн үйл ажиллагааг хангахад хүний нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж буйг онцлов.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн хуралдааны эхний илтгэлийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болон хэргийн оролцогчийн эрхийн баталгаа” сэдвийн хүрээнд хэлэлцүүлж, санал, дүгнэлтээ танилцуулав. Тэрбээр өмгөөлөх болон яллах талын тэнцвэртэй байдлыг хангахын тулд “хавтаст хэргийн нээлттэй байдал” (transparency of the case file or dossier), өмгөөлөх талын нотолгооны идэвхтэй оролцоог дэмжих, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг талуудын мэтгэлцээнд төвлөрсөн байдлаар дахин боловсронгуй болгох хэрэгтэйг дурдлаа. Түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрхэн ямар хүрээ хязгаарт, ямар арга хэрэгслээр мэтгэлцэх зарчмыг илүү бэхжүүлж, талуудын тэнцвэртэй байдлыг хангах боломжтой вэ гэдэгт анхаарал хандуулах нь зүйтэй болохыг онцлов.

Удаах илтгэлийг Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай илтгэгч профессор Маргарет Саттертвэйт ”Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлсэн бол гурав дахь илтгэлийг Шүүхийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг ”Шүүх эрх мэдлийн салбар дахь олон улсын түншлэл, өнөө ба ирээдүй” сэдвээр тус, тус хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр ахмад шүүгчид эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, өнгөрсөнд бүтээсэн ололт, амжилт болоод өнөөдрийн хууль, эрх зүйн орчин, ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо хуваалцлаа.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, шүүгчид, хуулийн салбарын төлөөллүүдээс гадна АНУ, Япон, БНСУ, Франц, ХБНГУ, Нидерланд зэрэг улсын шүүх, хуулийн салбарын зочид, төлөөлөгчид оролцлоо.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ