Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, чиг үүрэг, холбогдох эрх зүйн зохицуулалтыг тусгайлан зохицуулсан.

 

Хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг судлах чиг үүрэг бүхий мэргэжилтнийг сонгон шалгаруулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрахаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

 

 

Ажлын хэсгээс Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх болон холбогдох бусад шүүхэд ажиллах “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ий сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, нийт 95 иргэн хүсэлт, баримт материалаа ирүүлсэн. Баримт материалыг нягтлан шалгаж, 57 иргэнтэй 2026 оны 09 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд биечлэн болон цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа.

 

Үүнээс шаардлага хангасан иргэдийг 2026 оны 10 дугаар сарын 07-23-ны өдрүүдэд хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний суурь чадамж олгох сургалтад хамруулах юм. Сургалтад хамрагдсан иргэдээс цаашид гэр бүл, хүүхдийн хэргийн мэргэжилтнээр ажиллах мэдлэг ур чадвартай эсэхийг дүгнэснээр сонгон шалгаруулах ажиллагаа дуусна.

 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн мэргэжилтнүүдийг 2026 оны 11 дүгээр сарын 02-06-ны өдрүүдэд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн хүрээнд нөхцөл байдлыг шинжлэн судлах, тайлан боловсруулах арга зүйн сургалтад хамруулах юм.

 

 

Ингэснээр хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнүүдийн мэргэшил, чадамжийг дээшлүүлж, хүүхдийн ашиг сонирхлыг бодитоор хамгаалах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн гэр бүлийн маргааны үед хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн болон нийгмийн хамгааллын дэмжлэгийг үзүүлэх, хүүхэд, өсвөр насны хүн холбогдсон эрүүгийн хэрэгт нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөлийг судлах чиглэлээр ажиллана.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ