Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг.
Үүний дагуу шүүгч Ч-ээс “шүүгдэгч У нь шүүгч болон шүүгчийн туслахад хахууль өгөхийг оролдсон” гэх үйлдэлд, мөн шүүгч Э-ээс “шүүгдэгч Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон иргэн Э нь шүүхэд хүсэлт гаргахдаа шүүгчийг илт үндэслэлгүйгээр гүтгэж, доромжилсон” гэх үйлдэлд тус тус нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт зааснаар нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлүүдийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг эрх бүхий байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэж шилжүүлсэн.
Эрх бүхий байгууллагаас У-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг, Э-ийн үйлдэлд зөрчлийн хэрэг тус тус нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус ажиллагаанд холбогдох хууль, журмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан хаагч шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан төлөөлж оролцсон.
Шүүхээс У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Э-д Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон.
ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗАР