Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны ахлагч Л.Өлзийжаргал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт нар 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нийслэл дэх шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч нартай уулзаж, Монгол Улсын шүүхийн практикт анх удаа “Шүүгч-хэвлэлийн төлөөлөгч” (Press Judge) ажиллуулах эрхзүйн үндэс, үүрэг хариуцлага, хэвлэл мэдээлэлтэй харилцах “Caseline” цахим талбар, Шүүхийн сувгийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

 

 

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, шүүн таслах ажиллагааны мэдээллийг  баталгаатай эх сурвалжаас  шуурхай хүргэх зорилгоор Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран “Caseline” цахим талбарыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт “Ерөнхий шүүгч тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх, 22 дугаар зүйлийн 22.10 дахь хэсэгт “Олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ” гэж тус тус заасан нь энэхүү ажлыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болж байна.

 

Мөн шүүхийн шийдвэр бүрийн ард хэргийг шийдсэн шүүгч гаргасан шийдвэртээ эргэлзээгүй бат зогсож байдаг тул хийсэн ажил, гаргасан шийдвэрээ олон нийтэд хүргэж тайлбарлах нь зүйн хэрэг гэдгийг онцоллоо.

 

Шүүгч-хэвлэлийн төлөөлөгч буюу шүүхүүдийн Ерөнхий шүүгч нь шүүн таслах ажиллагааны нарийн төвөгтэй үйл явц, шүүхийн шийдвэрийн агуулга, үндэслэлийг иргэдэд ойлгомжтой, энгийнээр тайлбарлан мэдээлэхийн зэрэгцээ олны анхаарал татсан хэргийн талаар таамаглал, ташаа мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэх, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуултад мэргэжлийн тайлбар өгөх юм.

 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий шүүгч нар шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлэхтэй холбоотой санал, анхаарах асуудлуудаар ярилцаж дотоод дүрэм журмыг цэгцлэх, давхардлыг арилгах ойлгомжтой тодорхой болгохоор санал солилцлоо.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ