Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежтой хамтран зохион байгуулж буй 14 дэх удаагийн сургалт, айлчлал 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод эхэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтан 25 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус сургалт, айлчлалын хөтөлбөрт хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн дэд Ерөнхийлөгч Шиүй Гуанмин, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын өндөр зэргийн шүүхийн дэд Ерөнхийлөгч, нэгдүгээр дэсийн өндөр зэргийн шүүгч Сү Лижиюн болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн үеэр хоёр улсын шүүхийн байгууллагын олон жилийн хамтын ажиллагаа, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн хамтарсан сургалт, туршлага солилцооны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Энэхүү сургалт, айлчлал нь шүүхийн тогтолцоо, шүүн таслах ажиллагааны онцлог, шүүхийн цахимжилт, дижитал шүүхийн хөгжил, орчин үеийн технологийн хэрэглээ, түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шинжлэх ухаан, технологи, соёл, хөгжлийн ололт амжилттай танилцах өргөн хүрээний хөтөлбөртэйгөөр үргэлжилж байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын өндөр зэргийн шүүхэд өнөөдөр (2026.06.10) зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж “Монголын шүүхийн цахимжилт” сэдвээр танилцуулга хийж, шүүхийн дижитал шилжилт, “Цахим шүүх 2.0” цөм систем болон хиймэл оюун ухаан, блокчэйний хэрэглээ, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар туршлага хуваалцав.

Монгол Улсын шүүхийн байгууллага нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, шинэчлэлийн ажлын хүрээнд олон улсын туршлагаас суралцахын зэрэгцээ өөрийн хэрэгжүүлж буй шийдэл, туршлагаа хуваалцах түвшинд хүрч байгаа нь энэхүү айлчлалын онцлог болж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын өндөр зэргийн шүүх болон бусад шүүхийн байгууллага, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Дээд шүүх, тус шүүхийн дэргэдэх Дижитал лабораторид зочилж, шүүхийн цахимжилт, дижитал шүүхийн бүтээн байгуулалт, цааснаас цахим руу шилжих практик ажиллагааны чиглэлээр туршлага солилцох юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ