Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. 

     Үүний дагуу шүүгч У-аас “хариуцагчийн нөхөр гэх иргэн Б нь шүүх хуралдааны танхимын хаалгыг онгойлгон шүүгч рүү дайрч давшилсан, шүүгчийн туслах руу шүүгчдээ дамжуулж хэлээрэй гэж зүй бус үгээр заналхийлсэн, шүүхийн цахим хуудаст шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон агуулгатай сэтгэгдэл бичсэн” гэх үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт зааснаар нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжтэй эсэхийг эрх бүхий байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэж шилжүүлсэн.

            Цагдаагийн байгууллагаас Б-ын үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагаа явуулж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус ажиллагаанд холбогдох хууль, журмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан хаагч шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан төлөөлж оролцсон.

     Шүүхээс Б-д Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

     Зөрчилд холбогдогч Б нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

                                                            

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗАР