Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн академитай хамтран зохион байгуулсан 14 дэх удаагийн сургалт, айлчлалын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.
2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн нарыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний шүүгчдийн академийн захирал бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд шүүхийн Шүүхийн жишиг хэрэг судлалын хүрээлэнгийн захирал Ли Чэн Юй, Үндэсний шүүгчдийн академийн дэд захирал Чэнь Чунь Мэй, Үндэсний шүүгчдийн академийн дэд захирал Хү Тянь Е, Үндэсний шүүгчдийн академийн Олон улсын шүүгчдийн сургалтын хэлтсийн дарга, профессор Ван Рүй, Үндэсний шүүгчдийн академийн Цахим сургалтын хэлтсийн дэд дарга Лю Фан нар хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр хоёр улсын шүүхийн байгууллагын хамтын ажиллагаа, шүүхийн захиргааны ажилтны сургалт, мэргэшүүлэх тогтолцоо, шүүхийн цахимжилт, дижитал шилжилтийн чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Төлөөлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд шүүх болон Ардын дээд шүүхийн Дижитал лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн цахимжуулалт, хиймэл оюун ухаан, блокчэйн технологи, өгөгдөлд суурилсан шүүхийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлж буй шийдэл, туршлагыг судлав.



Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу нар Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболдтой уулзлаа.
Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, Монгол Улсын шүүхийн цахим шилжилтийн талаар товч танилцуулж, Монгол, Хятадын шүүхийн байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын шүүхийн шинэтгэл, Монгол, Хятадын шүүхийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажилласан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ц.Мандахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж гардуулан өглөө.



ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ