Монгол Улсын шүүхийн түүхэнд орон нутагт олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орж, 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улсын комисс ажиллаж, хүлээн авлаа.

 

 

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар 1992 оноос хойш аймгийн засаг даргын Тамгын газрын барилгын зүүн жигүүрт буюу бусад байгууллагатай хамт үйл ажиллагаа явуулж ирсэн нь иргэдэд үйлчлэхэд зай талбай давчуу, стандартын бус нөхцөлийг үүсгэдэг байв.

Шинэ цогцолбор барилгын шав тавих ёслол 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ёслол төгөлдөр болж байсан бол барилгын гүйцэтгэгч “Эсгэл” ХХК-ийн хамт олон уг барилгыг гэрээнд заасан хугацаанаас өмнө чанартайгаар барьж хүлээлгэн өглөө.

 

 

Шүүхийн шинэ цогцолбор барилга ашиглалтад орсноор шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангах нөхцөл бүрдэж, иргэд тав тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Тухайлбал хүний эрхийг дээдэлсэн хүүхдийн өрөө, гэрч тусгаарлах өрөө, түр саатуулах өрөө, хэргийн материалтай танилцах болон эд мөрийн баримт хадгалах зориулалтын өрөөтэй болсноор үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээд зэргээр хамгаалсан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

 

Мөн 5 шүүх хурлын танхим, 1 эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, номын сангийн уншлагын танхим, авто машины зогсоолыг шийдвэрлэж өгсөн нь шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн цагийг хэмнэх, хүндрэл чирэгдэлгүй үйлчлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.

 

 

Энэхүү шинэ цогцолбор барилга ашиглалтад орсноор иргэд шүүхийн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн, аюулгүй, тав тухтай орчинд авах түүхэн боломж нээгдэж байна.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ