Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу шүүх эрх мэдлийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.

 

 

 

Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, шүүхийн Тамгын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яам, салбарын төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, нээлттэй нийгэм форум, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцов.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2027 оны төсвийн төслийг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг үндэслэн шүүхийн хараат бус байдлыг хангаж, хариуцлагатай, иргэн төвтэй, шүүх тогтолцоог бүрдүүлэх, Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн дэд бүтцийг сайжруулах чиглэлүүдийг баримтлан төсвийг боловсруулсан байна.

 

 

Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөгчид шүүх хараат бус засаглалын тогтолцоогоо бэхжүүлэх, өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй шүүхүүдийн байрны асуудлыг шийдэх, шүүх хуралдааны танхимын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн шүүхийн барилгын ажлын төсвийг дэмжүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгааны асуудалд анхаарах, иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах шаардлагатайг онцлов. 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, анхан болон давж заалдах шатны 90 шүүх, 42 Тамгын газрын 2027 оны төсөв болох 646,5 тэрбум төгрөгийн төсвийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн хянаж, Улсын нэгдсэн төсөвт нэгтгүүлэхээр тогтсон болно.

 

 

 

 

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ