Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Доржсүрэнгийн Мөнхзориг томилогдож, 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Доржсүрэнгийн Мөнхзоригт баяр хүргэж, хэлсэн үгэндээ шүүх эрх мэдлийн салбараа мэддэг, төрийн албанд мерит зарчмаар ажилласан, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч гэдгийг онцлон хэллээ.

Д.Мөнхзориг нь эрх зүйч, хууль зүйн ухааны магистр, компьютерын техник хангамжийн инженер мэргэжилтэй бөгөөд төрийн албанд 20 жил тасралтгүй ажилласан туршлагатай, нэр хүндтэй төрийн албан хаагч юм.

Түүний хувьд үүрэгт ажлаа хүлээн авсны дараа иргэдэд шүүхийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд шүүхийн цахимжилтыг эрчимжүүлж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийн нэмэгдүүлэхийн тулд хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах бодлогыг шинэ шатанд гаргах, шүүхийн төсөв хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Доржсүрэнгийн Мөнхзориг нь ажлын гараагаа Улсын дээд шүүхийн Компьютерын техник хангамж хариуцсан шинжээч, референтээр эхлүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн асуудал хариуцсан референт, тасгийн дарга, хэлтсийн дарга, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.
Мөн тэрээр 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилогдон ажиллаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ