Шүүхийн ахмадын холбооноос салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санал хүсэлтийг нь сонсох, хамтын ажиллагааг нягтруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд Говьсүмбэр, Сүхбаатар аймаг дахь шүүхийн ахмад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хууль Б.Сарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг, туршлага, хөдөлмөрөө зориулсан ахмад шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад талархал илэрхийлж, шүүхийн төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явц, шүүгч болон захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Шүүхийн ахмадын холбооны салбар зөвлөлийн төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгжийн дарга нарт цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, ахмадуудын өмнө тулгамдаж буй асуудлаар дараах саналуудыг дэвшүүллээ. Үүнд: Ахмадын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, орон нутгийн шүүхүүд дэх шүүгчийн сул орон тоог шуурхай нөхөж байх, шүүхийн тамгын газрын ажлыг үнэлэх үзүүлэлтэд ахмадын холбоонд дэмжлэг үзүүлсэн байдлыг оруулах, тэтгэвэрт гарсан шүүгч нарыг шүүн таслах ажиллагаанд ашиглах асуудлыг судлах, энэ талын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах зэрэг санал, хүсэлтийг илэрхийллээ.
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ