Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн үйлчилгээнд цахим платформыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаатай холбогдуулан бүх шатны шүүхийн Тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан “Цахим шүүх 2.0” системийн бэлэн байдал, мэдээллийн аюулгүй байдал болон мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг өнөөдөр /2026.05.22/ зохион байгууллаа.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж нээж, үг хэлсэн бөгөөд тэрбээр шүүхийн цахимжилт, мэдээллийн аюулгүй байдал, иргэдэд хүргэх үйлчилгээний чанарын ард мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хариуцлагатай, нөр их хөдөлмөр байдгийг онцлов.

Мөн энэхүү сургалт нь зөвхөн техник, тохиргооны мэдлэг олгох бус ирээдүйн ухаалаг, найдвартай цахим шүүхийн дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэж буйг тэмдэглэн, шүүхийн цөм системд хиймэл оюун ухааны шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, шүүхийн шийдвэр, тогтоолыг системд байршуулахад хэргийн оролцогчдын мэдээллийг нууцлах боломж бүрдсэн талаар танилцууллаа. Ингэснээр шүүгчийн туслах болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн гар ажиллагааны ачааллыг бууруулж, шүүхийн үйл ажиллагааны шуурхай байдал, хүртээмжийг нэмэгдүүлж буйг дурдав.

Сургалтаар “Цахим шүүх 2.0” системийн админ сургалт, мэдээллийн аюулгүй байдлын чиглэл, Fortinet буюу галт ханын хамгаалалт, ERP системийн эрхийн тохиргоо, шүүхийн зөвлөгөөний тогтоолоор баталсан найруулсан журмыг системд тохируулахтай холбоотой асуудлууд зэрэг практик агуулгатай сэдвүүдийг хэлэлцэв.

Мөн цахим шилжилтийн хүрээнд шүүхийн байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц, системийн найдвартай ажиллагаа, кибер аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн эрхийн удирдлага болон дотоод системүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт, арга зүйн мэдээлэл өгөв.

Тус сургалт нь шүүхийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хэрэгжилтийг дэмжих, иргэдэд хүрэх шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, аюулгүй хүргэхэд мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн оролцоо, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм.
ЦАХИМ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ