Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль, эрх зүйн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, оюутан залуусын онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай холбох зорилгоор хэрэгжүүлж буй “Шүүхэд оюутан дадлагажуулах журам”-ийн хүрээнд Их засаг их сургуулийн Хуулийн сургуулийн оюутнуудад зориулсан нэгдсэн уулзалт, танилцуулгыг 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Хууль, ёс зүйг эрхэмлэгч, мэдлэг боловсролтой, чин хүсэл эрмэлзэлтэй залуусын өмнө шүүхийн байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” хэмээн онцоллоо. Түүнчлэн оюутан залууст хандан мэргэжлийн өндөр ёс зүйтэй, чадварлаг хуульч болохын төлөө хичээж ажиллахыг захилаа.

 

 

Энэхүү уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан шүүхийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны онцлог, төгсөгчдөд тавигдах шаардлага болон ажлын байрны сонгон шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Мөн Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Э.Батцэнгэл “Шүүхэд оюутан дадлагажуулах журам”-ыг танилцуулж, дадлага хийх явцдаа хууль тогтоомж, мэдээллийн нууцыг чанд сахин, хариуцлагатай хандахыг сануулав.

 

 

Уулзалтын төгсгөлд оюутнууд өөрсдийн оршин суугаа байршил болон мэргэших хүсэл сонирхлоо харгалзан холбогдох шүүхийн байгууллагад дадлага хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, санал солилцлоо.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ